Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс 2022 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг байгууллагуудын удирдлагуудтай албан уулзалт хийж, зарим чиглэлийг өгөн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд нэгдүгээр сарын 24-ний өдөр Монголбанкны удирдлагуудтай уулзаж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн юм.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2023.01.31/ Улсын Их Хурлын даргатай уулзаж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр Засгийн газар, холбогдох яамд болон бусад төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, 2023 оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оныхоос бууруулахгүй байх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, экспортыг дэмжиж, импортыг орлуулах тал дээр хэрхэн ажиллахаа тусгасан төслөө Улсын Их Хурлын даргад гардуулав.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Төсвийн, Эдийн засгийн байнгын хороод болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас байгуулсан ажлын хэсэгтэй хамтран Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний тухай төслийн талаарх хэлэлцүүлгийг ирэх хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулах чиглэл өгсөн юм.
Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч Төв банкны зүгээс банкуудын “IPO” зарлах ажлыг хуульд заасан хугацаанд гүйцэтгэх тал дээр анхааран ажиллаж буйгаа дуулгаад, өнгөрсөн онд “Голомт” Төрийн банк “IPO” зарласан бол “Хаан”, “Хас”, Худалдаа хөгжлийн банкуудын IPO зарлах ажлыг хуулийн хугацаанд буюу энэ оны зургаадугаар сараас өмнө амжилттай зохион байгуулна гэлээ.
Түүнчлэн 10 их наядын хөтөлбөрт тусгагдсан гурван хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, зээлийн төлөлт болон эрсдэлийн тал дээр анхааран ажиллаж байгаагаа дурдаад, хяналт шалгалтын ажлын тайлан мэдээг ирэх хаврын чуулганд танилцуулна хэмээсэн юм.
Цахим орчинд яригдаж буй төв банкны удирдлагууд банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой эсэх асуудлаар банкны бүх ажилтнуудад асуулга тавьж, Авлигатай тэмцэх газарт хандсан байна. Түүнчлэн Монголбанкны улсын байцаагчийн болон ёс зүйн дүрмүүдийн дагуу тодорхой арга хэмжээг авч байгаа бөгөөд үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна.
Монголбанкны зүгээс экспортыг дэмжих чиглэлээр 2022 онд хийсэн ажлуудаа энэ онд үргэлжлүүлж байгаа аж. Тэр дундаа уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрлэлийг ногоон хөгжил рүү түлхүү чиглүүлэх боломжуудыг бий болгох, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татах уулзалтуудыг эхлүүлжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Уул уурхайн бус экспорт, тэр дундаа ноолуурыг нэмүү өртөг шингэсэн, боловсруулалт сайтай бүтээгдэхүүн болгохоор холбогдох яамтай хамтран ажиллаж байгаа.
Бид 10 мянган тонн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргавал жилд дунджаар 1.5 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэсэн тооцоо гаргасан.
Нэг жишээ дурдахад өнгөрсөн 2022 онд “Оюу толгой” компанийн орлого 1.4 тэрбум ам.доллар байсан.
Бид ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортолж чадвал энэ хэмжээний орлого олох бүрэн боломж бий” гэв.