Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хүн ам ихээр шилжин ирж, Хан-Уул дүүрэгт барилга орон сууц олноороо баригдаж байгаагаас шалтгаалан сургуулийн ачаалал өндөр байдаг. Түүнчлэн хүүхэд олон байхын хэрээр сургалтын чанар хөндөгддөг. Тиймээс хотын төв болоод захын сургуулийн сургалтын чанарыг нэг түвшинд байлгах, сурагчдын чадварыг хөгжүүлэх чиглэлд шинэ алхам хийж эхлээд байна.
Нийслэлийн 148 дугаар сургуульд энэ жилээс эхлэн 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заах шинэ зохицуулалтыг эхлүүлжээ. Тус сургуулийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд, салбарын сайд, Хотын дарга нар танилцлаа.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:
-Цаашдаа бид боловсролын хүртээмж төдийгүй чанарт анхаарах хэрэгтэйг олон жишээ харуулж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод математикийн сургалтаар тэргүүлэгч 11 дүгээр сургуулийн сургалтын технологийг Баянзүрх дүүргийн хүүхдүүдэд хүргэх шинэ зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл 148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн салбар бүлгийг нээж, 11 дүгээр сургуулийн багш нар ирж хичээл заахаар болсон. Баянзүрх дүүрэг бол хүн ам, газар нутгийн хувьд хамгийн том дүүрэг. Тус дүүрэгт математикийн сайн сургалтыг хүргэх зохицуулалт сайн үр дүн авчирна гэж итгэж байна. Энэ зохицуулалт төвлөрлийг сааруулах зорилгод ч ахиц авчирна. Цаашид судалгаа, тооцоонд үндэслэн чанартай сургалтыг захын бүсэд хүргэх ажлыг үе шаттай хийнэ” гэлээ.