Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр /2022.12.21/ Төрийн ордонд зохион байгуулсан юм.
Ерөнхий хяналтын сонсголд Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал танилцуулга хийлээ.
Нүүрс экспортлох үйл ажиллагаанд тус байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын тухай мэдээлэлдээ тэрбээр, талуудын бүртгэлийн аргачлал, гаалийн хууль, журам, горимын онцлогоос хамаарч нүүрс төдийгүй бусад бараа бүтээгдэхүүн ч тэр болгон тохирохгүй, аль аль талдаа зөрүү гарах тохиолдол байдаг гэсэн юм.
Түүний мэдээлэлд дурдсанаар, 2010-2011 онд улсын хилээр 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй байна.
Мөн, 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2,527 тээврийн хэрэгсэл 17,149 удаа улсын хилээр хоосон гарсан, Тавантолгой ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай байгуулсан 21 аж ахуйн нэгжийн худалдах, худалдан авах гэрээнд заасан хэмжээнээс 1.0 сая тонноор илүү гарсан, 12 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортлосон зэрэг асуудлууд тогтоогджээ.
2018-2022 оны дөрөвдүгээр сарыг дуусталх хугацааг хамруулсан шалгалтаар мөн 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна.
Эдгээр асуудлыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд өгсний зэрэгцээ Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, нягтлан шалгах, эцэслэн тогтоохоор хамтран ажиллаж байна хэмээн Р.Отгонжаргал дарга танилцууллаа.
Монгол Улс 2019-2022 онд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүд, Булган зэрэг боомтуудаар БНХАУ, Их Британи, Сингапур, БНСУ, ОХУ, ХБНГУ, Хонгконг, Испани зэрэг улсууд руу чулуун нүүрс экспортолжээ.
Үүний 92.1-98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна. Иймд Гаалийн ерөнхий газраас БНХАУ-ын Гаалийн байгууллагатай зарим бараа бүтээгдэхүүний статистик зэрэгцүүлэлтийг жил тутамд хийж, гарч байгаа зөрүүнд нөлөөлсөн хүчин зүйлсэд талуудын уулзалтаар дүн шинжилгээ, тодотгол хийдэг тухай тэрбээр ярив.
Гарч буй зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийх, тулгамдсан эрсдэлт хүчин зүйлсийг тогтоож, цаг алдалгүй хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, 2019 оноос хойш хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийг эрчимжүүлж, нүүрсний экспортын бүртгэл, хяналтыг сайжруулах чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа ажээ.
Гаалийн шинэчлэлийн хүрээнд Шивээхүрэн, Замын-Үүд, Гашуунсухайт зэрэг боомтуудад хүний оролцоогүй бүртгэж, сан үүсгэх ухаалаг гарцын систем нэвтрүүлж, нүүрс экспортлох тээврийн хэрэгсэлд хяналт тавих рентген төхөөрөмж, телекамер суурилуулсан байна.
Мөн гэрээ бүртгэлийн нэгдсэн системийг татварын байгууллага, гааль, татварын мэдээлийн технологийн төвтэй хамтран боловсруулж гаалийн бүрдүүлэлтийн цахим системд холбох бэлтгэлийг хангаж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ашиглаж эхлэхээр бэлдээд байгаа аж.
Үүний үр дүнд нүүрсний экспорт эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны гэрээнд заагдсан тоо хэмжээнээс экспортын бүрдүүлэлт хийгдэх тухай бүрт хасалт хийгдэж, үлдэгдлийг цахимаар хянах, гааль татварын мэдээллийн нэгдсэн системд чиг үүргийн байгууллагууд бүртгэл хийж, хяналт тавих боломж бүрдэнэ хэмээн Гаалийн Ерөнхий газрын дарга мэдээлэлдээ онцлов.
Түүнчлэн гаалийн төв болон салбар лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, нүүрс, ашигт малтмалын бүтээгдэхүүний чанарт олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц иж бүрэн шинжилгээ хийх боломжтой болсон байна.
Төв лабораторийг 2022 оны 10 дугаар сард БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлжээ.
Шивээхүрэн боомтод 2022 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулалгүйгээр экспортын ашигт малтмал, нүүрс зэргээс автоматаар дээж сорьц авч, үнслэг, чийглэг, илчлэг болон зарим дагалдах химийн элементүүдийн агууламжийг тодорхойлох төхөөрөмж суурилуулан, туршилтаар ашиглаж эхэлсэн байна. Төхөөрөмжийг цаашид Гашуунсухайт, Булган зэрэг автозамын таван боомтод нэмж суурилуулахаар ажиллаж байгаа юм.
Энэ бүхэн нүүрсний экспортод тавих хяналтыг түргэн шуурхай болгох, гаргаж буй нүүрсний чанар, орц найрлагад үндэслэн ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг бодитой тооцож, төвлөрүүлэх ач холбогдолтой гэж Р.Отгонжаргал дарга мэдээллээ.