Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таниулах зорилгоор “Бэлэн бай” аян зохион байгуулж буй.
Энэ хүрээнд Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа, мөн газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
Гэрэл зургуудыг Монголын Эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн Itoim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзориг авчээ.
Үзэсгэлэнд БНТУ-ын Хатая мужийн Хатая хотод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа болоод тус мужийн газар хөдлөлтийн дараах нөхцөл байдал, газар хөдлөлтийн улмаас үүссэн хор уршиг, аж амьдралыг гэрэл зургийн дурангаар дамжуулан иргэдэд хүргэж байна.
itoim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзориг:Газар хөдлөлтийн аюул, үүний улмаас учирч болох гамшгийг хүмүүс төдийлэн нухацтай хүлээж авдаггүй, тэр тусмаа сошиал орчинд тоглоом наргиан болгоод өнгөрөх нь бий. Гэтэл бодит нөхцөл байдал өөр. Тэнд хүний амь эрсдэж, эд хөрөнгө сүйрч, их хэмжээний хохирол учирдаг. Үүнийг Туркт тохиолдсон гамшгийн үеэр авсан 66 гэрэл зургаар дамжуулан харуулахыг хүссэн.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр: Газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдэх боломжгүй. Тэгэхээр үүнд бэлэн байх, өөрсдийгөө хамгаалах, эрсдэлээс сэргийлэх нь маш чухал. Гамшиг тохиолдсон үед аврах ажиллагааг хэрхэн явуулахаас эхлээд хамгийн жижиг алхмуудыг ч тооцох, нөөц боломжийг тооцоолох, авах арга хэмжээ, хийх ажлыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээллийг өгөхөөр “Бэлэн бай” аяныг зохион байгуулж байна.
Гамшгийн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, аврах ажиллагааг харуулсан энэхүү үзэсгэлэн тавдугаар сарын 23, 24-нд буюу хоёр өдөр үргэлжлэх юм.