“Сычуаны сайн хүн” жүжгийг үзээд гоё гялгар магтаал бичих гэхээр тэнд гялтайх сайхан юм байхгүй л дээ. Ваав ямар тансаг хувцас чимэглэл вэ, воо ямар их мөнгө зарцуулж бүтээгээ вэ, тэр гол дүрийн тансаг даашинз, гялгар хүрэм…. Үгүй үгүй, тийм юм ердөө ч байхгүй.
Хөөрхий үнэн гэдэг чинь үрчийсэн даавуутай л адилхан болсон цаг шүү дээ. Ер нь үнэн хэзээ гялгар гоё байлаа даа.
Нүд сохлом гялгар шоу үзүүлбэр үзсээр байгаад үнэний хараа маань муудаад одоо бүр сохрох дээрээ тулчихсан яваа бидэнд 3D-гийн нүдний шил хэрэггүй жүжиг юм.
Өөрийнхөө, өөрсдийнхөө үнэнийг “Хувиргагч шилгүй” үзсэн надад жишээ нь өөрийгөө өмөөрч дотогшоо нэг өмөлзөөд, өөрсдийгөө үзэн ядаж гадагшаа нэг их урт санаа алдуулсан л жүжиг.
Хүн болж хүзүү толгой холбосон цагаасаа хойш аав ээждээ сайн хүүхэд, дараа нь сайн эхнэр, нөхөр, сайн ажилтан, сайн найз, ер нь сайн хүн байх гээд хичээгээд хичээгээд…. Эцэст нь өөрийнхөө үнэнээс бүр холдоод бүр эргээд өөрийгөө ч танихаа байчихсан тийм л амьдрал.
Уг нь хүн болж энэ хорвоод төрөхдөө цэв цэвэрхэн цагаахан даавуу л ирдэг гээ биз дээ. Энэ хугацаанд өөрийнхөө “Би”-гийн өнөө муу үрчийсэн даавуун дээрээ хэчнээн ч янзын шошго нааж, алдар нэр, албан тушаал эрээчиж, цэцэг навч сараачсан юм бүү мэд. Түүнийгээ би сайн явна, хүн шиг амьдарч байна, би ер нь сайн хүн гэх мэтээр эгогоо тэжээчихнээ бас.
Эцсийн эцэст бүгд л энэ цагт “биеэ үнэлж” л амьдарч байгаа шүү дээ Шэн Ти шиг. Толгойтой нь толгойгоо, бөгстэй нь бөгсөө. Ер нь нэг л биеэс хойш бөгс, толгойгийн ялгаа байгаа юм уу, үгүй ч юм уу?Гэхдээ алд биеэ албан тушаалаар сольдогуудаа бид сайн хүн гэж нэрийддэг. Тэдний арга заль, хуурамч дүр олон хувилбартай яг л Ян Сун шиг. Харин биеэ үнэлэгч, архичин, халаасны хулгайч, ноорхой бол их муу хүн л дээ.
Биеэ үнэлэгч сайн хүн гэж болохгүй гэж үү? Манай хотынхноор бол болохгүй. Яагаад гэвэл арга заль, өнгөлөн далдалт, хуурмаг дүр гаргахаа мэдэхгүй Шэн Ти шиг жаахан тэнэгдүү хүмүүс олон. Тэд тэнэг юм чинь муу хүн. Одоо үед гадаад дүр эсгэлт чухал болохоос дотоод мөн чанар сонин биш л дээ.
Гаднаа гяланцаг тусмаа л тэд сайн хүн. Сычуан биш манай хотынхны сайн, муугийн үнэлэмж ер нь ийм амархан. Шуудхан хэлэхэд шударга бол тэнэг хүн. Тэнэг бол муу хүн. Дарга бол их сайн хүн. Дарга нь баян бол бүр сайн хүн. Гүйцээ.Эрт үеийн Сычуаны иргэд ёстой залхуу, заваан, архичин, бэлэнчлэгч ёстой адгийн шаарууд юмаа яг манай эдүгээгийн хотынхон шиг. Аа гэхдээ нэг юмаараа ялгаатай юм байна шүү. Манай хотынхон гаднаа үнэхээр гяланцаг шүү олонх нь приустэй дотроо бүгд жиптэй болох мөрөөдөлтэй, ухаалаг утасгүй хүн хайгаад олдохгүй, харин утаснаасаа ухаалаг нь их цөөхөөн.
Сычуаны ядуучуудаас бол шар айрагны мухлаг, солонгос хоолны газраар битүү налайж суудаг үнэхээр баян. Бодоод байсан чинь гаднаа гяланцаг л болохоос дотоод паланцагийн хувьд нэг их ялшгаа байхгүй юм байна.Хүмүүст жаахан “тэнэгдүү” гэдгээ усны худалдаачин шиг мэдэгдчихвэл шуурч ирээд гар биш сэтгэлийг нь сэгчээд өгнө. “Тэнэг” хүмүүсийн дотор ямар сайн хүн, сайхан сэтгэл оршиж байх бол хамаагүй. Олон хүмүүст өөрөөс нь доогуур ганц нэг хүмүүс үргэлж хэрэгтэй байдаг. Хүн гэдэг чинь хэн нэгнээс дээгүүр гэдгээ мэдэрч байж бас сэтгэл нь цаддаг амьтан юм шиг. Олдсон золиос руугаа сүрэглэж байгаад л дайрчихна.
“Сычуаны сайн хүн”-ийг бичигдэж байх үед тийм л байж. Одоо бол сошиалаар сүрэглэж байгаад нөгөө муу “усны худалдаачнаа” нэг мөсөн замаасаа зайлуулж байж л санаа нь амарна даа. Харин “улсын худалдаачнаа” тахин шүтэх шахна. Яг бидний дүр хэвээрээ ялгаа ч алга. Улам л зэрлэгшиж, арга нь ухаалаг болсон юм уу даа. Усны худалдаачин шиг золионд гарахгүйн тулд Ян Сун шиг буюу “Улсаа худалдагч” болох ёстой. Жирэмсэн эхнэр, үр хүүхдээ “Үйлдвэрийн барьцаанд” тавьдаг шиг л….Ер нь одоо цагт МУУ ХҮН БАЙХГҮЙН ТУЛД “САЙН ХҮН БОЛОХ” гэж зарим нь байдгаараа дүр эсгэдэг харин зарим нь САЙН ХҮН БАЙХЫН ТУЛД “МУУ ХҮН БОЛОХ”-оос өөр аргагүй л байдаг аж.
Ийм дүрээр л бид амьдралынхаа жүжигт тоглоод явж байна.Сычуаны сайн хүний тайз. Тэр үрчийж үнгэгдсэн даавуунууд бол амьдралын жүжигтээ ядарч туйлдаад тамтагаа алдсан бидний дотоод сэтгэл юм. Тиймээс нэг их муухай, үзэмжгүй, урлаггүй санагдаагүй.
Нүд сохлом шийдэл, мөнгө үнэртсэн тайзнаасаа бид нэг удаа ч гэсэн буугаад гялгар эриний хөлд чирэгдэх гэж зүдэрсэнгүй ая тухтай байв. Яг л гэртээ нүцгэн бие дээрээ нөхрийнхөө хуучин пудволкны тамтаг нөмрөөд гал тогоондоо нүүрний будаггүй, гурилтай шөл буцалгаж байгаа аятай.
Үнэн гэдэг чинь үрчгэр даавуу шиг хэрнээ их тухтай байдаг юм байна. Гэртээ, ганцаараа байхдаа хүн ихэнхдээ нүцгэн юм уу эсвэл ямар нэг юм нөмөрдөг. Түүн шиг ая тух хаана байна. Яг л тийм байв “Сычуаны сайн хүн”.
Үнэнтэйгээ нүүрэлдсэн орой байлаа. Үнэнтэй минь уулзуулсан жүжиг байлаа. Өөр уран гоё үг, урлагийн онол, номлол илүүц байна.
А.Мөнхжин