Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 29.6 хувиар өссөнийг Сангийн яам мэдээллээ.
Оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 4.8 их наяд төгрөг, зарлага 4.1 их наяд төгрөг байсан байна. Ингэснээр төсвийн тэнцэл сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа ашигтай буюу 656.6 тэрбум төгрөг болжээ.
Нийт орлогын 93.75 хувийг татвараас бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 34.8 хувиар өссөн дүн болж байна. Үүнд орлогын албан татварын орлого, НӨАТ, нийгмийн даатгалын орлого 19-73 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Харин онцгой албан татварын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар буурчээ.
Төсвийн зарлага 4.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өссөн байна. Энэ нь хүүгийн зардал 96.1 хувиар, бараа үйлчилгээний зардал 23.1 хувиар өссөнтэй холбоотой аж.
Хөрөнгийн зардал 488 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өсөхөд тоног, төхөөрөмжийн зардал 4.1 дахин өссөнтэй холбоотой байна гэж Сангийн яам мэдээлэв.
2023 оны төсөвт хөрөнгө оруулалтын шинэ арга хэмжээ тусгаагүй бөгөөд өмнөх онуудаас үргэлжлэх хөрөнгийн зардлуудыг тусгаснаараа онцлогтой болсон гэж Сангийн яам тайлбарлаж байна. Мөн 2023 оны төсвийн бодлогын үр дүнд эдийн засаг тогтворжиж, инфляц нэг оронтой тоонд хүрэх боломжтой гэж онцолж байгаа юм.
З.Энхболор