Фото:“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн хамт олон “Сансар, Од Эрхэсийн Ордон”-той танилцлаа

Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.

Одоогоос 62 жилийн өмнө ЗХУ-ын сансрын нисэгч Юрий Гагарин 1961 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт ниссэн юм.

Энэ өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн хамт олон хаврын өдөрлөг, аяллаа сансарт анх хүн ниссэн, /ЗХУ-ын сансрын сансрын нисэгч Юрий Гагарин “Восток 1” сансрын хөлгөөр ниссэн 62 жилийн ойн өдрийг угтан Монголын ШУА-ийн харьяа Одон орон, Геофизикийн Хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.

Одон орон, Геофизикийн Хүрээлэн, ЗХУ, Монгол Улсын баатар, Чингис хаан одонт сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар “Сансар, Од Эрхэсийн Ордон” байгуулахаар санаачлан 2009 онд Монгол Улсын Засгийн газраас тус ордонг байгуулах шийдвэр гарган Одон орон Геофизикийн Хүрээлэнгийн дэргэд “Сансар, Од Эрхэсийн Ордон”-г барьж байгуулж 2014 оны 6-р сарын 1 нд нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

“Сансар, Од Эрхэсийн Ордон”-той танилцсан сурвалжилгаа хүргэж байна.


“Сансар, Од Эрхэсийн Ордон” нь гурван танхимтай.

Сансар танхим:

1. Сансар танхимд монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, ЗХУ, Монгол Улсын баатар, Чингис хаан одонт сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нислэгт бэлтгэж байх үед өмсөж байсан хувцас, хэрэглэл, мөн сансарт нисэхдээ хэрэглэж байсан эд хэрэгсэлийг үзмэрээ бүрдүүлжээ.

2. Сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар гэх мэт үзүүлэнг багтаасан байна.

Нар, сар, кино танхим: Од эрхэс сансар судлал, ертөнцийн од гаригуудын үүсэл хөгжил болон бусад чиглэлийн шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц баримтат кино үзүүлдэг байна.

Од эрхэс танхим: Энэхүү танхим сэтгүүлч надад үнэхээр их таалагдлаа.

Бид “Минолта MS-8” цацруулагч багажийн тусламжтайгаар сансрын уудам орон зайгаар аялан нарны аймгийн однууд, бага гаригууд, нар сарны хиртэлт одон орны олон сонирхолтой үзүүлбэрийг бөмбөрцгөн дэлгэц дээр харсан юм.

Японы эрдэмтэн Сакай Ёшихито планетарийн “Минолта MS-8” гэх тусгай багаж, тоног төхөөрөмж бэлэглэсэн нь Сансар, Од Эрхэсийн Ордны голлох үзвэрүүдийн нэг болжээ.

Од эрхэс танхимд орж ирээд утасныхаа гэрлийг унтрааж, хойш налдаг сандалдаа тухлан суух хэрэгтэй. Удалгүй бөмбөрцгөн дэлгэц нь дээр тэнгэрийн дүрс гарч, нар жарган, од мандах болно.

Энд зөвхөн өдөр бүр шөнийн тэнгэрт үздэг оддоос гадна Хойд, Өмнөд туйлаас л харагддаг оддыг үзэх боломжтой. Дараа нь дэлхий нарыг тойрон явахдаа дайрч өнгөрдөг 12 одны ордыг тайлбарлах бөгөөд хүмүүс өөрийн төрсөн ордоо хаана, ямар хэлбэртэйгээр байрладгийг мэдэж авах боломжтой юм.

Хөтөлбөрийн хүрээнд бид “Сансар, Од Эрхэсийн Ордон”-той танилцсаныхаа дараа Хүрэл тогоот дахь “Улаанбаатар одон орон судлах оргил”-д очиж, орой 21 цагаас өндөр хүчин чадал бүхий дурангаар од дурандсан юм.

Нар дурандахыг хүсвэл өдрийн цагаар, сар болон од дурандахыг хүсвэл шөнийн цагаар дурандах хэрэгтэй. Од дурандахыг хүсвэл цэлмэг өдрийг сонгож аяллын захиалга өгөх нь чухал бөгөөд цаг агаарыг урьдчилан мэдэх хэрэгтэйг сануулъя. Энд зөвхөн од үзэхээс гадна байгалийн сайханд аялж, эрүүл агаарт нэг өдрийг өнгөрөөх боломжтой юм.




Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …