Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт олон нийтийн төлөөлөл болж “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд санал бодлоо хуваалцсан юм.
“Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд “Хүн бүр өөрт тулгамдсан асуудлыг олж харан, түүнийгээ бусдад гомдлохгүйгээр шийдвэрлэх гэж оролддог, шийдэж байгаа нэгнээ үнэлдэг, хүндэлдэг байвал тухайн улс орон арай илүү хөгждөг юм болов уу гэж бодож байна.
Монгол Улстай адил цөөн хүн амтай, жижиг боловч өндөр хөгжилтэй орон дэлхийд олон бий. Бид тэдгээрээс олж харсан сайн туршлагаас санаа авч, эх орондоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгаан авто замд болон машины тоонд байгаа ч түүнээс илүүтэй бидний хэв маяг, зуршил, хандлагад байгаа юм шиг харагддаг. Хүн бүр л хотын түгжрэлд өөр өөрийнхөөрөө нөлөөлж байгаа.
1980-1990-ээд онд Улаанбаатар иргэндээ ээлтэй, чөлөөтэй алхах боломжтой, жишиг болсон хот байсан гэж мэргэжилтнүүд хариулдаг. Түүнээс хойш олон том зам тавьж, эгнээ, урсгалыг нэмэн, хэд хэдэн гүүр барьж, уулзвар болон гарцуудыг нэмэгдүүлсэн. Гэвч ингэх тусам түгжрэл нэмэгдэж, дугаарын хязгаарлалт болон хичээлийн цаг эхлэх цагт зохицуулалт хүртэл хийсэн.
Эдгээрийг хараад байхад хот маань машинд зориулагдсан, харин бид машинаа уначихаад яаж түгжрэхгүй байх вэ гэж л бодоод байгаа юм шиг.
Бидний очиж үзсэн хотууд машинд зориулсан шийдэл гаргаснаар алдсанаа ойлгон, хурдны зам болон гүүрээ нурааж, өргөн замаа нарийсгаад, оронд нь явган хүний зам тавьж, хүмүүс амрах, зугаалах боломжтой газруудыг байгуулснаар түгжрэл нь бодитойгоор буурсан.
Машинд зориулсан шийдлийн улмаас өнөөдөр бид энд хэлэлцүүлэг хийж байна шүү дээ. Тиймээс иргэд машинтайгаа хэрхэн түгжрэхгүй байх вэ гэх бус, машинаасаа буугаад хэрхэн тухтай алхаж болох вэ гэж боддог, төр засаг үүнийг нь дэмждэг байвал чадах, чадах хэмжээгээрээ түгжрэлийг бууруулна гэж бодож байна” хэмээн саналаа хуваалцлаа.