М.Батбаяр: Чингис хаан гэдэг том үзэл баримтлалыг бүтэн болгохын төлөө бүгд хичээсэн

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаа Соёлын дэд сайд М.Батбаярыг урьж, ярилцлаа.

-Та “Чингис хаан музей”-г зураг төсөл байхаас нь эхлэн ажилласан хүмүүсийн нэг.  Музей маань нээлтээ хийж, монголчуудын нэгэн бахархал биеллээ оллоо.  Юуны өмнө танд баяр хүргэмээр байна?

-Баярлалаа. “Чингис хаан музей”-тэй болж, Монгол Улсынхаа үүх түүхээр бахархаж  буй энэ сайхан түүхэн өдрүүдийн мэндийг хүргэе.  Дэлхийн мянганы суут хүмүүн Их эзэн богд Чингис хааныхаа нэрээр нэрлэгдэх, түүнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг нэгтгэсэн томоохон бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар хийж, ашиглалтад орууллаа. Чингис хаанд зориулсан түүхэн том бүтээн байгуулалтыг хийх тухай сүүлийн 60 орчим жил яригдсан байна. 1962 онд Их хааны мэндэлсний 800 жилийн ойгоор төрсөн нутагт нь Цагаан хөшөө босгожээ.  Түүнээс хойш нэгэн жарны дараа Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн  босгон дээр монголчууд, Монголын төр том хэмжээний бүтээн байгуулалтыг хийж дуусгасан нь бас нэг хувь ерөөл юм. Миний бие энэ түүхэн цаг үеийн нэгэн гэрч болж байгаадаа тун их баяртай сууна.

2019 оны хоёрдугаар хагас бол түүхэн цаг үе юм.  Яагаад гэхээр тэр үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачилга гаргаж, дэлхийн мянганы суут хүн, Их Монгол Улсыг үндэслэгч, эзэн богд Чингис хаан, түүний үр хойчист одоогийн голомт нутагт нь буюу Монгол нутаг Чингис хаан үзэл санааны дэлхийн төв байх эхлэлийг тавьсан. Үйл явдлыг товчхон сануулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газрын тогтоол гарч, “Чингис хааны өв соёлын хүрээлэн”-г байгуулсан.  Энэ бол Монгол Улс анх удаагаа Чингис хаан судлалын хүрээлэнг байгуулсан явдал байлаа.  Миний бие тус хүрээлэнгийн анхны захирлаар томилогдож ажилласан. Томилогдсон өдрөөсөө   шинэ айл өрх төвхнөхөд яадаг билээ яг тэрэнтэй адил хүрээлэндээ эрдэмтэн судлаачдаа цуглуулахаас эхлээд бүхнийг шинээр эхэлж байлаа.

Манай хүрээлэнгийн эхний үеийн зорилго “Чингис хааны музей”-г барьж байгуулах ажилд онцгой оролцох байв. Ингээд хүрээлэн байгуулагдсанаас гурван сарын дараа  Засгийн газраас бас нэгэн чухал шийдвэр гарсан нь “Чингис хаан” музейг байгуулах тухай” тогтоол байсан юм.  2019 оны есдүгээр сард Төрийн ордонд эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд хурж, “Чингис хаан музей” байгуулах үзэл баримтлалын  хувьд ямар байх тухай байр сууриа илэрхийлж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус хуралд өөрийн биеэр оролцож, одоогийн музейн захирал, академич С.Чулуун анхны үзэл баримтлалыг боловсруулж танилцуулж байсан. Үүнээс хойш “Чингис хаан, хаад язгууртны музей”-г барьж байгуулах ажил нэлээд эрчимжсэн.

– Музейг барьж байгуулахад хамгийн чухал зүйл нь үзэл баримтлал байдаг.  “Чингис хаан музей”-н үзэл баримтлалыг тэр үед хэрхэн тодорхойлж байв?

-Мэдээж бидний хамгийн чухал зүйл нь үзэл баримтлалыг тодорхойлох байв. Музей маань түүхийн ямар хэсгийг харуулах уу, аль цаг үеэс ямар цаг үеийн эх сурвалжуудыг тусгах уу. Язгууртны музей байх юм уу, угсаатных уу гээд энэ бүхнийг  тодорхойлох нь маш чухал байлаа.    Эрдэмтдийн  чуулганы дараахан 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ажлын хэсгийнхнийг дуудаж уулзсан.  Тус уулзалтаар өмнөх уулзалтуудын үр дүн, эрдэмтэн судлаачдын санал санаачилгыг хэлэлцсэн. Ингээд “Чингис хаан” музейн үзэл баримтлалыг Хүннүгийн төрт улс ба манай тооллын өмнөх 209 оны Модун Шаньюгийн үеээс буюу Чингис хааны өвөг дээдсийн үе, Чингис хааны өөрийнх нь цаг үе, Чингис хааны үр хойчсынх нь үеээс буюу 1911 оны Үндэсний хувьсгалыг алтан ургийнхан оройлон манлайлж хийх хүртэлх 2000 жилийн төрт ёсны түүхийг хаад язгууртанд  түшиглэж  үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн.  Энэ үзэл баримтлал дээр “Чингис хаан хаад язгууртны музей”-г барьж байгуулахад санал нэгдсэн байдаг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …