“Трио” кино Тайландын алдарт SIAM ENTERTAINMENT группийн санаачлан хэрэгжүүлдэг Зүүн Өмнөд Азийн бүсийн гол кино наадмуудын нэг болох Thai Film Festival-ийн шилдэг бүтээлийн төлөө өрсөлдөх эрхээ авчээ.
Ирэх есдүгээр сард зохиогдох наадмын шилдгийн шилдгийн төлөө Солонгос, АНУ, Япон, Итали, Англи, Франц, Люксембург, Польш, Хятад, Бразил, Филиппин, Малайз, Украйн, Энэтхэг, Тайланд, Орос, Израил улсын уран бүтээлчид өрсөлдөх эрхээ авсан байна.
“Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй мессежийг дэлхийд өгөх зорилготой энэхүү уран бүтээл нь даун синдромоор дамжуулан монгол, монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах, Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах, түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх, цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилтот уран бүтээл юм.
Дашрамд дурдахад “ТРИО” кино 10-р сард болох 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадамд уригдсан юм.