Б.Баяржавхлан: Анх удаа тайзан дээр эмэгтэй хүний дүрд хувирч гарлаа

“Яг түүн шиг 2023” шоуны 6-р улирлын анхны дугаар өчигдөр үзэгчдэд хүрлээ. Шоуны эхний дугаарын ялагчаар жүжигчин, дуучин Jason буюу Б.Баяржавхлан тодорсон юм. Тэрээр дэлхийн од “Adele”-ийг дуурайж, “Someone like you” уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барилаа.


“Яг түүн шиг 2023” шоуны эхний дугаарын ялагч болсонд баяр хүргэе.

Баярлалаа.

Хэр хугацаанд бэлтгэл хийсэн бэ?

Анхны дугаар байсан учраас удаан хугацаанд бэлтгэл хийж чадаагүй. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд бэлтгээд амжилттай оролцлоо.

Үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа түрүүлнэ гэж төсөөлсөн үү?

Эхний дугаарт түрүүлнэ гэж огт санаагүй. Гэхдээ найман дугаарын турш нэг удаа ялагч болчих болов уу гэсэн бодол байсан. Өөрийгөө үнэхээр азтай байлаа гэж бодож байна.

Эмэгтэй хүнийг дуурайж ялагч болсон шүү дээ. Эсрэг хүйстний дүрд хувирахад амаргүй байсан байх?

Би анх удаа тайзан дээр эмэгтэй хүний дүрд хувирч гарлаа. Амаргүй юм билээ. Хумс, сормуус зэргээс эхлээд бэлтгэх зүйл ихтэй. Гэхдээ хэцүү байсан гэхээсээ илүү их сонирхолтой, хөгжилтэй байсан.

Таньд шоуны урилга ирнэ гэж төсөөлж байсан уу?

Шоуны урилга ирнэ гэж төсөөлөөгүй. Санал тавихад их амархан юм шиг санагдаж байсан ч шоу эхэлснээс хойш үнэхээр амаргүй гэдгийг ойлгосон. Нэгхэн үзүүлбэрийг үзэгчдэд хүргэхийн тулд хэдэн зуун хүн ажиллаж, энэ шоу бүтдэг юм байна.

Өнгөрсөн жилийн оролцогчидтой ярилцахад “Дахин их сургууль төгссөний дайтай маш олон зүйлд суралцлаа” гэж байсан. Энэ шоунд оролцсоноороо олж авч буй чадвараасаа хуваалцвал?

Өөрийгөө дахин “задалж” байгаа юм болов уу гэж бодож байна. Шоу дөнгөж эхэлж байгаа, долоо хоног бүр шинэ зүйлд суралцаад явах байх гэж харж байна.

Таны үндсэн мэргэжил жүжигчин. Энэ мэргэжлийн давуу тал шоунд хэрхэн нөлөөлж байна вэ?

Дүрийн судалгаан дээр давуу талтай байгаа гэж бодож байна. Гэхдээ шоуны найман оролцогч бүгдээрээ маш мундаг байгаа. “Чанга найм” гэж нэрлэмээр. Миний хувьд оролцогчдоосоо юуг суралцаж болох талаар үргэлж эрэлхийлж, маш их зүйлийг сурч байна.

“Боловсрол” телевизийн уран бүтээлчдийн багийнхантай цөөнгүй удаа хамтарч ажиллаж байна. Энэ багийн давуу талыг юу гэж харж байна вэ?

Би олон газар, уран бүтээлчтэй хамтарч ажиллаж байсан ч “Боловсрол” телевизийн ялгарах гол онцлог нь зохион байгуулалт сайтай шиг санагддаг. Зохион байгуулалт сайтай болохоор дараа дараагийн ажлууд нь маш тодорхой. Би энэ хамт олонтой хамтарч ажиллах дуртай.

Сүүлд “Амьдралын урт замд” кинонд гол дүрийг бүтээсэн. Таныг энэ кинонд тоглосны дараа үзэгчид өөрөөр харах болсноо сошиал орчинд илэрхийлж, талархлын үгсийг харамгүй илгээж байсан. Таны хувьд үзэгчдээс авсан хамгийн сайхан талархал юу байсан бэ?

Нэг хүн над дээр ирээд “Таныг тэвэрч болох уу?” гэж асуусан. “Яагаад?” гэтэл “Таныг энэ киноноос хараад ах минь дэргэд минь байгаа юм шиг санагдсан. Тэнгэрт байгаа ахыг минь авч ирсэнд баярлалаа” гээд зургийг нь харуулсан. Сэтгэлд тод үлдсэн зүйл гэвэл энэ үйл явдал байна.

Таны хувьд энэ зун фэнүүддээ ямар бэлэг барих вэ. Төлөвлөгөө гарсан байгаа байх?

Хоёр клипний зураг авалт дуусаад удахгүй цацах гэж байна. Цомгоо бичээд дууссан. Цомгийн баяр хийнэ гэж төлөвлөж байсан ч “Яг түүн шиг” шоунд оролцсоноор төлөвлөсөн ажлууд маань жаахан хойшилж байна. Шоуны хажуугаар ямар ч ажил амжуулах боломжгүй завгүй өдрүүд үргэлжилж байна даа.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …