З.Төмөртөмөө:”Даншиг наадам-Хүрээ цам” гадаадын жуулчдыг татах ач холбогдолтой

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хүй долоон худагт наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Монгол түмэндээ алдартай Хүй мандлын дэнжид тав дахь удаагаа зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам”наадмыг аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болохын хувьд НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дэмжин, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх өвөрмөц наадмыг амжилттай зохион байгуулахад Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар, Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ, УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн ТҮК гэхчлэн олон байгууллага оролцож ажилласан юм.  

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ” НААДАМ ГАДААДЫН ЖУУЛЧДЫГ ТАТАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэг тэмдгийн нэг хэмээн тодотгож болох “Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадмын талаар  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө хэлэхдээ:

-Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам болох “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ыг  аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн төдийгүй гадаадын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой учир нийслэлийн зүгээс дэмжиж, хамтран ажилласаар ирсэн. “Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадам амжилттай болж, өндөрлөлөө. Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү наадам нь шашин соёлын баяр төдийгүй жуулчдыг татах аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Тиймээс цаашид Даншиг наадмыг жил алгасахгүй зохион байгуулж, шашин соёл, өв уламжлалаа таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх наадам болгож дэлхий нийтэд таниулах юм. Цар тахлын он жилүүдэд уг наадам тасалдсанаас болж, зарим иргэд шинэ тутам арга хэмжээ мэт ойлгох нь бий. Гэвч цаашид дотооддоо төдийгүй олон улсны түвшинд Монгол Улсаа сурталчлах, жуулчдад зориулсан Монголын өв соёл, түүхийн үнэт бүтээлүүдээ таниулах ажлыг өргөн дэлгэр зохион байгуулах нь зүйтэй байна. Энэ жилийн наадамд гадаадын улс орноос зорин ирсэн хүмүүсээс гадна Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Тэд сэтгэгдэл өндөр байна гэсэн юм.

ОЧИРВААНЬ БУРХАНЫ ХӨРГИЙГ ЖИЛДЭЭ ГАНЦ УДАА ДЭЛГЭДЭГ

Даншиг наадам нь тэртээх 1639 онд анхлан зохион байгуулагдсан Монгол түмний өвөрмөц наадам төдийгүй утга төгөлдөр аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэдгийг тодотгож байлаа. Гадаадын жуулчдад төдийгүй монголчуудын хувьд нь танин мэдэх, ухаарч ойлгох зүйл их байсан. Монголчуудын их шүтээн Очирваань бурханы тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилга болж, лам нарын дунд ном хэлэлцэх-мэтгэлцэх, балин тосон урлал, хурал номын ая эгшиг унзад голч нарын тэмцээн болсон юм. Даншиг наадмаар л өргөн олонд дэлгэн үзүүлдэг хүндэтгэлт бүтээл бол Очирваань бурханы их хөрөг. Бурхад хүний наян тохойтой тэнцэхүйц хэмжээтэй байдаг гэж бурханы шашинд үздэг бөгөөд тэр хэмжээгээр урласан зээгт наамлан хөргийг Даншиг наадмын үеэр л дэлгэдэг онцлогтой.

Түүнчлэн энэхүү наадмын нэг онцлог үйл болох цам харайх ёслол. Цам харайж буй амьтад нь ямар бэлгэдэлтэй болох, хувцас өмсгөлийн учир жанцанг тайлбарлан таниулж, сурталчлах  ажлыг Гандантэгчэнлин хийдээс хариуцан гүйцэтгэсэн юм.

Даншигийн цол олгох хүчит 256 бөхийн барилдаан болж, улс, аймгийн цолтой бөхчүүд барилдсанаас Монгол Улсын харцага Л.Лха-очир түрүүлж, Даншигийн арслан болсон. Түүнчлэн хязаалан, их насны морьдын уралдаан, морьт сурын харвааны үзүүлбэр болж, монгол наадмын онцлог соёлыг гадаадын иргэдэд таниуллаа.

ИРГЭД СЭТГЭЛ ТАЙВАН САЙХАН НААДЛАА

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа Б.Оюутболд:

-Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн 852 албан хаагч “Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадмын үеэр хэв журмын зохицуулалт, иргэд, наадамчдын аюулгүй байдлыг хангах, унаач хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа. Хоёр өдрийн турш иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахад онцгойлон анхаарсан.  Энэ хугацаанд хулгайн гэмт хэргийн хоёр дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж, хулгай хийсэн хэрэгтнийг илрүүлсэн. Зөрчлийн шинжтэй дуудлага цөөн боловч ирснийг хуулийн дагуу шийдвэрлэлээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс биеэ удирдан жолоодох чадваргүй болсон хоёр иргэнийг ар гэрийнхэнд нь хүргэж өгсөн. Дөрвөн хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрснийг мөн хүлээлгэж өглөө. Ерөнхийдөө бол нөхцөл байдал тайван байлаа. Замын цагдаа, хэв журмын цагдаа нар 24 цагийн турш үүрэг гүйцэтгэсэн. Иргэд маань баяр наадамд оролцохдоо соёлтой, цагдаагийн ажилтны шаардлагыг биелүүлж, сэтгэл тайван сайхан нааддаг болсон нь анзаарагдаж байна гэлээ.

МОНГОЛ ЗАН ЗАНШИЛ, ӨВ СОЁЛЫГ ЖУУЛЧДАД ТАНИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадмын үеэр нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч, 60 орчим бизнес эрхлэгчийн өв уламжлал шингэсэн, жуулчдын сонирхлыг татахуйц гар урлалын болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд дэлгэсэн юм.

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Л.Цолмонтуяа “Даншиг наадам-Хүрээ цам 2022” нь шашин, соёлын наадам төдийгүй жуулчдыг татах гол зорилго бүхий арга хэмжээ тул бид шашны эд зүйлс, нарийн хийцтэй бурхдаас эхлээд бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Бидний зассан асрууд дунд тун онцлог асар хэд хэд байлаа. Тухайлбал, монгол гэрийн агуулгыг харуулахын сацуу, буриад зон олны хувцас хэрэглэл, эд зүйлсээр чимэглэн тохижуулсан асар байгаа. Хүмүүс тухайн асарт ороод буриад хувцас, хэрэглэлийг худалдан авахаас гадна өмсөж зургаа даруулах үйлчилгээ үзүүлж байв. Зөвхөн худалдаа, үйлчилгээ эрхлэх бус монгол зан заншил, өв соёлыг иргэд, жуулчдад харуулахыг зорьж байгаагийн нэг илрэл юм уу даа. Бид жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллаж, уг наадамд бизнес эрхлэгчид маань ч идэвхтэй оролцлоо гэсэн юм.

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2022”-Т ОРОЛЦСОН ЖУУЛЧДЫН СЭТГЭГДЛЭЭС…

Франц улсаас ирсэн жуулчид Мари Амели, Роман:

-Бид Монголд анх удаа ирж байна. Манай хөтөч биднийг “Даншиг наадам-Хүрээ цам”-г үзэхийг санал болгосон тул энд ирээд байна. Бид Франц улсаас ирсэн. Францыг бодоход Монгол Улс маш өргөн уудам цэлгэр тал нутагтай юм. Францад ийм цэлгэр тал байдаггүй. Маш сайхан амарч, амар амгаланг мэдрэхээр нутаг юм шиг санагдаж байна. Маргаашаас аялал маань эхлэхээр илүү сайхан газруудыг үзэх байх. Хаашаа л харсан адуун сүргүүд байгаа нь ч сайхан юм.

АНУ-аас ирсэн жуулчин Брендон Бэкман:

-Манай эхнэр монгол хүн. Бид энэ жил Америк улсаас Монголд ирж, гэр бүл дээрээ зочилж байна. Ирснээсээ хойш Улаанбаатар хотоор болон хөдөөгөөр аялсан. Үнэхээр үзэсгэлэнтэй орон юм. Даншиг наадам үнэхээр сонирхолтой санагдлаа. Өмнө нь монгол бөхийн барилдааныг интернэтээс л үзэж байсан бол ингээд бодитоор нь харах сайхан байна. Бөхийн барилдаан, хурдан морины уралдаан гээд бүгдийг интернэтээр үзэх биш бодитоор харж байгаадаа баяртай байна.

АНУ-аас ирсэн жуулчид Жере Рикман, Конни:

-Хурдан морь унаж буй хүүхдүүд үнэхээр мундаг санагдлаа. Бас байт харваа ч сонирхолтой байлаа. Анх удаа Монголд ирж байгаа болохоор бүх зүйл гайхалтай, сонирхолтой санагдаж байгаа. Гэхдээ бидний аялал одоо л эхэлж байна. Удахгүй нуур үзэхээр явна. Бас говь руу ч явна. Мөн хөдөө малчин айлд очиж хэд хонохоор төлөвлөөд байгаа. Үнэхээр сэтгэл хөдөлж, догдолж байна гэсэн юм.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …