Бүх төрлийн бүжгээр дамжуулан хүүхэд залуус, насанд хүрэгчдийн авьяасыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг нь дэмжих зорилгоор Монгол Улсын Соёлын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Бүжгийн спортын нэгдсэн холбоо, “Сарны танго” клуб тэргүүтэй байгууллага хамтран “Хүн домог 2023” бүжгийн үндэсний их наадмыг зохион байгуулж байна.
Өдгөө гурав дахь жилдээ болж буй энэхүү наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүүхэд залуус, бүжгийн спорт сонирхогчид, тамирчид, бүжгийн клуб зэрэг 500 орчим хүн оролцож буй. Тодруулбал, монгол ардын, хип хоп, латин америк, европ стандартын, нийтийн цэнгээнт, орчин цагийн нийтийн цэнгээнт, шугам бүжиг зэрэг найман төрлөөр 12 насны ангилалд хосын болон соло бүжигчид, хамтлагууд оролцож байна.
“Хүн домог бүжгийн үндэсний их наадам” ТББ-ын тэргүүн, МУСТА Ц.Батжаргал:
-Наадам 2020 оноос эхтэй. Цар тахлын үед бид онлайнаар монгол бүжгийн сургалт явуулаад тэмцээн уралдаан зохион байгуулж байсан. Энэ маань өргөжиж тэлсээр, бүжгийн төрлүүд нь нэмэгдсээр “Хүн домог” наадам болсон. Үндэсний биет бус өвийг түгээн дэлгэрүүлж буй гэдэг утгаараа, мөн бүжгийн спортыг таниулж, хүмүүст хүргэж, уриалж байгаа нь наадмын ач холбогдол юм. Мөн тэмцээнд оролцож байгаа хүмүүсийн бичлэгүүдийг бид контент болгон үлдээдэг. Цаашлаад бүх төрлийг хамарсан, олон улсын хэмжээний бүжгийн наадмыг Улаанбаатартаа зохион байгуулахыг зорьж буй. Бүжгийн төрөл бүрийн үзүүлбэрийг мэргэжлийн шүүгч, дасгалжуулагч нар шүүж, наадмын ялагчдыг тодруулах юм гэлээ.
Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш:
-Энэ жилийн наадамд 5-80 насны хүмүүс 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс оролцож байна. “Хүн домог 2023” наадмыг илүү мэргэжлийн байлгах, үндэсний хэмжээнд зохион байгуулахад Нийслэлийн Соёл, урлагийн газраас дэмжин оролцож байна. Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийслэлээс цөөнгүй арга хэмжээг зохион байгуулдаг. Тухайлбал, Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монголын бүжгийн спортын нэгдсэн холбоотой хамтран Улаанбаатар хотын бүжгийн спортын их наадмыг зохион байгуулсаар ирлээ. Энэ жилийн хувьд бид ЮНЕСКО-гийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд элсэх зорилготой ажиллаж байна. Уг сүлжээг бүрдүүлж буй хотуудын хөгжлийн төлөвлөгөөний гол цөм нь бүтээлч байдал, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллах байдаг. Тэгэхээр бид ардын урлаг, бүжгийг хөгжүүлэх, залуусын дунд түгээн дэлгэрүүлэх чиглэлд хийж буй ажлууд маань энэ зорилготой уялдаж байгаа юм хэмээв.
“Хүн домог 2023” бүжгийн үндэсний их наадмын оролцогчид сэтгэгдлээ хуваалцлаа.
“Сарны танго” бүжгийн клубийн тамирчид:
-Бид 8-9 настай, одоогоор 4-5 төрлийн бүжиг сурсан. Долоо хоногтоо 2-4 удаа бэлтгэл хийдэг. Багшийнхаа зааж өгсөн бүжгийг сурах, өөрсдийгөө хөгжүүлэх дуртай. Үе тэнгийн найзууддаа хандаж бүжгийн спортоор заавал хичээллээрэй, бидэнтэй нэгдээрэй гэж уриалж байна хэмээлээ.
Дорнод аймгийн “Хан тас” бүжгийн клубийн тамирчин Ж.Жаргалмаа:
-Би 12 дахь жилдээ бүжгээр хичээллэж байна. Бүжигт дуртай, хайртай. Тийм болохоор олон цагаар бэлтгэл хийж, хичээллэхээс шантардаггүй. Мэдээж хичээлийнхээ хажуугаар уралдаан тэмцээнд оролцоход зарим талаар асуудал тулгарна. Гэхдээ сургууль, багш нар маань дэмждэг гэсэн юм.
Говьсүмбэр аймгийн 2 дугаар сургуулийн хөгжим, бүжгийн багш Б.Маралгоо:
-Бид Говь-Сүмбэр аймгаас ирж оролцож байна. Манай клубт 5-14 насны хүүхдүүд цэнгээнт, латин, монгол, хип хоп төрлийн бүжгээр хичээллэдэг. Долоо хоногтоо гурван удаа бэлтгэлээ хийдэг. Гэхдээ наадамдаа бэлдээд сүүлийн үед өдөр болгон давтаж, хичээллэсэн. Бидний хувьд анх удаа энэ наадамд оролцож байгаа гэдэг утгаараа онцгой санагдаж байна гэлээ.