Г.Түвдэндорж: Монголд одоогийн байдлаар 226 мянган жуулчин ирлээ. Үр дүнд нь валютын орлого 120 сая ам.долларт хүрч гурав дахин өссөн байна

 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Наадмын өмнө Монголын эдийн засгийн чуулган болсон. Энэхүү чуулганы гол зорилго ач холбогдлын талаар та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Энэ удаагийн чуулган манай улсын эдийн засгийг тэлэх, төрөлжүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн газраас дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг олон улсын хөрөнгө оруулагчдад хүргэх зорилгоор зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээнд анх тооцоолсноос хоёр дахин илүү буюу 2.450 төлөөлөгч оролцсоноос 500 орчим дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын корпорацийн төлөөлөгчид, хүндэт зочид хүрэлцэн ирсэн. Мөн гадаад, дотоодын 20 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагууд чуулганы үйл ажиллагааг шууд дамжуулан, олон нийтэд мэдээлж ажиллаа. Чуулганы эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг үндсэн хэлэлцүүлгүүд дээр нэмэгдээд бодлого боловсруулагчид болон бизнесийн манлайлагчид хоорондын ярилцлага, олон улсын голлох үзүүлэлтүүд болон өрсөлдөх чадварын индекст эзлэх байрыг хэрхэн ахиулах талаарх хэлэлцүүлэг, оюутан, залуучуудын дунд технологийн шийдлүүдийг эрэлхийлэх хакатон, шинэ үеийн залуусын үзэл бодол, саналыг сонсох, нээлттэй асуулт, хариулт, ярилцлага, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулга болон хувийн хэвшлийн нэр бүхий компаниуд нь олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан зэрэг чухал ач холбогдол бүхий арга хэмжээ зохион байгууллаа. Эдгээр бүх арга хэмжээ нь төр, хувийн хэвшлийн ойлголцлыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын дунд нетворк үүсгэж, харилцан хөрөнгө оруулалт хийгдэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж бодож байна.

-Эдийн засгийн чуулган бүрээр монголчуудын хүсдэг гол зүйл бол гадны хөрөнгө оруулагчдыг татах. Нөгөөтэйгүүр тэдний Монголд хөрөнгө оруулах сонирхол, таатай орчныг бид бүрдүүлэх шаардлагатай. Энэхүү чуулганы үеэр гадаадын хөрөнгө оруулагчид биднээс юу хүсч байна вэ. Тэднийг оруулж ирэх орчныг бид бүрдүүлж чадсан уу?

-Тухайн улсын хөрөнгө оруулалт, бизнесийн талаарх төрийн бодлого, хууль эрх зүйн орчин нь хэр тодорхой, ойлгомжтой вэ гэдэгт гадаадын хөрөнгө оруулагчид ихээхэн ач холбогдол өгдөг. Ялангуяа тэдний бизнесийн найдвартай байдлыг хангах, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр төрөөс баталгаа гаргах, дэмжлэг үзүүлэх, аливаа бизнесийн маргаан гарсан тохиолдолд хаана хандах, хэрхэн шийдвэрлэх тогтолцоо тодорхой байгаа эсэх нь хамгийн чухал байдаг. Хөрөнгө оруулагчдад тулгардаг асуудлыг бүрэн шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх ашгийг хамгаалах, институтийн тогтолцоог бүрдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, хялбаршуулах чиглэлээр манай яамнаас хийж буй ажлууд тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарч, хөрөнгө оруулагчдын гомдлыг Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулан, байнгын хяналт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2019 оноос хойш гадаадын хөрөнгө оруулагчдаас гаргасан 32 гомдлын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдлыг шийдвэрлэх талаар үүрэг даалгавар өгсөн.

-Эдийн засаг, хөгжлийн яам бол шинэ бүтэц. Гэхдээ энэ цаг үед яалт ч үгүй голлох яамдын нэг болох ёстой. Тэр утгаараа танай яамны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого ямар түвшинд явж байна вэ?

-Яам байгуулагдаад жил гаруй хугацаа болж байна. Манай яам нь улсын макро эдийн засгийн бодлого, хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улс орны эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь сайжруулах чиг үүрэгтэй. Мөн Үндсэн хуульд “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасан бөгөөд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд нэгдмэл цогц, залгамж чанартай, харилцан уялдаатай байх ёстой. Энэ хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, салбар дундын бодлогын уялдааг хангаж, нэгдсэн төлөвлөлт, тооцоо судалгаагааг салбар бүрээр хийж ажиллаж байна.

-Энэ жилийг бид Монголд зочлох жил болгон зарласан. Нэг талдаа аялал жуулчлалыг хөгжүүлэх нөгөө талдаа гадаадаас орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой гэж бодож байна. Яг одоогийн байдлаар валютын дотогш чиглэсэн урсгал ямар хэмжээгээр нэмэгдээд байна вэ. Үүнээс гарах ач холбогдол нь юу байгаа вэ?

-Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны есдүгээр сарын дундуур 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан. Энэ үед “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлуулсан. Тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн гэрээг ил тод болгох, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр ажлын хэрэгжилтийг хангах, хяналтыг тавих чиг үүрэгтэй ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Сая дурдсан ажлууд болон манай улсын эдийн засгийн бусад бодлогын үр дүнд 2022 оны 11 дүгээр сараас экспортын орлого, гадаад валютын орох урсгал нэмэгдэж 2023 оны зургаадугаар сарын байдлаар 3.8 тэрбум төгрөгт хүртэл өсөж, бараа үйлчилгээний импортын 4.6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн. Олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр энэ үзүүлэлтийг гурван сар ба түүнээс дээш байх нь зохимжтой гэж үздэг. Гадаад валютын албан нөөц нэмэгдсэнээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтворжиж, энэ оны гуравдугаар сараас эхлэн чангарч эхэлсэн. Валютын ханшийн хэлбэлзэл тогтворжсоны нөлөөгөөр инфляцийн түвшин буурах эерэг нөлөөг үзүүлж эхэлсэн. Мэдээж Засгийн газрын бодлоготой зэрэгцэн инфляцийн эсрэг мөнгөний бодлогын тохируулгууд хийгдсэнийг дурдах хэрэгтэй. Улмаар цар тахлаас хойш хамгийн оргил үедээ 16.1 хувь байсан жилийн инфляци буурсаар одоо 10.6 хувьд хүрсэн. Энэ сараас эхлэн нэг оронтой тоонд орох байх гэсэн хүлээлттэй байна. Манай улсын валютын орлогын дийлэнх хувийг уул уурхайн экспорт болон гадаадын хөрөнгө оруулалт бүрдүүлдэг хэдий ч бид валютын орлогыг нэмэгдүүлэх бусад салбаруудаа анхаарах шаардлагатай. Аялал жуулчлалын салбар бол манай валютын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх нэг чухал салбар юм. 2023-2025 оны хооронд гадаадын 34 улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлахад визийн шаардлагаас түр чөлөөлөх арга хэмжээг авсан. Мөн бусад арга хэмжээнүүдийн нөлөөгөөр Монгол Улсад 2023 оны эхний хагасын байдлаар 226 мянган жуулчин ирсэн нь нь өмнөх оны мөн үеэс 3.1 дахин нэмэгдсэн байна. Үр дүнд нь энэ оны эхний хагаст жуулчлалын валютын орлого 120 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн байна. Энэ дүн дээр нэмэгдээд олон улсын нислэгийн үйлчилгээний орлого мөн валютын орлогыг нэмэгдүүлсэн.

-Монгол Улсын макро эдийн засгийн байдал ямар хэмжээнд өсч байна. Цаашид бид эдийн засгаа тэлэх, солонгоруулахын тулд ямар бодлого баримталж, юунд анхаарах шаардлагатай вэ?

-Манай улсын бодит ДНБ-ний хэмжээ 28.5 их наяд төгрөгт хүрч, цар тахлын өмнөх түвшнээ давж, эдийн засгийн өсөлт таван хувиар тэлсэн. Бүтцээр нь задалж харвал худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн байна. Гэсэн ч цар тахал тохиолдоогүй байсан гэж төсөөлөөд тооцоолол хийвэл цар тахлын өмнөх үеийн эдийн засгийн өсөлтийн урт хугацааны трэндийн түвшиндээ хараахан хүрээгүй байна. Манай эдийн засаг уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнээс өндөр хамааралтай, гадаад зах зээлийн сөрөг нөлөөнд эмзэг байдалтай байна. Түүнчлэн, Монгол Улс нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэржилтийн түвшнээрээ дэлхийн 141 оронд хийгдсэн судалгаагаар 102-т жагсаж, сүүлийн 15 жилд экспортын сагсанд ердөө дөрвөн төрөл зүйлийн бүтээгдэхүүн шинээр нэмэгдсэн байна. Иймд үйлдвэрлэлийн өсөлтийг эрчимжүүлэх, салбаруудыг төрөлжүүлэх, экспортын голлох салбаруудын боловсруулалтын түвшнийг ахиулах, гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчдыг татах бодлогын ажлуудыг хэрэгжүүлж байна. Он гараад хагас жилийн хугацаанд уул уурхай, тээврийн салбарын өсөлтийн нөлөөгөөр эдийн засагт эерэг үр дүн гарч, нэгдүгээр улиралд эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар өслөө. Бидний тооцоогоор оны эцэст гэхэд 6.0 хувиар өсөх эерэг хүлээлттэй байна.

-Манай улсын гадаад худалдааны үзүүлэлт сүүлийн байдлаар ямар гарч байгаа вэ. Цаашид гадаад худалдаанаас олох ашгаа бид хэрхэн нэмэгдүүлэх ёстой юм бэ?

-Засгийн газраас богино хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс дурдвал бүх төрлийн арьс, ширийг экспортод гаргах, үхрийн махнаас бусад махны экспортын квотыг цуцлах, угаасан ноолуурыг хилээр гаргахгүй байх хоригийг түр хойшлуулах зэрэг бодлогын арга хэмжээг авч ажилласан. Ингэснээр 2023 оны эхний хагас жилийн байдлаар мах, махан бүтээгдэхүүний экспорт 150 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 66 дахин, арьс, ширний экспорт гурван сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 74 хувиар өсөөд байна. Цаашид гадаад худалдаанаас олох ашгийг нэмэгдүүлэх хүрээнд гадаад худалдааны орчин, экспортын үйл ажиллагааг сайжруулж, худалдааг хөнгөвчлөх хэд хэдэн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 178 дугаар тогтоол”-ыг батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тогтоолын хүрээнд гадаад худалдааны цахим нэг цонхны системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр гадаад худалдааны явцад бүрдүүлдэг баримт бичгийн тоог цөөрүүлэх, давхардлыг арилгах, үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа болон зардлыг бууруулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний татварыг хувааж төлөх буюу хойшлуулах, экспортын бүтээгдэхүүнд шаардагдах импортын орц, завсрын бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх боломжийг бүрдүүлнэ.

-Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд засаглал, эрх зүйн орчны реформ хийж байгаа гэж та хэлж байсан. Яг ямар реформ хийж байна вэ?

-Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах буюу шинээр хөрөнгө оруулалт орж ирэх үеийн бүртгэл, тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчилж, хөрөнгө оруулалтын үе шатад тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагаа шуурхай явуулах нөхцөлөөр хангах, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гомдол маргаан шийдвэрлүүлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. УИХ-аас 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаас хойш нийт 11 удаа нэмэлт өөрчлөлт орсон боловч дийлэнх нь бусад хуулийг дагалдаж орсон өөрчлөлт тул хуулиар зохицуулж буй зарим төрлийн харилцааг тодруулах, хууль хоорондын уялдааг сайжруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа. Манай яамнаас эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлж байгаагийн дотор хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д энэ оны зургаадугаар сард өргөн бариад байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль нь эдийн засгийн бүх салбарыг хамарсан ерөнхий хууль учир нийгэм, эдийн засгийн бүх салбар, хувийн хэвшлийн саналыг авч, хуулийн төсөлд тусгахад онцгойлон анхаарсан.

-Хуулийн төсөлд ямар зохицуулалтыг тусгаж өгөөд байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хориглож, хязгаарласан зарим зохицуулалтуудыг арилгах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулагч, төр хооронд үүссэн хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах, хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагуудын чиг үүрэг болгон тусгах, төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах, тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгаад байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хөрөнгө оруулагчдын талаас хөрөнгө оруулалтын баталгаа нь хангагдаж, үйл ажиллагаагаа саадгүй явуулах нөхцөл бүрдэж, манай улсын хувьд эдийн засгийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологи, ноу-хау нэвтэрснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар сайжирч, инновацийг дэмжих замаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ. Үүнийг дагаад тогтвортой ажлын байр бий болж, шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж, ажиллах хүчний оролцоо, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж өрхийн орлого нэмэгдэх юм.

-Монгол Улсын эдийн засгийн 70 гаруй хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг. Энэ утгаараа компанийн засаглал чухал байх. Нөгөөтэйгүүр төрийн өмчит компаниудыг шат дараалан хувьчлах асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад Үндэсний аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг компаниудаа л төр нь хяналтдаа байлгадаг бөгөөд бусад компаниуд нь хувийн хэвшилд харьяалагддаг жишиг ажиглагддаг. Түүнчлэн төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлийнхэнд гэрээгээр шилжүүлэх, төрийн өмчит компаниудыг хувьчлах замаар менежментийг сайжруулан төрийн үйлчилгээг илүү хурдан, хүртээмжтэй уян хатан болгох шилжилтийг хийж байна. Манай улсын хувьд УИХ-ын “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай”, Засгийн газрын “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” тогтоолуудаар Төрийн банк болон нэр бүхий 26 компанийн 34 хүртэл хувьд IPO хийж, нээлттэй аж ахуйн нэгж болгон олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангахаар шийдвэрлэсэн. Эдгээрээс Төрийн банкны тодорхой хувийг анхдагч зах зээлд амжилттай арилжаалсан бөгөөд зарим ТӨХК-ийг олон нийтийнх болгох ажил явагдаж байна.

-Эцэст нь асуухад Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гол зорилт юу юм бэ, дэд сайд аа?

-Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол зорилго нь тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах явдал юм. Энэ нь нийгмийн бүх давхаргын сайн сайхан байдлыг дээшлүүлсэн, ядуурал, тэгш бус байдлыг бууруулахын зэрэгцээ байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангасан эдийн засгийн тогтолцоог бий болгохыг эрмэлзэнэ гэсэн үг. Энэхүү зорилгод хүрэхийн тулд өмнө ярьсанчлан гадаад худалдааг хөнгөвчлөх бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, бизнесийн шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх замаар эдийн засаг дахь салбаруудын төрөлжилтийг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллана. Үүний зэрэгцээ макро эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж инфляци, ханшийн өөрчлөлт зэрэг хувийн хэвшил, өрхийн эдийн засагт учрах эрсдэлийг бууруулах шаардлагатай. Эдгээр зорилтыг хангаснаар эцэстээ Монгол Улсын бизнес, үйлдвэрлэлийн өсөлтийг тэтгэж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх юм.

Эх сурвалж:Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …