ЗТХЯ:Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замыг энэ онд эхлүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, “түгжрэлгүй” түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлээд байна.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ЗТХЯ-ны харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд 2023 онд салбарт хийх бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын зам, тээврийн салбарт 2023 онд томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн, ахиц дэвшил гарсан, ажлын ачаалал, үүрэг хариуцлага нэмэгдсэн жил байх болно.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж түгжрэлгүй түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлж буйг онцлоод авлига, хүнд суртлаас ангид, ил тод, нээлттэй, цахим салбар болохоор төлөвлөж байна.

Удирдлагуудаасаа хариуцлага нэхдэг, ажилчдынхааа эрх ашгийг хамгаалдаг, ард иргэддээ нээлттэй, ил тод, шуурхай үйлчилдэг болгох зорилт тавьж байгааг хэллээ.

Түүнээс гадна зам, тээврийн салбар бол эдийн засгийн хөгжлийн “судас” нь юм. Иймд тээврийн салбар түргэн, саадгүй, бүтээмж өндөртэй, хариуцлагатай байх ёстой.

Төмөр зам, автотээвэр, автозам бүхий л салбарт аюулгүй ажиллагааг бүх шатанд мөрдүүлж, хариуцлага, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлнэ” хэмээн тодотгон хэлсэн юм.

  ОХУ-БНХАУ-Г ХОЛБОСОН ТРАНЗИТ ТЭЭВРИЙГ ЭХЛҮҮЛНЭ

2023 онд автотээврээр улс хоорондын 34.0 сая.тн ачаа, улс, хот хооронд 1.4 сая зорчигч тээвэрлэнэ.  Мөн улсын чанартай авто замын дагуу 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулж, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 3 улстай байгуулна.

Олон улсын авто замын сүлжээний АН-4 коридороор ОХУ-БНХАУ-г холбосон транзит тээврийг эхлүүлнэ.

546 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ, 229У/М ТӨМӨРБЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг байнгын ашиглалтад оруулахаар шат шатандаа төлөвлөн ажиллаж байна. Мөн улсын хэмжээнд 546 км авто хатуу хучилттай авто зам, 229 у/м төмөр бетон гүүр ашиглалтад оруулна. Өөрөөр хэлбэл өнгөрөгч оноос шинээр ашиглалтад орох замын урт 13% иар нэмэгдэх юм.

107 км авто замын их засвар, 311 км авто зам, 1,205 у/м гүүрийн урсгал засварын ажлыг эхлүүлж, нийт  31 төслийн 600 км авто зам, 800 у/м гүүрийн зураг төсөл боловсруулна.

 “Шинэ тойрог зам барих” төслийн эхний шатны Туул голын эрэг дагуух хэсэг болон Нисэхийн хурдны авто замтай холбох  ажлыг эхлүүлнэ.

Ховд-Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замыг  эхлүүлнэ. Нутгийн зам: 73,4 км авто замын төслийн ажлыг үргэлжлүүлнэ.

ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ ЧИГЛЭЛИЙН 426.7КМ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ

2023 онд төмөр замаар 35.0 сая.тн-оос доошгүй ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр төмөр замаар тээх ачаа 26.8% -иар нэмэгдэх юм. Хөдлөх бүрэлдэхүүнийг 8 зүтгүүр, 800 вагоноор нэмэгдүүлж, Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 14.5 галт тэрэг хүлээлгэн өгнө.

Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян өртөөг өргөтгөж,“Богдхан төмөр зам” төслийн ажлыг үргэлжлүүлж, барилгын ажлын гүйцэтгэлийг 30%-д хүргэнэ.

Мөн холболтын төмөр замууд, шинээр 4 чиглэлийн нийт 1,399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулна.

Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426,7 км төмөр замын төслийг эхлүүлнэ.

АГААРЫН ХӨЛГИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, 4 ШИНЭ ОНГОЦТОЙ БОЛНО

Агаарын тээврээр 14,0 мян.тн ачаа тээж 1.5 сая.зорчигч тээвэрлэнэ. Үүнээс олон улсын чиглэлд 1.05 сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр агаарын ачаа тээвэр 8.5 %, зорчигчийн тоо 66.7%-иар нэмэгдэнэ гэсэн үг юм.

АНУ-тай “Open sky” агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулсан. Австрали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлнэ. Орон нутгийн нислэгийг сэргээж, 9 чиглэлд тогтмол нислэгтэй болж, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, шинээр том оврын 4 онгоц оруулж ирнэ.

САЛБАРЫН 91 ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРЭН ЦАХИМЖУУЛНА

Авлигаас ангид шилэн, ард түмэндээ ойр цахим яам болох зорилтын хүрээнд салбарын хэмжээнд нийт 91 үйлчилгээг бүрэн цахимжуулж , үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй болгоно. Тодруулбал,

“Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл хийж, бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулна.

Салбарын нэгдсэн платформтой болж төрийн бусад  байгууллагуудтай мэдээлэл солилцох ажиллагааг бүрэн цахимжуулна.

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ (RFID) нэвтрүүлж, авто замаас төлбөр авах үйл ажиллагаа, техникийн хяналтын үзлэг, татвар, даатгал, торгуулийн мэдээллийг бүрэн цахимжуулж, хяналтыг сайжруулна.

Үнэмлэх, гэрчилгээ, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод нээлттэйгээр бүрэн цахимжуулж хүнд суртал, авлигаас ангид байлгах зорилтуудыг тавьж, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг хийж байна.


Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …