Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой салбарын өнгөрсөн оны төмөр замын бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн зорилго, төлөвлөлтийн талаар ярилцлаа.
–Өнгөрсөн онд шинээр гурван төмөр замыг ашиглалтад орууллаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэр хэр хэмжээтэй явагдаж байна вэ?
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замд өнгөрсөн оны 12 дугаар сард техникийн комисс ажиллаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн байгаа. Зүгшрүүлэх тээвэрлэлтээр мидлингийн тээвэр явагдаж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ч мөн ялгаагүй бүрэн дууссан. Улсын комисс хүлээж аваагүй байгаа.Энэ оны тавдугаар сар гэхэд бүрэн хүлээн авахаар төлөвлөж байна. Уул уурхайн бүтээгдэхүүн, ашигт малтмалын эрэлт хэрэгцээ өндөр байгаа энэ үед шуурхай, хямд тээвэрлэхэд төмөр зам хамгийн чухал байна. Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд автотээврээр 1тонн нүүрсийг 32 орчим доллараар зөөж байгаа. Төмөр замаар тээвэрлэх үнэ гурав дахин хямд байх техник, эдийн засгийн үндэслэлтэй тооцоо байна.
Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нэг жилд 30 сая.тонн, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийнх 25 сая.тонн, Зүүнбаян-Хангийнх 15 сая.тонн ачаа тээвэрлэх боломжтой дэд бүтэц гэсэн тооцоо бий. Энэ нь техник, эдийн засгийн үндэслэлтэй тооцоо. Бодит байдал дээр үүнийг хэрэгжүүлэхийн тулд үе шаттайгаар явах шаардлага тулгарч байна. Өнөөдөр замаа бариад л дээрх тооны ачаа тээвэрлэх боломжгүй. 2023 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая.тонн, нийт 8 сая.тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ингээд ойрын гурван жилийн дараа гэхэд 15сая.тонн ачаа тээвэрлэх үүрэг өгч, шат шатандаа хичээн ажиллаж байна.
-Хил холболтын төмөр замуудын ажил аль шатанд явж байна?
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тухайд БНХАУ-ын талтай хил холболтын цэгээ тохирчихсон. Техник, эдийн засгийн үндэслэлийн зураг хийгдээд явж байна. Зураг төсөл дээрээ хятадын талтай тохирох ажлыг яаравчлан хийж, 2023 онд бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр төлөвлөсөн. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг орон нутгийнх нь хэмжээнд тохирчихсон. Цаашдаа баталгаажуулахаар ажиллаж байна. Тээвэрлэлтийн хэмжээг техник, эдийн засгийн үндэслэлд хүргэхэд хил холболтын төмөр замаа барьж дуусгах, хоёр улсын хил боомтын хүчин чадал хамаарна.
-Боомтын сэргэлтийн хүрээнд 2023 онд шинээр барих төмөр замын төслүүдийн тухайд?
-Баруун босоо буюу Арцсуурь-Шивээхүрэн-Сэхэ боомт чиглэлийн төмөр зам, зүүн босоо буюу Эрээнцаваас-Хөөт-Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлнэ.Тус төсөлд Монгол Улсын Засгийн газраас Монголын төмөр зам ТӨХК концесс эзэмших эрхийг өгсөн. Шалгаруулалт нь явагдаж байгаа. Монголын төмөр зам ТӨХК-д эрхийг өгсөн нь суурь бүтцээ төрийн мэдэлд байлгах бодлого юм.
-Замын-Үүд-Шаргын-Овоо чиглэлийн 14.2 км төмөр замыг хос болгочихлоо. Цаашид хос замаа нэмэх боломж бий юү?
–Улаанбаатар төмөр замын ХНН-ийн хамгийн ачаалалтай хэсэг нь Сайншандаас Замын-Үүд чиглэлийн төмөр зам юм. Өнгөрсөн жил Шаргын-Овоо хүртэл замыг Улаанбаатар төмөр зам ХНН өөрсдийн хөрөнгө оруулалтаар хос болгосон. Мөн Замын-Үүдээс Эрээн чиглэлд өргөн царигийн хоёр, нарийн царигийн нэг замыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьчихсан. Энэ оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулчихна. Цаашдаа үе шаттайгаар хос болгоод явах зорилготой байгаа.