Г.Мөнхцэцэг:Соёлын салбарын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллана

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг өнөөдөр /2022.09.21/ соёл, урлагийн зарим байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Мөн салбарын сайд Ч.Номин болон албаны бусад хүмүүстэй уулзаж энэ салбарын тулгамдсан асуудал, төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг ярилцлаа.

Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, “Соёлын салбараасаа гар татдаг төр улс гэж хаана ч байдаггүй. Соёлын бодлого бол тухай улс орны өв түүхийн хэлхээг улам батжуулж байдаг нэгэн цөм хүрд. Монгол Улсын соёл, урлагийн  өв, дархлаа бол үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын язгуур үндэс.

Соёл урлагийн байгууллагаар дамжуулан бүтээлч үйлдвэрлэл өрнөж, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх нь, улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын илэрхийлэл гэж миний хувьд ойлгодог. Тиймдээ ч УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог тэргүүлж байгаа хүний хувьд энэ салбарын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах гол бодлогод анхаарах ёстой гэж үздэг” хэмээлээ.

2022 оны улсын төсөвт, Соёлын яаманд 155 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч, хоёр удаагийн төсвийн хэмнэлт болон тодотголоор 50 гаруй хувийг нь танаж 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгасан  гэдгийг сайд Ч.Номин танилцуулсан юм.

Мөн өдөр Байнгын хорооны дарга Дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музейн сэргээн засвар, тохижилтийн ажилтай газар дээр нь танилцлаа.

2023 оны төсөв хэлэлцэж эхлэх гэж байгаа энэ үед соёлын салбарт тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийг Соёлын сайд Номин болон албаны бусад хүмүүстэй ярилцав.

Соёлын байгууллагуудын томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн гэдгийг Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг дурдаад үүнийг урагшлуулахын тулд бодлогын зөв тохируулга чухал гэдгийг онцоллоо хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …