Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо

Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ нар байлцав.

Хан Хэнтий чуулга нь: 

  • 600 хүний суудалтай
  • 9 танхимтай
  • 78 өрөө тасалгаатай
  • Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан цахилгаан шаттай бүс нутгийн жишиг театр болж байна.

Хан Хэнтий чуулгын барилгын ажлыг 2011 оноос эхэлсэн бөгөөд Соёлын яам бие даан байгуулагдсанаар театр, музей, чуулгын барилгад онцгой анхаарал хандуулан ажилласан. Интерьер дизайныг цогцоор нь хийх буюу зураг төсөл боловсруулж улмаар нэмэлт ажлыг 2023 онд төсөвт суулгаж иж бүрэн дуусгах  ажлыг зохион байгуулсан. Ижил зураг төслөөр баригдаж буй Архангай, Завхан аймгуудын театрын барилгуудад жишиг болохуйц барилга юм.

1925 онд Монгол Улсад анхны 4 улаан булан байгуулах шийдвэр гарсны нэг нь Хэнтий аймагт байгуулагдсан. Тэр цаг үеэс эхлэн үе дамжсан олон уран бүтээлчид төрөн гарсан. 1950 онд Өндөрхаан аймгийн клуб, Үйлдвэрчний эвлэлийн харьяа ажилтны клуб нэгдэж одоогийн Хан Хэнтий чуулгын суурийг тавьж байжээ.

Улмаар Хэнтий аймгийн театр 1983 онд Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга болон өргөжиж 40 жилийн ойн босгон дээрээ шинэ барилгаа хүлээн авч байна. Уг театр нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш жил бүр 80 орчим тоглолтыг үзэгч олондоо толилуулж зүүн Монгол соёлын өвийг түгээн дэлгэрүүлж байна.

Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга нь “Соёлын тухай хуулийн 34-р зүйлд зааснаар соёлын арга хэмжээ, соёлын бараа, үйлчилгээг үйлдвэрлэх, түгээх, хуваарилах арга хэлбэрийг сайжруулж, хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх” хуулийн заалтын хэрэгжилтийг хангаж, чанар болоод хүртээмжээ нэмэгдүүлж, тусгай хэрэгцээт иргэд үйлчлүүлэх боломжоор мөн хангасан, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээн байгуулалт юм.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …