Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хэв журмын нөхцөл байдал ямар байсан талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагын удирдлагууд өглөө.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:Өнгөрч буй хугацаанд нийслэлийн гудамж замд 481 алба хаагч хяналт тавьж, үүрэг гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар 38,529 зөрчил, камерын хяналтаар 26,496 зөрчлийг илрүүлж ажилласан. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1023, согтуугаар зам тээврийн осол хэрэг гаргасан 23 зөрчлийг илрүүлэн баримтжуулан шалгаж байна.
14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 3615 дуудлага мэдээлэл ирсэн. 3500 нь зам тээврийн осол аваар гарсны улмаас 48 иргэн гэмтэж бэртсэн байна. Тэдний 33 нь явган зорчигч юм.
Осол аваарын дуудлага өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулж ажиллалаа. Энэ ажлын үр дүн сайн гарсан бөгөөд ерөнхий боловсролын сургууль орчимд элдэв хэрэг зөрчил гараагүй, иргэд дугаарын хязгаарлалтад идэвхтэй оролцсон гэв.