Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд байдаг

 “Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд байдаг” гэдэг үгийн үнэ цэнийг Монголчууд бид хэзээ ухамсарлах вэ?

Ажил хийлгүй амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн итгэл сэтгэл дээр залилан мэхлэгчид “чихэр дээр суух ялаа шиг” оволзож, койн, виртуал валют, сүлжээний бизнес, хонжворт сугалаа гэх зэрэг аргаар дамжуулан мөнгөө амархан өсгөж, баян болох боломж байна хэмээн “чихэн дээр нь цэцэг” ургуулж, мөнгө хөрөнгийг нь залилдаг.

Яг л хүүхдийн Буратино зохиол дээр гардагчлан Базилио муур, Алиса үнэг хоёр модон хүүхэлдэй болох Буратиног мөнгөө газарт булаад, усалбал мөнгөний мод ургаж, мөнгө нь олон болж үрждэг гэх мэхлэн мөнгийг нь залилдаг шиг. Харамсалтай нь энэ хүүхдийн зохиолд гардаг үлгэр үнэн бодит амьдрал дээр ч биелдэг.

Ийм төрлийн залилагчдын шалгарсан арга нь эхний хүмүүст мэдэгдэхүйц ашиг, хувь олгож эхэлдэг. Дараа нь өнөөх түр зуурын “ашиг ологчид”-оороо дамжуулан бусдыг сүлжээндээ нэгтгэх ажлыг даллан дууддаг.

Манайхан болсон хойно эрүүл сэтгэлгээ, энгийн логикт итгэхээс илүүтэй бусдын аман сэнхрүүлэг, амнаас ам дамжин яригдах “нөгөө хэн тэнд элсээд, койн аваад тэгж баяжиж гэнэ” гэсэн ярианд үнэнээсээ итгэж, орон байр, унаа машинаа барьцаалан, тавьсан мөнгөөрөө койн, виртуал валют худалдан авч, сүлжээнд элсэж, сугалаанд оролцож мөнгөө тавиад туучихдаг.

Дараа нь залилуулсныхаа мэдсэн ч нэгэнт хожимдсон байдаг. Мөнөөх залилагчид хэзээ таны болон бусдын мөнгийг үрчихсэн, гадаад дотоодод зугаалчихсан, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаад авчихсан байдаг.

Үнэн байдал ийм атал өнөөдрийг хүртэл амар хялбар аргаар мөнгөтэй болохыг хүсэгчид Койн, сүлжээний хохирогчид болсоор л. Арга барж, дээш тэнгэр хол, доош газар хатуу болсон хохирогчид төр засагтаа хандаж аврал, тусламж эрнэ.

Гэвч татвар төлөгчдийн мөнгөөр сүлжээний хохирогчдын мөнгийг төлж болохгүй нь ойлгомжтой. Тиймээс хууль шүүхийн байгууллага энэ асуудалд шуурхай хандаж, залилан мэхлэгчдийг сууж байх газар нь суулгаж, хууль бусаар олсон орлого, хөрөнгийг нь битүүмжилж, дуудлага худалдаагаар оруулж худалдан хохирогчдын хохирлыг барагдуулахын төлөө ажиллах учиртай.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …