Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл Зүйн Ёс Зүйн Форум”-ыг тав дахь жилдээ “ЁС ЗҮЙН ҮНЭ ЦЭН: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Өнөөдөр тус форумаар “Ёс зүй, итгэл үнэмшлийн эрсдэл: Хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг сэргээх нь” болон “Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” гэсэн сэдвийн хүрээнд хоёр салбар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Эрэн сурвалжлах сэтгүүлч С.Будрагчаа: Иргэд уншигчид маш хэрсүү болсон. Тэд дуулиан шуугианаас илүүтэйгээр баримттай, бодитой, тэнцвэртэй мэдээлэлд илүүтэй итгэдэг болсон.
Иргэдийн хүсэл таашаалд нийцсэн чанартай мэдээллийг түгээж байж л тэдний итгэлийг татаж чадна.
МСНЭ-ийн Хууль, ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч З.Боргилмаа:Худал мэдээлэл түгээхийг манайд эрх мэдэлтний эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна.
Хэвлэл мэдээллийн орчинд хамаарах эрх зүйн өөрчлөлтүүд эрх мэдэлтэн, албан тушаалтны нэр төрийг хамгаалахад л чиглэх болсон. Иргэний хуулиар хувь хүний нэр хүндийг хамгаална. Харин албан тушаалтны алдар хүндийг Эрүүгийн хуулиар хамгаалахыг зорьж байна. Худал мэдээллийг олон улсад нийгмийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж байхад Монголд хувь хүний, тэр дундаа эрх мэдэлтний эсрэг гэмт хэрэг гэж үзэж байгаа нь алдаа юм.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг:Олон ургалч байдал, оролцоог хангаснаар сэтгүүл зүйн бүтээлүүд илүү чанартай болж, иргэдийн хэвлэлд итгэх итгэлийг сэргээнэ.
МУИС-ийн багш, доктор Д.Идэржаргал:Сэтгүүл зүй ёс зүйтэй ажилласнаар олон нийтийн итгэлийг олж авдаг.
Олон нийтийн итгэлийг олж авахын төлөөх ёс зүйн мэдэгдлүүд манай сэтгүүл зүйд үгүйлэгдэж байна. Редакц мэргэжлийн ямар ёс зүй баримталдаг, үүнийг бүтээлдээ хэрхэн ашигласан зэргээ хэрэглэгчдэдээ тогтмол тайлбарладаг, ил тод мэдээлдэг соёл дутагдаж байна.