Ерөнхий сайд зангарагтай ажиллах цаанаа л нэг урамтай юм. Ерөөс бужигнуулж байна. Нүүрсний хулгайчидтай ширүүхэн “дайтаж” эхэллээ, одоо л тэдэнтэй хийх тэмцэл шуудрах нь дээ…
Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн. Энэ жишгийг Т.Аюурсайхан ч дагав. Ийм үр дүнд хүрнэ чинээ санасангүй. Одоо Ш.Раднаасэд тэргүүтнүүд ямар үйлдэл гаргахыг л харъя. Гарцаагүй байдалд орсон доо. Ерөнхий сайдын “атганд орчихсон”. Тодорхой. Л.Оюун-Эрдэнэ овоо байна. Овжин байна.
Урьд өмнө хэзээ ч ийм олон гишүүн ийм богино хугацаанд дуу дуугаа авалцан өргөдөл чирэгдэл барьж байсангүй. Сонсох нь УИХ-ын 17 гишүүн АТГ-д мэдүүлэг өгсөн байна билээ. Дөнгөж сая гэхэд л УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын хэрэг шүүхэд шилжлээ.
Энэ бол дөнгөж эхлэл. Цаана нь өчнөөн бартаа бий Оюун-Эрдэнэд. Нэн тэргүүнд манай намд нүүрсний хулгайч байхгүй хэмээн “бүлтэрдэг” даргатай намын бүлгээ “шахах” шаардлага үүснэ.
Түүний дараа УИХ-тайгаа “тэмцэнэ”. Цаадуул нь гишүүдээ зүгээр ч нэг явуулчихгүй. Хойноос “Чаргууцалдах” нь дамжиггүй биз. Ард түмний тус энд л утгаараа хэрэг болно. Олноос олуулаа харж байгаа нь л хамгийн том “зэвсэг” болно. Гарцаагүй. Гагц энэ дэмээр л тэр амжилт олно.
Эцэст нь прокурор, шүүхийнхэн гэж нэг “саад” байна.
Прокурорынхон шалгахыг бол шалгаад явуулдаг. Гэтэл АТГ-аас шилжүүлсэн хэргүүдийн 50 хувь нь л шийдэгддэг гэж байгаа. Үүнийг засах хэрэгтэй. “Ойгүй баян, “увайгүй зальтай” прокуроруудыг “базах” арга олох шаардлагатай.
Шүүхийн төрх бол нэгэнт ил болчихсон. Үе, үеийн улс төрчдийн “ойрын хүрээнийхэн” л дүүрчихсэн газар. Чанга тулаан энд л өрнөнө. Чадал шалгана даа.
Эвгүйдээд ирэхээрээ өнөө “аваргууд” парламенттайгаа “хуйвалдаж” ЗГ-аа огцруулахаар “улайрна”. За нэг ийм л “драм” өрнөх нь дамжиггүй. Төгсгөлийг нь харин тааварлахад бэрх юм.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнийг хараад байхад гарц, шийдэл, гаргалгаа олоод сурчихсан харагдаад байна. Түүний засаглалын үед АТГ-аас шалгаж байгаа хэргийн тоо 18 дахин, хохирлын хэмжээ 180 дахин өссөн гэдэг статистик бий. Энэ бол мань эрийн авилгачид, нүүрсчдийн бүлэглэлтэй овоо “нүдэлцэж” байгаагийн баталгаа билээ.
Ингээд дүгнэхэд Л.Оюун-Эрдэнийн замнал бартаа саад ихтэй ч басхүү гэгээтэй харагдаж байна. Х.Нямбаатар ч үнэнхүү тусаар дэмнэж харагдана. Сайшаалтай.
Д.Дамдин
Амлалт.мн