МҮЭХ:2023 онд цалинг 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагатай

МҮЭ-ийн холбоо Монгол улсын 2023 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2022.10.05/ хэвлэлийн хурал зохион байгуулж байр сууриа илэрхийллээ.

2023 оны улсын төсөв батлагдах гэж байгаа энэ үед тус холбооноос эдийн засгийн тогтворгүй байдал, валютын ханшны өсөлт зэрэг нөхцөл байдлуудын улмаас үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдаж, зохиомол үнийн хөөрөгдөл бий болсноос үүдэн ажил үйлчилгээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, хөдөлмөрийн бодит үнэлэмж алдагдсанаас иргэд хөдөлмөрчдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн худалдан авах чадвар буурч, амьжиргаа эрс доройтож байгаад онцгой анхаарал хандуулж, ирэх жилийн төсвийг иргэдийн цалин хөлс, нийгмийн баталгаанд чиглүүлэхийг хүслээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “2023 оны төсөв айл өрхөд өгөөжтэй төсөв болж байгаа эсэхийг ард түмэн харж байгаа.
Яагаад гэвэл Монгол улсын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 40-50 хувийг эзэлдэг төсөв байдаг.
Тийм учраас МҮЭ-ийн холбоо төсвийн хүрээний анхны мэдэгдэл өгөх явцад саналуудаа хүргүүлж байсан.
Үүнд нэн түрүүнд иргэдийн цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай.


Халамжаас хөдөлмөрт шилжих тухай ярьж байгаа энэ нөхцөлд хөдөлмөрийн үнэлэмжийг доривтой нэмэгдүүлж, шинэ түвшинд авч үзэхгүй бол инфляц 2021, 2022 онд нийт 30 орчим хувиар өссөн байна.
2022 онд инфляцыг 8 орчим хувиар төсөөлж байсан бол үндсэндээ хоёр дахин өссөн.
Гэтэл 2021, 2022 онд цалин хөлсийг доривтой нэмэгдүүлээгүйн дээр 2023 онд инфляц хоёр оронтой тооноос буух баталгаа байхгүй байна. Харин бодит худалдан авах чадвар хоёр жилийн хугацаанд 30 хувиар унасан.
Инфляц хөөж цалин хөлс нэмдэг энэ байдлаас болж ард иргэдийн хүлээж байгаа хүлээлт талаар болох эрсдэл байна.
Монголчуудын дундаж цалин 450 орчим доллар байсан бол одоо долларын ханш 3350-3400 болж, үндсэндээ 40-50 доллароор буурчихлаа. Одоо бодит худалдан авах чадварыг хадгалахын тулд 40 орчим хувиар нэмэхээр байна.
Тиймээс МҮЭ-ийн холбооноос 2023 онд цалинг 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлага байна гэж үзэж байна.
Ирэх оны төсөв дээр цалин хөлс нэмэх эх үүсвэрт 250 тэрбум гэж суусан байгаагийн дийлэнх хувь нь шинээр бий болсон сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нэмэлт орон тоонд зориулагдахаар харагдаж байгаа.
Тиймээс Засгийн газар, улс төрийн намууд “инфляцын түвшинтэй уялдуулж цалин хөлс нэмнэ” гэсэн амлалт болон нийгмийн дундаж түвшний иргэдээ дэмжих бодлогоо хэрэгжүүлж, бага дунд орлоготой иргэний ХАОАТ-ын хөнгөлөлтийг 2 дахин нэмэгдүүлж, үнэ ханшийн өсөлтөд чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн тэрээр ҮЭ-ийн олон мянган гишүүдээс ирж байгаа санал болох хөдөлмөрийн үнэлэмжээс үүдэлтэй хүний нөөцийн хомсдолд анхаарал хандуулах шаардлагатай байгааг анхаарууллаа.
МҮЭ-ийн холбооноос хүүхдийн мөнгөний асуудлаар судалгаа хийхэд “Саналыг нь үндэслэн олгох нь зөв” гэсэн байр суурийг дийлэнх оролцогч илэрхийлсэн байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …