Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна.
2021 онд ДЭМБ-аас шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт гадна болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой нас баралт 7 саяд хүрч, жил бүр нэмэгдэж байгаа тухай дурдсан байдаг. Эдгээр нас баралтын дийлэнх хувь нь эдийн засаг, аж үйлдвэр, хот суурин газрын хурдацтай өсөж буй бүс нутагт үүсэж байгааг ДЭМБ-аас тодорхойлжээ.
Иймд агаарын бохирдол эрс нэмэгдэж байгаа дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнууд 2022 онд Байгаль орчин, хөгжлийн хорооны VII чуулганыг зохион байгуулж, агаарын чанарын менежментийг сайжруулах, агаарын чанарын хяналтыг хөнгөвчлөх, нээлттэй мэдээлэл болон сайн туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлын хүрээнд Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан юм.
Энэ удаагийн Манай улсад болж буй Цэвэр агаар – дээд түвшний чуулга уулзалтаар дээрх хөтөлбөрийн зорилтын хүрээнд зохион байгуулж байгаа ба агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд 53 орны 200 гаруй төлөөлөл санал солилцлоо.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, нийгмийн бүх давхаргын дэмжлэгтэйгээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахыг зорьж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 32 сая мод шинээр тарьжээ.
Цэвэр агаар – Дээд түвшний уулзалт үндсэн 5 хэлэлцүүлгээс бүрдэх ба Олон улсын 12 байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллийн аж, ахуй нэгжүүд сэргээгдэх эрчим хүч ашигласан, байгальд ээлтэй шилдэг технологи, шийдлийг танилцуулах үзэсгэлэн, үйл ажиллагааны танилцуулах арга хэмжээ /Side event/ зохион байгуулна.
Хэлэлцүүлэг:
- Агаарын чанарын менежментийг сайжруулах нь,
- Агаарын чанарын мониторинг,
- Сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх,
- Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа,
- Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл сэдвийн хүрээнд болох юм.
Цэвэр агаар – Дээд түвшний чуулга уулзалтын үр дүнд агаарын бохирдлын асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар олон талт хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлж, бүс нутгийн хэмжээнд мэдээлэл цуглуулах, шилдэг туршлага солилцох боломж нөхцөл бүрдэхийн зэрэгцээ агаарын чанарын менежментийг сайжруулах, санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох, нээлттэй бүс нутгийн платформыг бүс нутгийн гишүүн орнуудын дунд бий болгох, хил дамнасан агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн техникийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон зэрэг агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бололцоог нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Цэвэр агаар – Дээд түвшний чуулга уулзалт нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулах “COP 17” буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг угтан хийж байгаагаараа онцлог боллоо.