Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхантай ярилцлаа.
– Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар тогтоолоор Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрыг байгуулсан. Энэ хүрээнд та бүхнийг нийслэл орчимд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах, бүсчлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэж ойлгож байгаа. Ажлаа эхэлсэн үү?
– Нийслэл хотод нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүрэг бодитоор үгүйлэгдсээр ирсэн. Эдийн засгийг төрөлжүүлж хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд нэг төвт хотоос орчин үеийн олон төвт хот болгон, дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг хөгжүүлэх шаардлага нэн тэргүүнд тулгарч байна. Энэ бүхнийг бодит ажил болгох нь бидний зорилго. Энэ хүрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу дагуул хот, эдийн засгийн тусгай бүстэй холбоотой ажлуудыг эхлүүлээд байна.
– Дэлхийн олон улс орон нийслэл болон томоохон хотдоо тулгарч буй бэрхшээлийг дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулснаар амжилттай шийдэж чадсан байдаг. Олон улсын туршлагыг хэр судалж, туршлага хуримтлуулсан бэ?
– Тийм ээ, сайн жишээ олон бий. Хамгийн ойрхноос нь дурдвал 1979 онд БНХАУ-ын байгуулсан Шенжен хотын эдийн засгийн тусгай бүс юм. Ердөө гучхан жилийн дотор загасчдын бяцхан тосгоныг 14 сая хүн амтай космополитан хот болон өргөжүүлсэн түүхтэй. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 100 дахин өссөн гээд бод л доо. Гаднын олон мянган хөрөнгө оруулагчдыг татаж чадсан. Шенжений тэрхүү бодлого оновчтой болсон учраас БНХАУ-ын бусад хот, бүсүүд шууд хуулбарлан хэрэгжүүлсэн. Үр дүнд нь хүчирхэг эдийн засаг бүхий бие даасан том бүсүүд, дагуул хот олноороо байгуулагдсан юм. Энэ мэт гадаад, дотоод төрөл бүрийн судалгаа, шинжилгээний ажлаас эхлээд Нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах газрын судалгаа, ерөнхий төлөвлөлт, дата бааз бүрдүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд манай хамт олон гүйцэтгэлээ. Одоо дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг үе шаттай байгуулж, үйлдвэрлэл, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг чухалчилж байна.
“Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах хөшүүрэг нь дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүд байгуулах юм”
– Дагуул хотуудыг байгуулах газрыг одоогоор хаана төлөвлөөд байна вэ?
– Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа-2050”-д дагуул хот, тосгодын инженерийн дэд бүтцийг үе шаттай барьж байгуулах, өргөтгөн шинэчлэхээр заасан байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 15 дагуул хот, сууриныг нийслэл хотын ойр орчмын 11 байршилд төлөвлөсөн. Тухайлбал, Налуу-Ухаа /Налайх/, Багануур, Багахангайг үйлдвэрлэл логистикийн бүс, Буянт-Ухаа, Шинэ Зуунмод орчимд агаарын тээвэр, Майдар, Тэрэлж, Хонхор, Гацуурт орчмыг аялал жуулчлал, үйлчилгээний бүс болгон хөгжүүлэхээр, Био-Сонгино, Өлзийт, Туул, Жаргалант, Рашаант, 361 гарам орчмыг хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, Аргалант-Эмээлтийг аж үйлдвэрийн парк болон логистикийн чиглэлээр бүсчлэн, суурь бааз, инженерийн дэд бүтцийг нь түшиглэн, хөгжүүлэхээр тус тус төлөвлөсөн байдаг.
Хууль эрх зүй, бодлогын баримт бичиг, байгууллагын чиг үүргийн хүрээнд эхний ээлжид Налайх, Аргалант-Эмээлт, Буянт-Ухаа гэсэн гурван байршилд дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах төлөвлөлтийг шат дараалалтай эхлүүлэхээр тооцоо, судалгааг хийж байна.
– Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төлөвлөлтийн судалгааг хийхдээ юуг илүү анхаарч ажиллаж байна вэ?
– Нэгдүгээрт, Хотын хэрэгцээг чухалчилна. Бид хотынхоо хэрэгцээг тодорхойлж, тэрхүү хангаж эхлэх нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Ялангуяа төмс, хүнсний ногоо, барилгын бараа материалын хэрэглээг бид эхний ээлжид үйлдвэрлэх боломж бололцоо бий. Энэ хүрээнд орон зай, инженерийн дэд бүтцийн урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж Налайх, Аргалант-Эмээлт орчмын төлөвлөлтийг чухалчилж байгаа.
Хоёрдугаарт, Бүрэн ашиглагдахгүй байгаа инженерийн дэд бүтцийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, хөгжүүлэх вэ? гэдгийг судалж байна. Жишээлбэл, шинээр баригдаж буй 136 км урт Богдхан төмөр замаас ердөө дөрвөн км хүрэхгүй зайд өмнө нь хайрга, дайрга зөөдөг байсан Био-Сонгины мухар төмөр зам бий. Энэ хоёр төмөр замын шугамыг холбосноор ачаа тээврийн дахин нэг шинэ шугамтай болох боломжтой. Мөн Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын одоогийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах бэ? Олон их наядын хөрөнгийг хэрэггүй эд хогшил шиг хадгалаад байх уу? эсвэл гэхчлэн бидэнд судлах, дүн шинжилгээ хийх, төлөвлөх ажлууд их гарч ирж байгаа.
Гуравдугаарт, дагуул хот, тусгай бүс бол дүүрэг биш. Бид хувийн хэвшлийг суурьшуулах, төрөлжүүлэх, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлж, эдийн засгийг солонгоруулж, төвлөрлийг сааруулах ажлыг хийнэ. Ингэснээр нийслэл Улаанбаатар хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дагуул хотуудад хувийн хэвшлийг дэмжсэн кластер, инкубаторууд бий болох юм.
– Эдийн засгийн тусгай бүс байгуулах ажлын хүрээнд бизнесүүдийг дэмжиж, эдийн засгийг сэргээхэд эхний ээлжид ямар чиглэлийн үйлдвэрлэл, хувийн хэвшилтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ?
– Монгол Улсын эдийн засгийн гол ачааг уул уурхайн салбар дангаараа үүрсээр ирсэн. Үүнийг төрөлжүүлж, солонгоруулах тухай олон жил ярьж байгаа ч ахиц муутай хэвээр байна. Статистикаас харахад манай улсын нийт экспорт 9,2 тэрбум гаруй ам.долларт эргэлдэж, үүний 92 орчим хувийг уул уурхайн гаралтай түүхий эд эзэлж, 8,5 тэрбум ам.долларын орлого оруулж байна. Инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 16,1 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ийм хүнд нөхцөл байдалд бид нэн тэргүүнд бизнес эрхлэгч байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөлтэй нягт хамтран ажиллаж барилгын материал болон хөнгөн үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологийн салбар болон сэргээгдэх эрчим хүч ашиглаж буй хувийн хэвшлийг бодлогоор дэмжих зэрэг бизнес эрхлэгчдэд таатай орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
– Хэвлэл мэдээллээр нэг хэсэг Майдар болон Шинэ Зуунмодын бүтээн байгуулалтын талаар яригдаж байгаад намжсан. Энэ хотуудын төслийн тухайд?
– Майдар хот нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар төлөвлөлтийг нь хийсэн гэдгээрээ онцлог. Эдэлбэр газрын хэмжээг нь тодорхойлсноос гадна хөгжүүлэх чиглэлийг нь аялал жуулчлал, контент үйлдвэрлэл, кино үйлдвэр, их дээд сургуулиудын цогцолбор зэрэг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр тусгасан байдаг. Харин Шинэ Зуунмодыг одоо байгаа нисэх онгоцны буудлыг нь түшиглээд, эдийн засгийн тусгай бүс, хуурай боомт, олон улсын тээвэр, логистик төв байхаар төлөвлөсөн байдаг. Дээрх төлөвлөлттэй уялдуулан эдийн засгийн тусгай бүсийг байгуулснаар Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргах эдийн засгийн хөгжлийн томоохон үндэс болно.
– Эдгээр дагуул хотын төлөвлөлтийг ажил хэрэг болгоход хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн гэж та үзэж байна уу?
– Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах асуудал богино хугацаанд гэнэт бий болсон зүйл биш юм. Хууль, эрх зүйн орчин бүрдэж, ахиц дэвшил гарсаар байгаа. Тэр дундаа нийслэлийн одоогийн удирдлагууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлуулах ажлыг тууштай дэмжиж “Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс”-ийн тухай бүлгийг тусгайлан оруулсан нь хотын эдийн засаг, эрх зүйн шинэчлэлд томоохон дэвшил болсон. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилт 4.2 зэрэг урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн бүлэг заалт, зорилго, зорилтууд тусгайлан орсон нь хэрэгжилтийг хангахад ихээхэн түлхэц болж байна.
– Эдгээр холбогдох эрх зүйн баримт бичигт эдийн засгийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулах чиглэлүүдийг хэрхэн тодорхойлсон бэ?
– Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн зургаадугаар бүлэг бол бүхлээрээ Нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн тухай маш тодорхой заалтуудтай. Үүний дотор хуулийн 39 дүгээр зүйлд тусгай бүс байгуулах таван үндсэн чиглэлийг тодорхойлж, гаргасан байдаг. Ингэхдээ олон улсын нийтлэг жишгийг баримталж, мэдээлэл технологи, инновац, аялал жуулчлал, соёл амралт, хөнгөн үйлдвэрлэл, агаарын хөлгийн завсар үйлчилгээ, угсралтын, агуулах, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр дагнаж аль эсвэл хослуулан байгуулж, хөгжүүлэхээр тусгасан. Мөн тус хуулийн 42 дугаар зүйлд тусгай бүсэд үзүүлэх татварын дэмжлэг, 43 дугаар зүйлд тусгай бүсэд үзүүлэх татварын бус дэмжлэгийн тухай нарийвчилсан заалтууд оруулсан.
– Татварын болон татварын бус дэмжлэг гэдэг нь юуг хэлээд байна вэ?
– Тусгай бүсэд согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэлээс бусад хуульд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагад татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ. Татварын дэмжлэг гэдэгт газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвараас чөлөөлөх асуудлууд хамаарна.
Үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа явуулахад цахилгаан эрчим хүч, дулаан, түрээсийн төлбөрийн асуудал аж ахуйн нэгжүүдэд багагүй дарамт учруулдаг. Тиймээс тусгай бүсэд үйл ажиллагаа явуулах бизнес эрхлэгчдийг энэ төрлийн урсгал зардлын төлбөрөөс чөлөөлж татварын бус дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна бизнес эрхлэхэд шаардагдах бичиг баримт, зөвшөөрлийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлж, дагуул хотын захиргааны газрыг байгуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болон шинээр бизнесийн үйл ажиллагаагаа явуулж эхлэх үед хэдэн сар жилээр төрийн байгууллага дамжин, хөөцөлдөж явдаг хүндрэл, чирэгдэлтэй байдлыг арилгаж, төрийн үйлчилгээг ойртуулахыг зорьж байгаа юм. Түүнчлэн эдийн засгийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэхийг Нийслэлээс дэмжиж, хэрэгцээ, шаардлагатай төслүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах бодлогыг хуулиар зохицуулсан байгаа. Энэ бүхнийг татварын бус дэмжлэг гээд байгаа юм.
– Танай агентлаг байгуулагдаад удаагүй боловч томоохон ажлуудыг бодит болгохоор зорьж байгаа юм байна. Цаг гарган ярилцсан Танд болон танай хамт олны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
– Баярлалаа. Бидэнд олон нийтэд мэдээлэл хүргэх боломж олгосон та бүхэнд мөн адил талархаж байна. Ер нь олон талын дэмжлэг туслалцаа, төр, хувийн түншлэл, хамтын ажиллагаа хөгжлийн гол хөшүүрэг хэмээн харж явдаг. Тиймээс иргэд, олон нийт, бизнес эрхлэгчид болон салбар бүрийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллахад манай үүд, хаалга хэзээд нээлттэй байх болно гэдгийг төгсгөлд нь онцолъё.