Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамааруулна. Одоогоор манай улсын нийт хүн амын 3-4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна.
Нийт хүн амын гурван хувь гэдэг нь анхаарал татахааргүй үзүүлэлт байж болох. Угаас Монголчууд бид жинтэйхэн зүйлийн хойноос л “чихээн дэлдийлгэчихээд”, жижиг сажиг зүйлсийг умартчихдаг сонин заншилтай ард түмэн.
Гэвч яг үнэндээ олонд ойшоогдохгүй өнгөрдөг энэ тооны ард 100 гаруй мянган хүний эрх ашиг нуугдаж байгаа. Тэд бидний л адил нийгмийн нэгэн үнэ цэнтэй гишүүн байж, сурч боловсорч, хөдөлмөр эрхэлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэх тодорхойлолт хүнийг хүнээс нь, нийгмээс нь заагладаг “хар ухагдахуун” биш. Тиймээс бид хөгжлийн бэрхшээлийн тухай эерэг ойлголтыг нийтэд түгээж, тэдгээр хүмүүст чиглэсэн төрийн бодлого шийдвэрийг тэгш хүртээмжтэй болгох, нийгэмд эзлэх байр суурийг нь дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар энэ тал дээр идэвхийлэн ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, ажлын байраар хангах, нийгэм дэх сөрөг хандлагыг арилгах чиглэлд үе шаттай олон үйл ажиллагааг зохиож байгаа.
Энэ удаад л гэхэд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 11 дүгээр сарын 18-нд болох уг хурлын гол зорилго нь төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх судалгаа, шинжилгээний ажлуудтай танилцах, улмаар яг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байгаа асуудлуудыг илрүүлж, үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршиж байгаа юм.
Олноороо хэлэлцвэл буруугүй гэдэг. Олны үзэл бодол чуулсан эл хурлаас өнөөгийн нөхцлийг өөд нь татах олон чухал санаа “ургах” учиртай.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст санаа амар аж төрөх таатай орчныг нь бүрдүүлж өгч чадахгүй бол хөгжил ярихын үндэс үгүй.
Чухамдаа төр нь иргэнээ, хүн нь хүнээ эрх тэгш хайрладаг ялгалгүй тогтолцоог ”нахиалуулсан” цагтаа л бид дэвшилд тэмүүлэх “тийзтэй” болно.
Д.Сүрэн