Тогтвортой хөгжлийн боловсролын сайн туршлагуудыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломж бүрдлээ

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Тогтвортой хөгжлийн боловсрол-II /ТХБ-II/ төслийн удирдах хорооны сүүлийн буюу 6-р хуралдаан өнөөдөр болж, төслийн 2020-2023 оны үйл ажиллагаа, мөн төслийн оролцогч талуудын үйл ажиллагааны үр дүнг тус тус танилцуулж хэлэлцүүллээ.

Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд институтчилэх арга зам, үйл ажиллагаа, бүх түвшний боловсролын сургалт үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг тусган хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага сэдвээр илтгэл тавьж, хэлэлцлээ.

Хуралдаанд ТХБ-II төслийн удирдах хорооны дарга, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Швецарын хөгжлийн агентлагын Хамтын ажиллагааны газрын дэд дарга Бенуа Меэйр-Биш болон төслийн удирдах хорооны гишүүд болох БШУЯ, БОАЖЯ-ны зарим газрын дарга нар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв ТББ-ын удирдлага, ТХБ-II төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн  гишүүд, төслийн зөвлөх нарын 30 гаруй төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн 2-р үе шат нь 2020-2023 онд амжилттай хэрэгжээд дуусах шатандаа орж байна. “ТХБ-оор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгохыг дэмжих”-д тус төслийн зорилго оршиж байгаа юм.

ТХБ-II төслийн үндэсний зохицуулагч А.ЭНХТОГТОХ: ТХБ-II төсөл үндсэн гурван зорилтод үр дүнд хүрэхийг зорьсон. Нэгт хүний нөөцийг чадавхжуулах зорилтоо 100 хувь биелүүллээ. 33500 хүнд хүрч сургалт, үйл ажиллагаагаа зохион байгуулна гэж төлөвлөснөө 100 хувь биелүүллээ. Цаашид ESD цахим платформоороо дамжуулан хөгжүүлээд явах бааз суурийг бий болголоо. Хоёрт сургалтын нэмэлт материал, гарын авлага, хэрэглэгдэхүүнийг боловсруулахад үндэсний сургагч болон багш нарт, өсвөр насны хүүхдүүдэд зориулсан гарын авлага, материал боловсруулж бүх түвшний боловсролын системд түгээн дэлгэрүүлж ашиглах бололцоотой боллоо.

Гуравт ТХБ-ыг загвар сургуулиудад хэрэгжүүлж турших, цаашид сургууль бүхлээр ажиллах арга хандлага /СБААХ/-ыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд онцолж анхаарсан. Энэ хүрээнд зорилтот 6 аймаг болох Архангай, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий, нийслэлийн хоёр дүүрэг СХД, БГД-ийн нийт 30 сургууль дээр СБААХ-ыг сургуулийн менежментэд нэвтрүүлэх, сургууль өөрөө өөрийнхөө бодит нөхцөл байдлыг үнэлэх үнэлгээний чеклист хуудсууд бэлэн боллоо.

Үүний дагуу сургуулиуд өөрийнхөө бодит нөхцөл байдлыг үнэлэн тулгамдсан асуудал, хэрэгцээгээ тодорхойлж, түүнийг шийдэх жижиг төслүүдээ бичиж хэрэгжүүллээ. Одоо энэ жижиг төслүүдээ сургалтын, үйл ажиллагаатайгаа уялдуулах, орон нутгийн онцлогийг тусгасан сургуульд суурилсан сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Эндээс гарсан сайн туршлагуудыг үндэсний хэмжээний бүх сургуулиудад түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэж байна.

 ТХБ-II төслийн орон нутгийн түшиц байгууллага БОМСТ ТББ-ын гүйцэтгэх захирал Э.ШИНЭЦЭЦЭГ:

  Төслийн үр дүнд Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр зөвлөн туслах хүний нөөцийг гурван түвшинд бүрдүүллээ.

 Үндэсний хэмжээнд энэ олон байгууллага, төрийн институцын хэн нь ямар ажил үүргээр ТХБ-той уялдаж явах нь төслийн үр дүнд тодорхой болж байна.

 Орон нутгийн түвшинд өөрийнх нь оролцоо, онцлогтойгоор ТХБ-ыг олгох, хэрэгжүүлэх загварыг 6 аймгийн хэмжээнд гаргаж ирлээ. Тухайлбал сургалтын хөтөлбөрт өв уламжлалын талаар заана гэж орсон байвал Ховдын Урианхай , Хөвсгөлийн дархад, Баян-Өлгийн Казакийн ард түмэн өөрсдийн өв соёл, нутгийн онцлогт түүнийг хэрхэн буулгаж заах вэ гээд нэг ижил агуулгыг өөрийн орон нутагт чанартай зааж, хэвшүүлэх, түүндээ байгууллага, эцэг эхчүүдээ татан оролцуулж, хамтдаа дадал хэвшил болгох загварууд сургуулиуд дээр бүрдлээ.

 Микро буюу сургуулиудын түвшинд орон нутгийн байгууллага, эцэг эхчүүд, удирдлагуудтай хамтран ажилласнаар өөрсдийн үйл ажиллагааг илүү чанартай болгож, санал санаачилгаа дэмжүүлэн ажиллах боломжтойг харуулсан арга хэлбэрийг бий болголоо. Нэг үгээр оролцооны арга зүйд суралцлаа.

Ингэж мэдлэгийн асар том нөөц бүрдлээ. ТХБ-II төсөл энэ нөөцүүдийг хоёр жил гаруйн хугацаанд хэвлэмэл, цахим болон бусад хэлбэрээр үлдээх тал дээр өөрийн гэсэн монгол загварыг бий болголоо. Үүнийг дагаад мониторинг буюу чиглүүлэгчийн оновчтой загвар мөн бий болж байна.

Эдгээр үйл ажиллагааны үр дүнд зарим сургууль дээр улсын төсвөөс хэзээ хойно хүлээгдэж хийгдэх хэрэгцээг өөрсдөө шийдвэрлэсэн. Тосгоны, сумын гээд хоёр сургууль хүүхэд хөгжлийн зуслантай болж, сумын сургууль дотуур байрандаа халуун ус барьж, ашиглалтад оруулсан. 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардсан халуун усыг орон нутаг, компани, эцэг эх боломжоороо нэгдэж хоёр жилийн дотор ашиглалтад оруулсан. Дэд бүтцийн ийм томоохон шийдлүүдээс гадна цахим платформ дээр өөрсдийнхөө төсөл хөтөлбөрийг босгосон сургуулиуд ч бий.

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дэд дарга БЕНУА МЕЭЙР-БИШ: Монгол Улсын Засгийн газраас тус төсөлд эзэн байж, хөрөнгө оруулалтаа нэмж, удирдлагаар ханган сайн хэрэгжүүлсэн нь ТХБ-II төслийн онцлог байлаа. Тийм учраас албан ёсоор ТХБ-II төслийн удирдах хорооны дарга, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн тэргүүтэй багт баяр хүргэж байна. Цар тахлын хүнд үе таарсан ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр сайн хэрэгжүүлсэн нь том амжилт. Боловсролын сэтгэл зүйчийг санаачлан төрийн өмчит сургуулиудыг сэтгэл зүйчээр хангах ажлыг эхэлсэн гээд энэ төслийн үр дүнд бий болсон туршлага, жишээ олон байна.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …