Монгол Улсын нийгэм, эдийн засаг 2023 оны эхний улирлын байдлаар ямар байгааг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Эндээс эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлснийг илтгэх зарим үзүүлэлтийг онцолж байна.
Гадаад худалдаа 1.8 тэрбум долларын ашигтай гарлаа
Монгол Улс 2023 оны эхний улиралд 170 гаруй оронтой 5.7 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн байна. Үүнийг задалбал, экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.доллар болж гадаад худалдаа 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гадагшаа хийсэн худалдаа гадаадаас авснаасаа хэд дахин давжээ.
Гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны үеийн 7.9 дахин буюу 1.6 тэрбум ам.доллараар өссөн эерэг үзүүлэлт аж. Ашигтай гарахад түүхий эдийн экспорт, тэр дундаа нүүрсний экспорт жин даржээ. Монгол Улс 2023 оны эхний улиралд 1.6 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон байна. Уул уурхайн бус салбараас лаазалсан бүтээгдэхүүний экспорт 56 сая ам.доллараар нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
Ковидын дараах ашигт ажиллагаа
2023 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 66.2 сая ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь эдийн засаг сэргэж байгаа эерэг дохио юм. Төлбөрийн тэнцэл нь тухайн улсын валютын орох, гарах урсгалыг итгэдэг. Тэгэхээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл 66.2 сая ам.долларын ашигтай гарна гэдэг нь улсын валютын нөөц ихсэж төлбөрийн чадвар сайжирч, төгрөг чангарч, валютын ханш буурах сайн талтай гэж эдийн засагчид тайлбарлав. Энэ нь цар тахлын дараах төлбөрийн тэнцэл дээрх эерэг үзүүлэлт нь эдийн засаг харьцангуй тогтворжиж, өсөх хандлагыг илэрхийлж буй аж.
Төгрөг чангарчээ
Статистикийн хорооны танилцуулснаар 2023 оны гуравдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3524 төгрөгт хэлбэлзэж, ам.доллар өмнөх сараас 17 төгрөгөөр суларсан байна. Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 3490 төгрөг болж оны эхнээс 70 орчим төгрөгөөр суларчээ.
Эх сурвалж:itoim.mn