Цаг хугацаатай уралдаж, цаг хугацаанаас өрсөж амьдрах болсон өнөөгийн нийгэмд тэр өрсөлдөөнд ялж чадсан хүн л хожно. Хожил руу бусдыг хөтөлнө.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь энэ өрсөлдөөний их далайд “Сүхбаатар” хэмээх хөлгийг ахалж, Сүхбаатарчуудыг хөгжлийн зүг залж явна. Засаг даргын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны эхний жил шувтарч байгаа энэ үед түүнтэй уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт, цаашдын зорилго чиглэлийн талаар ярилцлаа.
– Цаг үеэсээ түрүүлж сэтгэдэг хүн гэж ярьдаг даа. Тантай уулзаж ярилцахад тийм хүн юм болов уу гэсэн бодол төрдөг юм. Сүхбаатар аймгийн ирээдүйг хэдийнээ төлөвлөчихсөн, хаана юу байхыг сэтгэл дотроо яг таг барьж босгочихсон, түүндээ хүрэх гэж өдөр шөнөгүй зүтгэж байгаа тань анзаарагддаг. Таны босгосон тэр ирээдүйгээс аймгийн хөгжил ямар харагдаж байх юм бэ?
– Өнөөдөр хүн төрөлхтөн дэлхийн өнцөг булан бүрт өөрт оногдсон хувь тавилан, өөрийнхөө хүч чадал, хүсэл тэмүүллээр амьдарч байна. Гэвч хэрхэн, хаана, ямар орчинд аж төрөх вэ? гэдэг хүсэл сонирхол нь үндсэндээ ижил. Дэд бүтэцжсэн өндөр хөгжилтэй хотод, орчин үеийн шийдэлтэй тохилог сууцанд амьдрах нь хүн бүрийн хүсэл болоод байгаа үед аймгаа энэ жишгээр хөгжүүлж, аймгийнхаа иргэдийг тэр байдлаар амьдруулах гэж том зорилго өвөрлөн ажиллаж явна. Бид төлөвлөснийхөө дагуу төсөв төлөвлөгөөндөө суулган, бүтээн байгуулалтын ажлуудаа ээлж дараатай хийсээр байна. Бидний ажил ард иргэдийн нүдэнд ил тод харагдаж байгаа. Нууц юм байхгүй. Аймгийн ирээдүйн хөгжил гэдгийг Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын хүрэх үр дүн гэж ойлгож байна. Үр дүн тодорхой. Бид нийт иргэддээ хэлж байгаа. 2016 он гэхэд аймгийн төв маань 4 тойрог замаар хүрээлүүлсэн, түүнээс салаалсан олон олон замуудтай, замаа дагасан эко орчин, ногоон байгууламж бий болж, Баруун-Урт маань улсын зэрэглэлтэй хот болж, зохион байгуулалтын хувьд тэлсэн байна. Хүн амын ажил эрхлэлт нэмэгдэж, амьжиргааны түвшин сайжирч орон нутагтаа эрүүл аюулгүй орчинд ая тухтай ажиллаж амьдрах таатай боломж бүрдэнэ. Орон нутагт мал аж ахуйн тогтвортой өсөлт хангагдаж чанар, ашиг шим нь дээшилсэн, жижиг дунд үйлдвэрлэл сэргэж, дотоодын бүтээгдэхүүнээр хүн амынхаа хүнсний хэрэгцээний тодорхой хувийг хангаж, уул уурхайн үйлдвэрлэл өргөжиж орлогын хэмжээ нэмэгдсэн байна. Мэдээллийн технологийг салбар бүрт нэвтрүүлж ашигласан, гадаад харилцаа өргөжиж хөрөнгө оруулалт нэмэгдсэн өндөр үнэлэмжтэй, улсдаа жишиг аймаг болгохын төлөө ажиллаж байна.
– Жишиг аймаг болох суурь баттай тавигдаж, хөгжлийн шинэ шатандаа гарч байгаагийн илрэл нь Сүхбаатар аймаг Монгол Улсын тэргүүний аймгаар шалгарсан явдал гэж үзэж байна. Танд болон танай багт баяр хүргэе.
– “Монгол бахархлын өдөр” ИТХ-ын даргатайгаа хамт аймгийнхаа иргэдийг төлөөлж шагналаа гардаж авсандаа их бэлэгшээж байгаа. Бид бусадтай өрсөлдөхүйц түвшинд яваа нь хүн бүрийн хичээл зүтгэл, өрх, баг, сум бүрийн өөртөө хийсэн өөрчлөлт, ажиллаж буй хамт олондоо гаргасан шинэчлэлийн илэрхийлэл юм. Тиймээс аймгийнхаа нийт ард иргэдэд талархаж байгаагаа илэрхийлье. Шагнал нэг талаас урамшуулал, нөгөө талаас хариуцлага байдаг. Цаашид улам ихийг хийж бүтээ гэсэн үүрэг гэж ойлгож байна.
– Өргөмжлөлд бичигдсэн “Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил юм” гэсэн үг анхаарал татаж байна. Дан ганц сэтгэлээ бариад улаан гал руу орохыг муйхар эр зориг гэж үзэх хүмүүс ч байдаг. Тэгвэл урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй тийм ажлыг бүтээж байгаа нь сэтгэл, зүтгэл байвал юуг ч өөрчилж болдог юм гэдгийг харж болохоор байна?
– Хүн энэ хорвоод төрөхдөө нүцгэн ирж, нүцгэн буцдаг нь үнэн ч амьдрах хугацаандаа яаж, ямар зорилготой амьдрах нь хувь хүний асуудал. Аймгийг нэг том биет гэж үзвэл түүнийг хөдөлгөх хүч нь иргэд. Иргэд хичнээн хүчтэй вэ? гэдгийг харуулсан бодит жишээ бол манайд өрнөсөн газар чөлөөлөлт байлаа. Аймгийн хэмжээнд 2009-2013 онд 607 иргэд, аж ахуй нэгж байгууллагын 80,7 га газрыг чөлөөллөө. Төрийн байгууллагын бүх ажилтан, албан хаагчдыг татан оролцуулж, нөхөн олговорт 2,0 тэрбум төгрөг олголоо. Газар өөрөө үнэт баялаг болчихоод байхад А зэрэглэлийн газарт жар далаад оны үед барьсан хуучны барилга байгууламж, нөгөө талаас гэр хороолол байх нь хотожсон аймгийн хувьд хэр зохимжтой вэ? гэдэг нь өөрөө асуудал юм. Бохирын нүх шинээр ухах боломжгүй намаг шиг болчихсон газрыг чөлөөлснөөр хөрсний бохирдлыг бууруулах, хүмүүст амьдрах цэвэр орчин бий болгох, чөлөөлөгдсөн газраа сэргээж орчин үеийн шийдэл бүхий хөлбөмбөгийн талбайтай Спорт цогцолбор, 1500 айлын орон сууц барих ажлын бэлтгэл хийгдэж байна. Амьдрал, цаг үе биднээс юу шаардаж байна тэр шаардлагад нийцүүлж өөрчлөх юмаа өөрчилж, өөд нь татах юмаа татаж, халах юмаа халах ёстой. Иргэдээс хөгжих үү? гэж асуухаар бүгд хөгжье гэдэг. Хөгжихийн тулд яах ёстой вэ?, нэн тэргүүнд хотжих. Тэгвэл энэ л нэгдсэн нэг том зорилгын төлөө хийгдэж байгаа ажил юм гэдгийг ойлгож, газраа чөлөөлснөөр иргэн өөрөө ч бас хожиж байгаа юм. Орон сууцанд амьдрах нь тав тух талаасаа боломж, нөгөө талаас амьдралын баталгаа. Орон сууцны гэрчилгээтэй бол сургууль соёл, гадагшаа дотогшоо явах, сөргөөр бодсон ч өвдлөө гэхэд гэрчилгээгээ банкинд авч очоод цагийн дотор зээл авах боломж нь бүрдэнэ. Хамгийн гол нь тухайн нэг айлын амьдрал сайжирснаар аймаг маань бүхэлдээ хөгжих эхлэл болно гэдгийг ард иргэд ойлгодог болоод байна л даа. Асуудлыг мөнгөний талаас хардгаа үндсэндээ больж байна. Эхлээд мөнгө, тэгээд зураг төсөл, дараа нь бүтээн байгуулалт байх ёстой гэсэн хумигдмал ойлголтоосоо салж байна. Хэн нь ч төслөө бичээд бага дунд орлоготой иргэдийн орон сууц, хаус, үйлдвэрлэл үйлчилгээний газар, худалдааны төв барьж болж байна. Нэг л жишээ дурдъя, “Залуус” хотхон. Манайхны нэрлэж заншсанаар Таван шар. Төсөл яригдаж эхлэхэд 210 айлын орон сууц босгоход шаардлагатай 3-4 тэрбум төгрөг хаана байна, болохгүй бүтэхгүй гэсэн бодол хүн бүхэнд төрж байсан. Бид эхний 30 айлын орон сууцыг барьж, иргэдэд хямд үнээр худалдаж, орж ирсэн мөнгөөр дараагийн 30, дараагийн 30 гээд өнөөдөр 210 айл ус зөөхгүй, нүүрс түлээ бэлтгэхгүй, дулаахан байранд тохьтой амьдрах боломж нөхцөл бүрдсэн. Энэ нь гологдож байна гэвэл нийтийн орон сууцанд орж болж байна. Өнөөдөр зах зээлд 50 саяас бага үнэтэй орон сууц байхгүй. Тэгвэл бид “Таван шар”-ын байрыг 10-15 саяар л өгсөн шүү дээ. Хэрэв илүү ихийг хүсвэл иргэн өөрөө дэд бүтэцжсэн газраа аваад ая дан, бэл бэнчиндээ тааруулж байшингаа бариад амьдарч болно. Үгүй ээ, нийтийн орон сууцанд орно гэх юм бол орчин үеийн 1м2-н үнэ нь улсын дунджаас хамаагүй доогуур тохилог орон сууцууд баригдаж байна. Тэр нь өртөг өндөр байна гэвэл хуучны орон сууцанд зах зээлээс арай хямд үнээр орж болж байна. Орон сууцанд бэл бэнчин дутвал зам, гэрэлтүүлэг нь шийдэгдсэн 0,7 га газраа аваад хашаагаа босгоод амьдарч болж байна. Энэ талын бүх боломж манай аймагт бий болсон шүү. Энэ бол ажлаа нарийн төлөвлөж, аймгийн удирдлагаасаа эхлээд бүх хүн нэг зүгт харж нэгэн сэтгэлгээгээр хандасны үр дүн юм.
– Баруун-Урт хотоос малтай айл өрхийг нүүлгэн шилжүүлэх сумын Засаг даргын захирамж гарсан. Хотжилт, мал аж ахуй эрхлэлт тусдаа байх асуудал мөн ч мал аж ахуйгаас амьжиргаа нь хамаарч байгаа иргэдэд хүндээр тусч байна биш үү?
– Бүх хүмүүсийн хөрөнгийг өндөр үнэлэмжтэй болгох зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Үнэлгээтэй болохын тулд холбоо мэдээлэл, зам, гэрэлтүүлэг, машины зогсоол, ногоон байгууламж байх хэрэгтэй. Эдгээр зүйлийг хийхэд мал, хот хоёр зэрэгцэн орших боломжгүй. Тийм учраас Баруун-Урт хотод амьдарч буй мал болон туслах аж ахуй эрхлэгч 100 гаруй өрхөд малаа хотоос гаргах шаардлага хүргүүлсэн. Гэвч шууд гар гээд хөөж туусан зүйл байхгүй. Тэдгээр иргэддээ эхлээд амьдрах орчныг нь бүрдүүлж өглөө. Аймгийн төвөөс хойш 7 км-т байрлах Долоон худагт хашаа бариад шинэ дэд бүтцэд холбож, хашаа бүрийг худаг ус, гэрэл цахилгаан, тоолууртай болгож, 8,0 сая төгрөгөөр боссон хашаа газрыг мал бүхий иргэдэд 5,0 сая төгрөгөөр өгч байна. Цаашид малтай хороолол руу засмал зам тавьж, нийтийн тээвэр явуулдаг болгоно. Малтай иргэд нэгдсэн байдлаар амьдармаар байгаа бол малаа аваад тийшээ гарах, үгүй бол мал аж ахуйгаа өөр газар эрхлэх сонголт хийхийг зөвлөж байна. Энэ нь Баруун-Урт хотод амьдрагч 15-16 мянган хүний цаашдын амьдралын гол асуудал бөгөөд түүнийг үнэлгээжүүлэх тухай яригдаж байгаад асуудлын гол нь оршиж байгаа юм. Би ч малчны хотонд хүн болсон, малчдын амьдралыг мэднэ. Тийм болохоор иргэд маань ухамсраараа малаа гаргах ёстой. Удахгүй аймгийн төвүүдийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудал шийдвэрлэгдэнэ. Үнэхээр аймгийн төв хот юм бол хотын статус гэж байна. Ер нь хүн мал хоёр хотын дотор нэг дор амьдрах учиргүй. Элдэв халдварт өвчин гарах, тэр нь малаас хүнд халдварлах, нөгөө талаар ногоон байгууламжийг сүйтгэх, хотын төв гудамж талбайг бохирдуулах, хог хаягдал ихсэх зэрэг сөрөг үр дагавар алийг тэр гэхэв. Иймд өөр өөрийнхөө байршлыг олоод зөв менежмент хийх юм бол морь, үнээ тугалаа тэжээнэ үү?, гахай нохойгоо бордоно уу? Ямар ч асуудал байхгүй. Хотжих, иргэнших асуудлын эхний алхам энэ юм.
– Газар чөлөөлөлтийн ажил үндсэндээ дуусах тийшээ хандаж байна. Гэвч чөлөөлөгдсөн газар дээр босох бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгаа нь иргэдэд эргэлзээ, хар төрүүлээд байх шиг.
– Олон нийт, иргэд гэдэг үгээр бусдын өмнөөс асуултаа тавьж байна уу?. (инээв) Гэхдээ иймэрхүү хандлага байгааг би мэдэж байгаа. Өнөөдөр нураалаа, маргааш бүтээн босгоно гэсэн яарсан сэтгэл хэн хүнд бий. Надад ч тийм тэмүүлэл байна. Дээр хэлсэнчлэн бидний ажил төлөвлөгөөний дагуу хийгдээд явж байгаа. Гэвч аливаа ажлыг хийж бүтээхэд төлөвлөөгүй саад бэрхшээл учирдаг. Иргэд мэдэж байгаа, улсын эдийн засаг хүндэрч, төсөв нийт улс орны хэмжээнд ээл муутай байгааг бүгд сонсож байгаа. Энэ сарын 15-ны дотор алх цохиж 2014 оны төсвийг албан ёсоор баталгаажуулсан хууль батлагдана. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын дийлэнх буюу 64.2 хувь нь амьдарч байна. Хотын төвлөрлийг сааруулахын тулд хотод хөрөнгө зарах биш, ирээдүйн хот болон хөгжих аймгуудад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэр ч үүднээс, мөн төсвийн хүрээний анхны мэдэгдлээс эхлэн зураг төслөө хийж яваагийн хувьд бид чамгүй зүйлийг хүлээж байна. Өнгөрсөн зун Дарьгангын Алтан-Овоо төрийн тахилгатай болсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд овооны энгэрт Соёл, спорт, аялал жуулчлалын цогцолборыг концессын хуулийн дагуу урьдчилж байгуулсан учир зарцуулсан мөнгийг төсөвт суулгах замаар гаргуулж авна. Аймгийн төвдөө 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгтэй болно, ер нь эхэлсэн хөрөнгө оруулалтуудаа авчих байх гэсэн найдлагатай байна. 3-р тойргийн замаа төсвийн бус, Хөгжлийн банкны юмуу бондын эх үүсвэрээр дуусгах, 4-р тойргийн замын трасыг ирэх жил тавина. Мөн чөлөөлөгдсөн газар бүтээн босгохоор төлөвлөгдсөн Боловсрол хороолол, Спорт цогцолбор, Усан бассейн, 1500 айлын орон сууцны ажил хийгддэгээрээ хийгдэнэ. Цаг хугацааны л асуудал. Үүнд санаа зовох зүйл байхгүй. УИХ, Засгийн газраас аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууцны барилгыг барьж эхлүүлнэ гэж зорилт дэвшүүлсний дагуу Баруун-Урт хотын төвд инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий 1500 айлын 3-5 давхар орон сууцны барилгыг барихаар төлөвлөж, байршлыг сонгож бэлтгэл ажил буюу газар чөлөөлөлтийн ажлаа бүрэн хийж дуусгаад байна. Ер нь бидний ажил анх ТҮЦ, амбаарыг чөлөөлөхөөс эхэлж байсан бол өнөөдөр иж бүрэн шийдэлтэй бүхэл бүтэн хороолол барих тийм хэмжээнд хүртэл өссөнийг хэлэх нь зүйтэй.
– “Боловсрол” хорооллын эхний ээлжийн 50 айлын орон сууц энэ ондоо багтаж ашиглалтанд орох ёстой. Ажлын явц ямар байгаа вэ?
– Энэ маань өөрөө 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, 200 хүүхдийн дотуур байртай, Боловсролын газар, Багшийн хөгжлийн ордон, Номын сан, Угсаатны зүйн музей, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, төвлөрсөн шугамд холбогдсон 64 м2 талбайтай 3 өрөөтэй 232 айлын амины орон сууц, худалдаа үйлчилгээний газар бүхий цогц хороолол баригдах төсөл юм. Төслийн 232 айлын орон сууцны барилгын ажлыг орон нутгийн төсвөөс 1 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжиж эхэлсэн. 11 дүгээр сарын байдлаар 50 байшингийн угсралтын ажил, 140 байшингийн суурь, инженерийн шугам сүлжээ, цэвэр бохир дулааны шугамын болон ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлууд хийгдэж байна. 200 хүүхдийн дотуур байрны ажил улсын төсвийн санхүүжилтээр эхлээд байна. Өнөөдөр “Боловсрол” хорооллын орон сууц, түүний суурь, шугам сүлжээний ажилд улс, орон нутгийн төсвөөс нийт 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Ашиглалтанд орох хугацааны тухайд уг орон сууц нь Германы технологиор хийгдсэн, сууриа цутгачихсан тохиолдолд угсралтын ажлыг ямар ч улиралд хийх боломжтойгоороо давуу талтай учир товлосон хугацаандаа орно. Галд тэсвэртэй, дулаан хадгалалт өндөр, хорхой шавьжнаас бүрэн хамгаалагдсан, удаан эдэлгээтэй, дахин ашиглах боломжтой барилгын материалаар баригдаж байгааг нэмж хэлье.
– Таны 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр таван үндсэн чиглэлтэй. Бүгд “хүн”-ийг онцолсон байна. Тэгэхээр хүн рүү чиглэсэн бодлого түлхүү баримталж ажиллана гэж ойлгож болох уу?
– Өмнөх бүрэн эрхийн хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээ, эдийн засгийн өсөлт, байгаль орчны тэнцвэрт харьцааг хангах зорилт дэвшүүлж, төрийн удирдлага хууль ёсыг бэхжүүлэх, батлан хамгаалах бодлого боловсруулж, гамшгаас сэргийлэх, хор нөлөөг арилгах асуудлыг гол чиглэлээ болгон ажиллажээ. Тиймээс ч хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд хүн ам, нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах зорилт тавьж, хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө “Ажилтай, орлоготой монгол хүн”, “Эрдэм боловсролтой монгол хүн”, “Эрүүл чийрэг монгол хүн”, “Аюулгүй орчинтой монгол хүн”, “Эрх чөлөөтэй монгол хүн” гэсэн таван чиглэлээр боловсруулан хэрэгжүүлж байна. “Human capital” буюу хүний капитал гэсэн ухагдахуун эдийн засаг, улс төр, нийгэм соёлын аль ч салбарт өргөн хэрэглэгдэх болсон цаг. Дэлхийн ихэнх эдийн засагчид, эрдэмтэд тухайн улс орны эдийн засгийн хөгжилд хүн хамгийн чухал үүрэгтэй гэдэгт санал нэгдэж байна. Хүний капитал гэдэг хүний эрүүл мэнд, боловсрол, мэдлэг чадварыг багтаасан цогц ойлголт. Эндээс эрдэм боловсрол нэн чухал. “Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аймгийн боловсролын салбарын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”-ийг баталж, 2013 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа. Энэ ч үүднээс дээр дурдагдсан “Боловсрол” хорооллыг байгуулахаар эхлүүлж байна. Сургалтын байгууллагын бүтэц хэв шинжийг оновчтой болгох, сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх үүднээс Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 2 цогцолбор сургуулийг задалж 4 сургуулийн бүтэц хэв шинжид оруулан, 3 дугаар бүрэн дунд сургууль, Онгон сумын сургуулийн их засвар хийгдэж, Баруун-Урт сумын 150 хүүхдийн цэцэрлэгийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Мөн Баяндэлгэр, Асгат, Түмэнцогт сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын ажил 70-80 хувьтай байна. 2013-2014 оны хичээлийн жилийн статистик үзүүлэлтээр аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 16 сургуульд 9811 хүүхэд суралцаж, 958 багш, ажилчид ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын үндсэн сургалтанд 3170 хүүхэд хамрагдсан нь өнгөрсөн жилтэй харьцуулбал 16 бүлгийн 522 хүүхэд нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хэдийгээр цэцэрлэг, сургуулийн тоо, хүүхдүүдийн хамрагдалт нэмэгдэж байгаа ч тийм ч хангалттай биш байгаа учраас шинээр сургууль, цэцэрлэг барих асуудал урьдын адил нэн тэргүүний хэрэгцээ хэвээрээ байна. Нөгөө талаар барилга, орчин нөхцөл бүрдлээ гэхэд багшлах боловсон хүчний ур чадвар, мэдлэг мэргэшил өндөр түвшинд байх ёстой нь зүйн хэрэг. Энэ ч үүднээс багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд аймгийн бүх сургууль, цэцэрлэгийн багш нарыг “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй” сургалт болон төрөлжсөн бусад сургалтанд хамруулж, төв хөдөөгийн сургуулиудад “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж, зарим сургуулийн дотуур байранд “Хүүхдийн хөгжлийн өрөө” тохижуулж материаллаг баазыг бэхжүүллээ.
– Боловсролыг дэмжинэ гэх мөртөө орон нутгийн Их сургуулийг татан буулгалаа гэж дургүйцэх хүн бас цөөнгүй?
– Бидний санаачилсан ажил бүр, бүр бүгдээрээ шүү тодорхой хэмжээгээр эсэргүүцэлтэй тулгарч, үгүйсгэлтэй нүүр тулдаг. Гэхдээ тэр бүрийд бууж өгөөд эхлүүлсэн ажлаасаа няцсан бол өнөөдөр аймаг маань хөгжлийн илэрхийлэл, жишиг аймаг гэгдэхгүй байсан. ШУТИС-ийн салбар Технологийн сургуулийн үйл ажиллагааг татан буулгасан нь нэгд аймгийн хөгжлийг цаашид залуурдаж явах залуу үе, хойч ирээдүйгээ илүү чанартай боловсрол эзэмшээсэй гэсэн үүднээс хийсэн ажил. Хоёрт дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Гэтэл манайхны нэрлэдгээр хар бор ажил хийх хүн байхгүй. ШУТИС-ийн салбарыг татан буулгаж, МСҮТ төв болгон өөрчилснөөр тэнд мужаан, талх нарийн боовчин, гагнуур сантехникийн ажилтан, бичиг хэргийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж байна. Нийгэмд хамгийн их эрэлттэй, хэрэгцээтэй мэргэжлүүд мөн үү? Энд л олонхийн эрх ашгийг дээдлэх үү?, цөөнхийн эрх ашгийг илүүд үзэх үү?, түүнчлэн алсыг харах уу?, жалга довондоо сэтгэх үү? гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Хариулт ойлгомжтой. Тийм учраас зөв шийдвэр гэдэгт итгэлтэй байгаа. Аливааг шүүн тунгаагаад зөв замыг сонгож чаддаг гэдгээ манай иргэд харуулсан. Энэ асуудал дээр ч тэгж хандаж байгаа гэж итгэж байна.
– “Эрүүл мэнд бол агуу баялаг” гэсэн үг байдаг. Маргашгүй үнэн. “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлаасаа дурдвал?
– Аливаа зүйлийг бий болгохын тулд урьдач нөхцөл заавал бүрдсэн байх шаардлагатай. Тухайлбал хүн сурч боловсрохын тулд сургууль, цэцэрлэг байх ёстой гэлээ. Үүний нэгэн адил эрүүл мэндийг хамгаалахын тулд нэн тэргүүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэдэд ойр байх учиртай. Хүн амд үзүүлэх яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангахад онцгойлон анхаарч Эрдэнэцагаан, Наран, Халзан сумын Эрүүл мэндийн төв, Онгон сумын сум дундын эмнэлгийн түргэн тусламжийн машины парк шинэчлэлтийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Аймгийн төвийн Тэмүүлэн, Энхжин, Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар засварлаж, дуудлагын машинтай болгосон. Онгон сумын сум дундын эмнэлгийн барилгыг шинээр бариулж, Эрүүл мэндийн төв, 50 ортой эх хүүхдийн эмнэлгийн барилгыг төсөвт өртөгт багтаан хийлгэж, Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийн засвар, уурын зуухны тогоог сольж, Уулбаян сумын эрүүл мэндийн төвийн бохирын шугамын засвар, Түвшинширээ сумын эмнэлгийн барилгын дулааны холболтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Аймгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлж өрх, иргэн бүрт хүрч үйлчлэх зорилтыг тавин ажиллаж, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх, эрүүл зөв зан үйлийг хэвшүүлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг тогтмолжуулж “Эрүүл хот, сум баг, ажлын байр, сургууль бий болгох” болон “БЗДХ, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, тэмцэх” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлж эхлээд байна. Алслагдсан нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор явуулын амбулаторийн үзлэгийг Асгат, Эрдэнэцагаан, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт сум, Баруун-Урт сумын 8, 9-р багийн иргэдийн дунд зохион байгуулж, ЭХО-ийн нарийн мэргэжлийн эмч нарын багийг газар дээр нь ажиллуулж, сумдад “Эх хүүхдийн баг” ажиллаж иргэд, эцэг эхчүүдэд сургалт явуулж мэдээлэл өгөх ажлыг тогтмол явуулж хэвшээд байна. Эмч мэргэжилтнүүдийг бэлтгэхэд гадаад харилцааны нээлттэй бодлого явуулж БНСУ, БНХАУ, Япон зэрэг орнуудад эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан болон эмч нарыг суралцуулж дадлагажуулсны зэрэгцээ аймгийн оношилгооны төв байгуулан өндөр чанар үзүүлэлттэй тоног төхөөрөмжөөр хангах бэлтгэл ажлыг ханган эмч нарыг сургалтанд хамрууллаа. Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх, “Уламжлалт анагаах ухааны төв байгуулах” зорилт тавин ажиллаж, энэ чиглэлээр ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Улиастай хошууны Монгол эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн аймгийн 10 эмч, мэргэжилтнийг уламжлалт эмнэлэг, сэргээн засалтын чиглэлээр 10 хоногийн хугацаатай сургалтанд хамрууллаа.
– Таны үйл ажиллагааны хөтөлбөр 4 жилийн хугацаанд хэрэгжинэ. Тэр хугацааны дөрөвний нэгд хийсэн ажлын үзүүлэлтийг энэ ярилцлагаар товч тайлагнахыг зорьж байна. Аймгийн хувьд 2012 оны байдлаар ажилгүйдлийн түвшин 10.7 хувьтай байсан. “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн биелэлт үр дүн ямар байна?
– Бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр тэнд шинэ ажлын байр, шинэ шинэ боломж нэмэгдэж байгаа нь гарцаагүй. 10 дугаар сарын байдлаар 1566 иргэнийг ажил зуучлах үйлчилгээнд хамруулж, 770 ажлын байр шинээр бий болж, 1544 хүн ажилд орсноос зөвхөн барилгын салбарт 115 хүн шинээр ажилд орсон нь манай аймагт бүтээн байгуулалтын ажил үр өгөөжөө хэрхэн өгч байгааг харуулж байгаа энгийн жишээ. Мөн ажилгүйдлийн түвшин буурч, хөдөлмөр эрхлэлтийн түвшин өсч байгааг харуулсан бодит тоо. Хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийн бодитой судалгааг гаргахад 888 байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 9 хувиар ахисан үзүүлэлт юм. Нэгдсэн дүн оны эцсээр гарах ч ерөнхийдөө эерэг үзүүлэлттэй байгааг харж болохоор байна. Орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийн түвшинг 5 хүртэл хувьд хүргэх зорилтын хүрээнд аймгийн бүтээн байгуулалт, бүтэц, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан уул уурхай, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч болон бусад салбарт ажиллах хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, ажилд зуучлах бодлого барьж байна. Хөдөлмөрийн салбарт хэрэгжиж байгаа бодлого, хөтөлбөр, ажил үйлчилгээг иргэдэд зориулалтын дагуу хүргэх, хөтөлбөр үйлчилгээнд хамрагдсан иргэдийн хөдөлмөрийн үр бүтээмжийг дээшлүүлэх талаар Хөдөлмөрийн хэлтэс болон сумдын ЗДТГ, холбогдох бусад байгууллагууд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээл, сум хөгжүүлэх сангийн зээл, жижиг зээлийн үйлчилгээнд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдийн зээлийн ашиглалт, ажлын байр шинээр бий болгож буй эсэх, мөн сумдад хийгдэж буй нийтийг хамарсан ажил, ногоон ажлын байр, бусад төсөл хөтөлбөрийн үр дүнд явцын хяналт, шалгалтыг хийж холбогдох үүрэг даалгаврыг өгч байна.
– Хөгжлийн толь болж буй жишиг аймагт нэрийн хуудас болсон брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ байх ёстой. Сүхбаатар аймгийг илтгэх брэнд бий болгох ажлын талаар?
– Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн хүрээнд аймгийн брэнд бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж, уг бүтээгдэхүүнийг байнга үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ” гэсэн заалт бий. Энэ ажлын хүрээнд 9 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд “Сүхбаатар хөгжил-2013” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. “Эрүүл хүнс”, “Алтан намар”, “Шилмэл мал” үзэсгэлэн худалдааг явуулж, бүх сумын 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцож, 30 нэр төрлийн 88.0 сая төгрөгийн хүнсний болон хүнс бус бараа бүтээгдэхүүн худалдсанаас гадна 34 малыг 6.8 сая төгрөгөөр борлуулсан. Мөн Улаанбаатар хотод зохиогдсон “Шилмэл мал”-ын үзэсгэлэн худалдааны үеэр 88 малыг 33.6 сая төгрөгөөр худалдаж борлуулсан байна. Энэ нь юуг харуулж байна вэ? гэхээр Сүхбаатар аймгийн мал сүрэг өөрөө брэнд юм гэдгийг харуулж байна. Аймгийг цаашид хөгжүүлэх үндсэн чиглэлд эрчимжсэн мал аж ахуй нэгдүгээрт тавигдаж байна. Дараа нь хариуцлагатай уул уурхай, транзит тээвэр, хил орчмын аялал жуулчлал орно. Мөн “Сүхбаатар хүнс” ХХК-ийн “Ган-Эрдэнэ” цехийн адууны утаж шарсан мах зэрэг бүтээгдэхүүн брэндээр шалгарч, аймгийн брэнд бүтээгдэхүүний тоо, нэр төрөл жилээс жилд өссөөр байна. Үүний зэрэгцээ Баяндэлгэр ноолуурын улаан ямааг үүлдэр болгох зорилгоор 14.0 мянган ямаанд ангилалт хийж, 720 ямаанаас ноолуурын, 50 ямаанаас цусны дээж аван холбогдох газарт хүргүүлээд байна. 2013 онд Баруун-Урт, Халзан, Уулбаян, Мөнххаан, Түвшинширээ сумд сум хөгжүүлэх сангаасаа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлд олон зуун сая төгрөгийн зээл олгосон нь энэ чиглэлийн брэнд бүтээгдэхүүн бий болгоход чухал нөлөө үзүүж байгаа юм.
– Бүтээгдэхүүний тухайд ийм байж. Үйлчилгээний талаар? Үйлчилгээний салбар уул уурхай, худалдаа үйлдвэрлэлийн салбарын нэгэн адил ДНБ-ий тодорхой хувийг бүрдүүлж, улсын эдийн засгийн ачааг үүрэлцэж явдаг чухал салбар. Гэтэл манай аймагт ч төдийгүй нийт улс орны хэмжээнд үйлчилгээний салбарын хөгжил, соёлын төлөвшилт дутагдалтай байдаг?
– Үйлчилгээ гэж ярьвал маш өргөн хүрээтэй асуудал юм. Тиймээс тус салбарын дотроос зарим нэгийг онцолж авч үзье. Аялал жуулчлал бол үйлчилгээний нэг том хэлбэр. Сүхбаатар аймгийг 2021 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай тусгагдсан. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь өөрөө алдагдал, зардал багатай, байгаль орчинд хор нөлөөгүйн дээр өгөөж ихтэй. Манай аймаг БНХАУ хэмээх маш том хөрштэй 485 км газар нутгаар хиллэж байна. Энэ бол давуу тал. Тэнд ирж буй олон жуулчдаас нааш нь татах боломж бололцоо бидэнд байна. Эрдэнэцагаан, Дарьгангын үзэсгэлэнт газруудаар дамжуулан Баруун-Уртад ирүүлээд буцааж болно. Бүр зүүн бүс нутаг эзэн Чингисийн өлгий нутаг, Буйр нуур, Халхын гол гэсэн маршрутаар аялуулбал мөнгийг татаж болно. Аялагчдад малчид тэмээ, морио унуулах, зураг авахуулах, цагаан идээ, шимийн архи зэрэг аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр үйлчилж болно. Энэ онд аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг шинэчлэн, Аялан жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулж гаргалаа. Мастер төлөвлөгөөний дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын брэнд болохуйц өв соёлыг тодотгож, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой байна. Мөн тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 5 төрлийн аялалын маршрутыг бэлэн болгож цахим сайтуудаар сурталчилж байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж хамтран ажилласнаар Дарьганга суманд “Шилийн сайн эрсийн чуулган” аялал жуулчлалын цогцолбор шинээр баригдаж үйл ажиллагаа эхлээд байгаа. Аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газрын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллах, дагаж мөрдөх шинэ журмыг төслөөр боловсрууллаа. Мөн худалдаа, нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын чанарыг сайжруулах, үндэсний хоол болон олон улсын стандартын шаардлага хангасан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тоог нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж байна.
– Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд та багтсан. Энэ айлчлал манай аймгийн хил орчмын аялал жуулчлал, транзит тээврийг хөгжүүлэхэд бодит үр дүнгээ өгсөн гэж ойлгож болох уу?
-Ганц өгүүлбэрээр хэлбэл Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлал манай аймагт маш өгөөжтэй айлчлал болсон. Олон жилийн турш яригдсан Монгол улсын далайд гарах хамгийн дөт зам бол Сүхбаатар аймаг, Бичигт боомтоор гарах явдал, энд Ази европыг холбосон 2 дахь гарцыг бий болгоно гэдэг яриа үндсэндээ бодит ажил хэрэг болох суурь тавигдлаа. Үүнийг дагаад аялал жуулчлал эрчимжих болно. Хоёр улсын ерөнхий сайд далайд гарах энэ замыг хүлээн зөвшөөрч байна. Бүтээн байгуулалтын ажлыг яаралтай эхлүүлье, Хятадын тал 2015 он гэхэд манай улсын хил хүртэл транзит зам тавина гэдгээ амлаж, Монгол Улсын Их хурал, Засгийн газар бодлогоо тодорхойлчихвол Хөөт-Чойбалсан чиглэлийн замд хөрөнгө оруулахад бэлэн байна, ирэх жил Бичигтийн чиглэлийн 290 км замын ажил эхлүүлэхэд Хятадын “Экзим” банк хөрөнгө оруулах боломжтой гэсэн санал ч энэ үеэр гарлаа. Улаанбаатар орохоос Зүүн хойд Азийн орнууд руу гарахад амархан байна уу? гэдэг асуултанд хариулт болж байгаа хэрэг юм. Өнөөдөр бид Улаанбаатар хот руу 10-12 цаг явдаг. Тэгвэл Бээжин рүү 7-8 цагийн дотор орчих боломжтой болж байгаа юм. Хилийн цаана гараад Бээжин рүү 45 минут ниснэ, Бээжингээс дэлхийн аль ч улс орон руу нисэх боломж байна. Энэ агуулгаараа Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал манай аймагт маш ээлтэй, чухал ач холбогдолтой болсон гэдгийг дахин хэлэх нь зүйтэй.
– Энэ их ажлын хажуугаар цаг гарган ярилцсанд баярлалаа. Их ажил гэснээс энэ олон ажлыг амжуулахад түлхэц болж байгаа хүчин зүйлийг юу гэж тодорхойлох вэ?
-Ерөөсөө л зорилго. Түүнийгээ хэрэгжүүлэх нарийн төлөвлөгөө. Их Британийн ерөнхий сайд асан Уинстон Черчилл “Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг үргэлж санаж, ажилдаа хэрэгжүүлэхийг зорьж явна. Бидний баг өнгөрсөн хугацаанд олон боломжийг олж харж, ашиглаж чадсан. Үлдсэн хугацаанд илүү олон боломж биднийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Ярилцсан Б.Энхтуяа