Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна. Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчны тохижилтыг үе шаттайгаар хийж байна. Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах энэ хотхон 24 цагаар ажиллана. Ажлын явц одоогоор 69 хувьтай, үлдсэн тохижилтыг энэ долоо хоногтоо дуусгахаар төлөвлөж байна. Тохижилт бүрэн дууссаны дараа уг талбайд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ариун цэврийн байгууламж 24 цагаар ажиллаж эхэлнэ” хэмээлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагчид мөсөн хотхоны талаарх сэтгэгдлээ “Цэнгэлдэхийн энэ орчин өмнө нь гэрэлтүүлэг муутай байсан. Ингэж гоё тохижуулаад чөлөөт цагаа өнгөрүүлж болох орчин бүрдүүлж байгаад баяртай байна. Гэрт ойр болохоор ирж тоглох газартай боллоо. Гэрлэн чимэглэлүүд, сүлд мод нь их таалагдаж байна” хэмээн хуваалцсан юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэхүү хотхоныг жишиг болгон байгуулж байгаа бөгөөд цаашлаад өөр өөр байршилд, жилийн дөрвөн улиралд иргэд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг тохижуулах юм.