Соёлын сайд Ч.Номин Уран зургийн галерейд ажиллаж, Монголын анхны олон улсын стандартад нийцсэн уран зураг сэргээн засварлах лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах, сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг бэлтгэх төсөл нь Холбооны Бүгд Найрамдах Герман (ХБНГУ)-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 100 мянган еврогийн санхүүжилтээр 2022 онд эхэлсэн.
Уран зураг сэргээн засварлах лаборатори нь тухайн оныхоо 10-р сараас бүрэн ажиллаж эхэлсэн бөгөөд зөвхөн технологийн хувьд бус тогтвортой үйл ажиллагааг нь хангахын тулд ХБНГУ-ын мэргэжилтнүүд Монголын уран зургийн галерейн сэргээн засварлагчдыг гурван шатлалт цогц сургалтаар бэлтгэсэн юм.
Үр дүнд нь 2009 онд гарсан гал түймэрт их өртсөн, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зургийг сэргээн засварлаж эхэлсэн байна. (Тухайн үед Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд галд өртсөн. Бага гэмтэлтэй 600 орчмыг нь сэргээн засварласан.)
Улмаар сэргээн засварласан уран зургуудаар Катар улсын Доха хотод болсон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр “On the Move” үзэсгэлэн гаргаж, Монголчуудын нүүдлийн соёл уламжлал, ертөнцийг үзэх үзэл, ахуйн өвөрмөц хэв маягийг урлагийн бүтээлээр дамжуулан олон мянган хүнд толилуулсан юм.
“Цаашид уг лаборатори нь улсын өмчит музей, галерейн сан хөмрөгийн уран зургуудыг сэргээн засварлахаас гадна хувь цуглуулагч болон хувийн галерейн бүтээлүүдийг сэргээн засварлах чиглэлд анхаарч, цар хүрээгээ өргөжүүлнэ гэж харж байгаа” хэмээн Соёлын сайд Ч.Номин хэллээ.
Тэрбээр мөн “Олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах энэ лабораторийг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монголын Уран Зургийн галерейн дэргэд байгуулсан нь Монголын соёл урлаг хийгээд дүрслэх урлагийн түүхэнд цохон тэмдэглэхүйц онцлох ажлын нэг болж байна.
Мөн энэхүү төслийн нэг чухал хэсэг ньХБНГУ-ын мэргэжилтэн олон улсын хөтөлбөрөөр 3 шатлалт сургалтыг зохион байгуулж европын арга барил, техникийг Монголын сэргээн засварлагчдад эзэмшүүлж бэлтгэсэн явдал юм.
Төсөл хэрэгжих хугацаанд олон улсын хөтөлбөрөөр бэлтгэгдсэн сэргээн засварлагчид маань галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй урлагийн бүтээлүүдийг, тухайлбал, Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсомын 1967 онд зурсан “ТАЙХАР ЧУЛУУ”, Ардын зураач, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн 1962 онд зурсан “КИНО МЕХАНИКЧ”, зургийг сэргээн засварлаж Катар улсын Доха хотноо дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах үеэр зохион байгуулагдсан “On the Move” үзэсгэлэнд дэлгэсэн. Тухайн үзэсгэлэнг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 72 мянга гаруй жуулчин үзсэн бөгөөд дүрслэх урлагаар дамжуулан Монголын соёлын өвийг сурталчилан танилцуулсан гайхалтай үйл явдал болсоныг дурдахад таатай байна.
Энэхүү лаборатори нь ганцхан өөрийн галерейн гэлтгүй хувь цуглуулагч болон хувийн галерейн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд сэргээн засварлаж цаашид үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Ингээд монголын дүрслэх урлагийн урлагийн оюуны их санг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ХБНГУ-ын Гадаад хэргийн яам болон Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монголын уран зургийн галерейн хамт олонд амжилт хүсэн ерөөе” гэлээ.