УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван төрлийн бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх тухай төслийг хэлэлцлээ.
Тодруулбал, “Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, бүрэн ба хагас боловсруулалт хийсэн модон эд анги, бэлдэц, төрөл бүрийн модлог хавтан, модон хуулга, хуудсан материалыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх” “Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг НӨАТ-аас чөлөөлөх” “Импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай Импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн доторх шинэ автобус, троллейбусыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” агуулгатай гурван хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д оруулан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Эдгээр төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлллийг ЭНД дарж үзэх боломжтой бөгөөд байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр дараах санал, шүүмж өрнөсөн юм.
Эхэнд их багтаамжтай автобусыг импортоор оруулж ирэхэд НӨАТ-аас чөлөөлөх шаардлагын талаар ажлын хэсгийн ахлагч, Зам тээврийн сайд А.Гансүх “Нийтийн тээврийн парк шинэчлэл дахин хийх шаардлага зайлгүй байгаа. Одоогоор паркад буй автобуснуудын 50 хувь нь л ашиглагдаж байгаа. Үлдсэн нь шаардлага хангахгүй байгаа. Жилд дунджаар 90 орчим автобус замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэж хасагдаж байгаа. Өмнөх хөнгөлөлтийг ашиглаж төрийн өмчийн тээврийн компаниуд л парк шинэчлэл хийснээс биш, хувийн өмчийнх нь газрууд чадаагүй” гэв.
Ийнхүү НӨАТ-ыг чөлөөлснөөр төсвийн орлогоос тодорхой хэмжээний мөнгө хасагдах бөгөөд 100 автобусанд татварын хөнгөлөлт үзүүлэхэд 2 тэрбум төгрөг ногдож буй тооцоолол гарчээ.
Дараагаар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас боловсруулан оруулж ирсэн модон түүхий эдийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх тухай хэлэлцсэн ба төслийн талаар Д.Эрдэнэбат гишүүн “Бөөрөнхий мод, гуалин, дүнз” –ийг л чөлөөлөх ёстой. Гэтэл модон бэлдэц гэх мэт нэрийн дор баахан зүйлийг НӨАТ-аас чөлөөлөх гээд байгаа юм биш үү хэмээн шүүмжилсэн байна. Тэрээр энэхүү санаагаа хамгаалж “хэрэв бүх төрлийн модон бэлдэц оруулж ирэхэд нь татваргүй болгочихвол модоор түүхий эд бэлтгэдэг хэдэн үндэсний компаниудаа ажилгүй болгоод татаад унагачих юм биш үү. Монголчууд өөрсдөө дсп хавтангаа үйлдвэрлэж чадна, бид өөрсдөө банз зүсч чадна шүү дээ. Нэг хэсэг улсын лоббигоор Засгийн газарт санаагаа шургуулж үүнийгээ батлуулах гэж оруулж ирдэгээ болих хэрэгтэй” гэв. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн түүний энэ саналыг дэмжиж байсан бөгөөд “бүрэн боловсруулсан бэлдэц гэдгийг төслөөс хасах хэрэгтэй. Угсрахад бэлэн болсон юмаа түүхий эд нэрээр оруулж ирээд эвлүүлээд зарах боломжийг нээх гээд байгаа юм биш үү” гэж байв. Гишүүд “бэлдэц” нэрээр бүгдийг чөлөөлөх нь учир дутагдалтай гэж үзээд анхны хэлэлцүүлгийн үеэр энэ талаар тодруулах болов.
Хуралдааны төгсгөлд газрын тос боловсруулах үйлдвэр барихад шаардагдах зарим түүхий эд, сэлбэг техникийг мөн НӨАТ-аас чөлөөлөх тухай хэлэлцсэн юм. Гишүүн Д.Дэмбэрэл “Яваандаа энэ байнгын хороо чинь татвар чөлөөлдөг Байнгын хороо болчих юм биш биз. Юм бүхнийг чөлөөлсөөр байтал төсвийн орлого хүндрэх вий” гэх болгоомжлолыг хэлээд цаашид хатуухан гараар татварын чөлөөлөлтийн асуудлыг хэлэлцдэг болох санал гаргав.
Одоогоор боловсруулах үйлдвэр байгуулах шаардлага тулгамдаад буй бөгөөд жилд нэг сая тоннын зах зээл байгаа бөгөөд ганц улсаас хамааралтай буй байдлыг өөрчлөхийн тулд татварын дэмжлэг байх ёстой гэдэгт гишүүд санал нэгтэй байв. Одоогоор нүүрснээс түлш гаргах, занараас түлш гаргах, газрын тосноос түлш гаргах гурван арга зам буй бөгөөд эдийн засгийн тооцооллыг сайн хийхийг гишүүд анхааруулж байв.
эх сурвалж: ньюс.мн Б.Мандах