Хошой аварга малчин Б.Равагт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан,  ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Хошой аварга малчин, гавьяат малчин, Увс аймгийн Тэс сумын ахмад малчин Б.Равагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Тэрбээр Увс аймгийн “Лениний зам” нэгдлээс ажлын гараагаа эхэлж мал аж ахуйн салбарт тасралтгүй 60 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа 27 жилд нь эх мал маллаж, мал сүргээ үйлдвэрлэлийн даалгавраас давуулан өсгөж, сүүлийн арван жилд олон мянган төл малыг хорогдолгүй бүрэн бойжуулж, малд тарга тэвээрэг авахуулах, малаас авах ашиг шимийг өсгөх болон мал сүргийн бүтцийн зохист харьцааг бий болгох, малын үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхааран уйгагүй хөдөлмөрлөж, БНМАУ-ын хошой Аварга малчин, хошой Энх сүрэгтэн, Мянгат малчин цолыг хүртсэн байна.

Мөн төрөлх сумандаа хүмүүнлэгийн ажлыг өрнүүлэн баг болон сумынхаа 30 гаруй айл өрхийг 1,000 гаруй толгой халуун хошуут малаар малжуулж, мал маллах уламжлалт арга ухааныг залуу малчдад өвлүүлж, малчдын залуу халааг бэлтгэн хойч үедээ үлгэрлэж, хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …