Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын жилийн инфляц 2023 оны тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байна. Инфляц 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрсэн бол түүнээс хойш аажмаар буурч байна. Инфляц буурахад гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтворжсоноор төгрөгийн ханш сулрах дарамт буурсан болон гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь нөлөөлсөн.
Инфляц буурч байгаа хэдий ч төв банкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Үүнд гурил, мах, сүүний үнэ өссөн нь голлон нөлөөлж байгаа бөгөөд нийт инфляцын 40 орчим хувийг нь энэ гурван төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах хүрээнд 2023 оны Улсын төсөвт тодотгол хийх саналыг гаргасан. Улсын төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд инфляц нэмэгдэх эрсдэл бий.
Иймд, инфляцыг хязгаарлах болон эдийн засгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд төсвийн үндсэн тэнцлийг сар бүр алдагдалгүй гаргах, хөдөө аж ахуйн биржээр дамжуулан мах, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний арилжааг хийх, мал аж ахуй, махны зах зээлийг дунд хугацаанд үр ашигтай хэлбэрт шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн цахим системийг бүрэн нэвтрүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах зарим хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгав.