Ноосны урамшуулалд дутагдах 11.8 тэрбум төгрөгийг зохицуулна

noos-middle

11-р сарын 30-ны өдөр хуралдсан засгийн газрын ээлжит хуралдаанаар “Ноосны урамшуулал”-д шаардагдах хөрөнгийн дутууг зохицуулхаар болжээ.

“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулах олгох тухай” журмаар гурав дах жилдээ ноосны урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. 2011 онд 21 аймгийн 229 сум, нийслэлийн хоёр дүүргийн нийт 32977 малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан нийт 4925 тн ноосны урамшуулалд 9.8 тэрбум төгрөг, харин өнгөрөгч онд буюу 2012 онд 21 аймгийн 332 сум, 6 дүүргийн 103162 малчны бэлтгэж, тушаасан 14695,5 тн ноосонд 29.4 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон байна.

Ноосны урамшуулал олгож эхэлснээр үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдлоос бүрэн гарч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явагдах боломжтой болсны зэрэгцээ ноос бэлтгэлийн чанарт анхаардаг болсноор ноосон түүхий эдийн ашиглалт нэмэгдэж эхэлжээ.

Энэ оны байдлаар 21 аймгийн 332 сум, нийслэлийн 6 дүүргийн нийт 124 мянган малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 189 үйлдвэрт тушаасан 18.4 мянган тн ноосны урамшуулалд 36,8 тэрбум төгрөг олгох тооцоо гарчээ. Гэвч 2013 оны Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцад ноосны урамшуулалд 25 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд ноосны кг тутамд урамшуулал олгоход 11.8 тэрбум төгрөгийн санхүүжилт дутагдалтай байна. Дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шаардагдах хөрөнгийн дутууг зохицуулах талаар хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналын дагуу холбогдох арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцээд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, татварын болон аж ахуйн нэгжийн хүсэлт, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн нэр бүхий таван компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтан-Өргөө”, тус аймгийн Түнхэл тосгонд байрлах “Царамт-Уул”, Хөвсгөл аймгийн Тариалан суманд үйл ажиллагаа явуулдаг “Сант жаргалант”, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дэх “Морьтон Монгол”, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Морьтон Монгол хурд” компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болголоо.

ТОВЧХОН:

·      2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурсан “Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

·      “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журамд өөрчлөлт орууллаа. Ингэснээр мөнгөн урамшууллыг мал хамгаалах сангаас орон нутаг руу шилжүүлж, мөнгө тараах ажлыг орон нутаг зохион байгуулдаг байсныг өөрчилж, Монгол банкаар дамжуулан арилжааны банкин дах малчдын дансанд шууд шилжүүлэх юм.

·      “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулах “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ын төслийг дэмжин тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтжээ.

·      Монгол Улсын Хүний эрхийн төлөө байдлын үндэсний илтгэлтэй холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн дунд хугацааны сайн дурын илтгэл бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий  сайдын захирамжаар байгуулахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …