УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та сайхан наадав уу. Хаагуур яаж наадав та?
-Сайхаан, сайхан наадав уу. Наадам гэснээс зуны дэлгэр энэ цаг чинь манай салбарын хувьд ид бүтээн байгуулалт өрнөдөг, ажил ундардаг үе. Мэдээж хэрэг зав гаргаад нутаг руугаа нэг ухасхийгээд ирсэн. Иргэдтэйгээ уулзаж санал бодол, үг захиасыг нь сонслоо. Улсын чанартай авто замын ээлжит болон их засварын ажилтай газар дээр нь биечлэн танилцлаа.
Хэнтий, Дорнод аймагт ажиллаж, салбарынхантайгаа нүүр тулан уулзлаа. Хэнтий-Норовлин чиглэлийн 168 км авто зам, Дуутын давааны авто замын их засварын ажил, Хэнтий аймгийн 1,2 км авто замын ажлын гүйцэтгэлийг шалгалаа. Зүүн аймгуудын чиглэлийн замын эвдрэлийг газар дээр нь явж үзэн тодорхой шийдэл гаргалаа.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам “Тамын тавь” гэх нэршилтэй болтлоо муудсан байна. Арав гаруй жилийн тэртээ баригдсан гэх ч ажил нь чанаргүй хийгдсэнээс болоод улсын комисс хүлээж аваагүй өдий хүрч. Энэ замын 25 орчим км нь бүр зам гэх тамтаггүй болтлоо эвдэрч. Гэтэл ийм зам барьсан компанид тухайн үед яагаад санхүүжилтийг нь бүрэн олгочихсон нь хачирхалтай. МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас авахуулаад тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүхий л шатанд ноцтой алдаа гаргаж, хайнга хандсаны горыг өнөөдөр иргэд амь нас, аюулгүй байдлаараа дэнчин тавин амсаж байна. Үнэхээр харамсалтай.
Тиймээс ирэх 2024 онд Дорнодын 50 км зам, Булган сумын 27 км замын засвар, шинэчлэлтийн ажлыг бүрэн хийж дуусгана. Энэ замаас дутахгүй өөр нэг бэрх зам бол Дундговийн зам. Ялангуяа Хулд Луус сумын хооронд дөрвөн дугуйтай машин байтугай дөрвөн хөлтэй амьтан явахад бэрх болсон. Лүн-Эрдэнэсант- Элсэнтасархай-Шартын даваа чиглэлийн авто замын зарим хэсэгт их засвар хийхгүй бол бас л зорчиход хүндрэлтэй байгаа.
Архангайн Хотонт, Их Тамир-Өндөр-Улаан чиглэлийн замд ч эвдрэл цоорхой их гарсан байна. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн зам ч бас сайнгүй. Тиймээс нэн түрүүнд эдгээр замд шат дараатай ээлжит болон их засвар хийж шинэчлэх ажилд анхаарна. Их засвар хийгдэхээс өмнө иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж онгорхой цоорхойг бөглөж нөхөөс тавих үүргийг орон нутгийн АЗЗА компаниудад өгсөн. Хэдэн цоорхой бөглөх гэж хөрөөдөж хаячихаад бүр хэдэн хоногоор алга болдог залхаг байдалтай огт эвлэрэхгүй. Ер нь замчин хүн гэдэг тэр замаар явж байгаа олны оронд өөрийгөө тавьдаг сэтгэлтэй байх ёстой л доо.
-Зам чанаргүй баригдсаны цаад учир шалтгааныг та бүхэн юунаас үүдэлтэй гэж харж байна. Энэ алдааг засахын тулд яах ёстой юм бэ ?
-Өнөөдөр манай улс 7400 км хатуу хучилттай авто замтай болж, 21 аймаг, 96 сум сууринг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоод байна. Энэ бол чамлахааргүй амжилт.
Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд барих замынхаа уртад анхаараад байснаас бус чанарыг гээгдүүлсэн алдаа байна. Зүйрлүүлж хэлбэл малчид маань мянгат болох гэж хэт улайраад малынхаа ашиг шим, үүлдэрлэг байдлыг хаячихдагтай адил явж ирж гэх үү дээ. Тиймээс энэ онд бид авто замын салбарт ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ зорилт дэвшүүлсэн. Одоо бид шинээр зам барихаас илүүтэй байгаа замынхаа засвар арчлалтыг илүү сайжруулах, даац хэтрэлтээс үүдэлтэй эвдрэл гэмтлээс сэргийлэх нь илүү чухал.
Үүний хажуугаар авто зам барих норм стандартыг шинэчлэхээр ажиллаж байна. Цэвдэг ихтэй хангай газар ямар стандартаар ямар зам барих вэ, уулархаг, чулуулаг ихтэй Алтайн бүсэд, тал хээр, говийн бүсэд ямар стандартаар ямар зам баривал илүү насжилт өндөртэй байх вэ гэдэг шинэ стандарттай болох ёстой. Яагаад гэвэл Монгол орон минь уудам дэлгэр. Байгалийн бүх бүс бүслүүр манайд байна. Тэгэхээр тогтсон, хуучирсан, үеэ өнгөрөөсөн нэг л стандартыг муйхарлан зүтгүүлээд байж таарахгүй.
21-р зуун гараад 23 жил болж байхад аль 20-р зууны стандарт, норм нормативаар зам гүүрийн барилга байгууламж барих нь хоцрогдол. Тиймээс авто замын салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанарыг сайжруулна.
Дэлхийд, олон улсад авто зам барих ямар л шинэ шилдэг техник технологи гарч байна тэр бүхнийг Монголдоо нэвтрүүлэхийн төлөө хичээж байна. Манай улс анх удаа олон улсын жишигт бүрэн нийцсэн 1-р зэрэглэлийн авто зам барьж байгаа нь УБ-Дархан чиглэлийн 2 урсгал 4 эгнээ бүхий зам шүү дээ. 1 урсгал 2 эгнээ замынх нь хөдөлгөөнийг нээсэн ч өнгө хучилт нэмж хийгдэнэ. Энэ замаа энэ намар бид бүрэн ашиглалтад өгнө.
Цаашид үүн шиг замыг Налайх-Замын-Үүд, Дархан-Алтанбулаг, УБ-Эрдэнэсант, цаашлаад Хархорин чиглэлд тавихаар төлөвлөж байна. Ингэснээр замын нас ч уртасна, зам тээврийн осол ч буурна, авто замын ачаа эргэлт, зорчигч тээврийн хэмжээ нэмэгдэж эдийн засгийн цусны эргэлт хурдасна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар 540 км авто зам, 500 метр гүүрийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүн дээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд баригдаж буй технологийн болон нийтийн зориулалттай замуудыг нэмбэл 1 мянга гаруй км авто зам ашиглалтад орох учиртай.
-Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын гишүүнийхээ хувиар ямар хуулийн төслүүдэд анхаарч, ямар хууль санаачлан батлуулав?
-УИХ-ын гишүүний хувьд гэхээс илүүтэй сайд, Засгийн газрын гишүүний хувиар Зам тээврийн салбарынхаа тулгуур хуулиудыг шинэчлэн батлуулахад анхаарлаа. Тухайлбал хаврын чуулган хаахын өмнөхөн Төмөр замын тээврийн тухай, Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг батлуулж чадлаа.
Аливаа салбарын хувьд эрх зүйн орчны шинэтгэл гэдэг өсөж дэвжих боломж, хөгжих зүг чиг нь болж байдаг. Иргэний нисэхийн тухай хууль гэхэд л бүхэн бүтэн 24 жилийн турш огт өөрчлөгдөөгүй байсан. Гэтэл энэ хуулиндаа баглагдаад агаарын тээврийн либералчлал нэг л дутуу болчих гээд байгааг анзаарсан. Тэгээд хуулиа шинэчлэн боловсруулж батлууллаа. Ингэснээр иргэний нисэхийн салбарын хяналт зохицуулалтыг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаанаас нь бүрэн салгалаа.
Нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хяналт ,шалгалт, тусгай зөвшөөрөл олгох, үнэмлэх гэрчилгээ олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүллээ. Хамгийн чухал нь бид иргэний нисэхийн салбарын хуулиа Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлага, загвар хуульд бүрэн зохируулж чадсан нь олзуурхууштай.
Өмнөх хуулийн хийдэлтэй заалтуудаас болж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлага хангадаггүй байсан, үүнээс болж бусад улс орнуудтай агаарын тээврийн хэлэлцээр байгуулах, хар үгээр хэлбэл тэнгэрийн гарцаа нэмэгдүүлж, хүссэн улс руугаа нисдэг болох боломж баглагдаад байлаа шүү дээ. Манай зам тээврийн салбар бол тэр чигтээ хүнд үйлчилдэг, хүнтэй харьцдаг салбар.
Тэгэхээр энэ салбарын амин сүнс нь хэрэглэгчээ, үйлчлүүлэгчээ дээдлэх үзэл байхгүй юу. Тийм болохоор Иргэний нисэхийн тухай хуульд бид Иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалт гэсэн цоо шинэ бүлэг нэмж оруулж ирж батлуулсан. Үүний цаана зорчигч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, агаарын тээвэрлэгч нарыг илүү хариуцлагатай болгох үзэл санаа оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчээ гэсэн харилцаа хандлага, хариуцлагын чиг үүргийг нь хуульчилж өгсөн гэсэн үг л дээ. Одоо харин энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах нь манай иргэний нисэхийн салбарт хуулиар хүлээлгэсэн онцгой үүрэг гэдгийг мартаж болохгүй. Би ч салбарын сайдын хувьд хуулийн хэрэгжилт, ажлын үр дүн, бүтээмж, хариуцлагыг шахаж шаардаж ажиллана.
-Төмөр замын тээврийн тухай хууль батлагдлаа. Тус хуулийн гол агуулга, ач холбогдол нь юу байна вэ?
-Наад асуултад чинь хариулахын өмнө би хэдхэн тоо хэлье. Сүүлийн жилүүдэд Монгол улсын төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт, дэвшил гарч байна. Тухайлбал үндэсний төмөр замын сүлжээ 3000 шахам км болон өргөжлөө. Төмөр замаар хийх экспортын 2 болон 3 дахь гарцтай боллоо.
Төмөр замын салбарт суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл манай улсын төмөр замын салбарт сүүлийн хоёр гуравхан жилийн дотор 70 жилийн түүхэн дэх хамгийн хурдацтай хувьсал өөрчлөлт явагдлаа. Би төмөр замыг “хөгжлийн судас” гэж нэрлэх дуртай.
Тэгвэл энэ “хөгжлийн судас”-аар гүйх “цусны эргэлт”-ийг зөв зохицуулахгүй бол хаанаа ч бөглөрч, “цус харваж” мэдэхээр эрсдэл үүсээд байсан хэрэг. Ганцхан УБТЗ ХНН гэдэг төмөр замын байгууллагатай, түүний ганцхан төмөр замтай байх үеийн хуулиар энэ бүхнийг зохицуулах боломж үндсэндээ шавхагдаж дууссан. Тийм учраас сайдын албаа авсан цагаасаа энэ салбарын суурь хуулийн шинэчлэл рүү анхаарал хандуулсан.
Одоо Төмөр замын тээврийн тухай хууль шинэчлэн батлагдлаа. Хууль батлагдсанаар ямар өөрчлөлт гарах юм, юугаараа тийм ач холбогдолтой юм гэж яг тань шиг асуух хүн цөөнгүй байгаа. Би ч товч, бас тодорхой хариулт өгөх гээд үзье. Төмөр замын тээвэр хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн удирдлагатай болно.
Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшлийн энэ олон төмөр замаар дур дураараа дугаар дараалалгүй давхилдахгүй, түүнээс үүдэж аюул осол гарахгүй гэсэн үг. Яагаад гэвэл тээвэр, хөдөлгөөн зохицуулалт нэгдсэн удирдлагад шилжиж байна. Яг л нислэгийн удирдлагатай адилхан. Өөр нэг ач холбогдол нь Монгол улсад хувийн хэвшлийн төмөр замын компаниуд үйл ажиллагаа явуулах, шинээр үүсэн бий болох, өргөжиж хөгжих эрх зүйн зохицуулалт бий болж байгаа юм. Үйлчилгээг сайжруулъя гэвэл өрсөлдөөнийг нэм гэсэн үг байдаг.
Монополь байдлыг халъя гэвэл шударга өрсөлдөөн, тэгш боломжийг бий болгох учиртай. Төмөр замын салбар өргөжихийн хэрээр энэ салбарт ажиллагсдын тоо нэмэгдэж байна. Тэгвэл төмөр замын салбарын ажилтны нийгмийн баталгааг энэ хуулиар хангаж өгч байгаа юм. Мөн үүнээс гадна төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсныг тус тусдаа хуулийн этгээд байхаар салгаж зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ нь бас дахиад л хэт давуу байдлыг задлаж өгч байгаа хэрэг. Эрх мэдлийн төвлөрөл буурч, шударга, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх бодит нөхцөлийг хуулиар бүрдүүлж байна гэсэн үг л дээ. Е
рөнхийдөө бол төмөр замын салбарын аюулгүй ажиллагааг хангах, авлигаас ангид байх бодит нөхцөлийг бүрдүүлж, тэгш оролцоо, тэнцвэртэй үр ашигтай тээвэрлэлт хийгдэх боломжийг нээсэн эрх зүйн орчин нь энэ хууль гэж хэлэхэд болно.
-Энэ жилийн тухайд төмөр замын хөгжилд бодитой шийдэл гаргасан ямар том төслүүд хөдлөв. Мөн энэ салбарт хийгдсэн ажлуудаас товчхон дурьдахгүй юу та?
-Түрүүн би хэлсэн. Монгол улс 70 жилийн турш урагшаа төмөр замын ганцхан гарцтай байсан бол одоо хоёр, гурав, дөрөв дэх гарцтай болж, хил холболтын төмөр замуудаа барих ажлаа эхлүүлээд байна. Түүний нэг нь Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замын ажил. Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, зөвхөн энэ боомтоор жилдээ 20 сая тн нүүрс экспортлох боломж бүрдэх юм.
Төмөр замын салбарын түүхэн дэх өөр нэг чухал үйл явдал бол сая УБТЗ олон жил ужгирсан их өрнөөсөө салж, дүрмийн сангаа 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Олон жил яригдсан МОН П1, П2 зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийг цэгцлэх, дуусгавар болгох талаар хичээж ажилласны үр дүнд 2009 оноос хойш гацаад байсан асуудалд шийдэл олж цэг тавилаа. Тодруулж хэлбэл УБТЗ хугацаа хэтэрсэн өр ширгүй болж, парк шинэчлэлт, замын засвар, хөрөнгө оруулалтаа хийх эдийн засгийн чадвар нь эрс сайжирч, зээлжих зэрэглэл нь нэмэгдсэн.
Ирэх оноос өмнө Оросын талаас дүрмийн санд нийлүүлж буй 5 зүтгүүрийг авсанаар бидний ачаа татах, тээх хүчин чадал 2 сая орчим тонноор нэмэгдэнэ. Өнөөдөр бид зүйрлэх юм бол “Салхивч” төдий хааяа онгойдог боомтуудаа хөгжүүлж, байнга нээлттэй “Үүд хаалга” болгон өргөжүүлэхийг зорьж байгаа. Үүнд төмөр замын салбарын хөгжил шийдвэрлэх үүрэгтэй.
6 дугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам долларын гэрээг үзэглэсэн түүхэн үйл явдал болсон. Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Орос-Монголын хилээс Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсангаас Монгол-Хятадын Бичигт-Зүүнхатавч боомт хүртэлх төмөр замыг шинээр байгуулах том бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр Монгол-Орос-Хятадыг холбосон төмөр замын зүүн коридор бий болж манай улс урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын 2 дахь коридортой болох юм.
-Төмөр замын тариф нэмэгдсэн нь ямар учиртай юм бэ. Зарим хүмүүс үүнд бухимдалтай байх шиг байна?
-Бүхэл бүтэн16 жил өөрчлөлт ороогүй байсан УБТЗ-ын зорчигч тээврийн тарифыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Инфляцид сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар зарим ачаа тээврийн үнийг нэмлээ. Намайг ажил хүлээж авахад УБТЗ 60 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байсан. Ийм алдагдалтай ажиллаж байгаа газраас тэгээд ямар өөрчлөлт шинэчлэлт, ямар юмныхаа үйлчилгээний чанарыг шаардах вэ дээ.
Өнөөдөр манайхан цагт 40 км цаг хурдалдаг 20-р зууны галт тэрэгнээсээ бид хэзээ салах вэ гээд л шүүмжилдэг. Тэгвэл энэ шинэчлэлийг хийхийн тулд наад зах нь эрүүл менежмент, ашигтай биш юмаа гэхэд алдагдалгүй үйл ажиллагаа чухал биз дээ. Би ОХУ-д ажиллах үеэрээ холбогдох талуудтай ярьж байж Оросын талд үзүүлж байсан транзит ачааны хөнгөлөлтийг 10 хувиар бууруулсан.
Цаашдаа энэ хөнгөлөлтийг бүрмөсөн байхгүй болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж хэрэг УБТЗ-д өөрчлөх, шинэчлэх, үйл ажиллагааг нь сайжруулах олон зүйл бий. Гэхдээ “жоомоо алах гээд байшингаа шатааж” болохгүй. Муу сайн ч энэ төмөр зам өнөөдөртөө энэ улс орныг тэр импортынх нь түлш шатахуунаар хангах, цахилгаан станцуудын нүүрс зөөж хот хөдөөгөө гэрэл цахилгаантай байлгахад гол үүрэг гүйцэтгэж байна. Би төмөр замын салбарын хөгжлийг тун өөдрөгөөр харж байгаа.
Мэдээж хүн бүрийн хүлээлтэд хүрэхгүй байгаа ч энэ салбар хөгжиж, өргөжиж л байна. Ойрын жилүүдэд манай улс хурдны төмөр замтай болох, нийслэлээс аймгийн төвүүд рүү, хот хооронд, тэр байтугай ази европ руу онгоцноос хол дутахгүй хурдтай цахилгаан галт тэргээр зорчих цаг мөдхөн гэж боддог. Тэр цагийг ойртуулахын төлөө Зам тээврийн хөгжлийн яам бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж, салбартаа гадна дотны хөрөнгө оруулалтыг татахын төлөө хичээж байна.
-Энэ жилийг Монголд зочлох жил болгон зарласан. Олон жуулчид ирэх шиг боллоо. Зам тээврийн салбарын хувьд бэлтгэл сайн хангагдаж чадав уу. Цаашид анхаарах зүйл юу байна вэ?
-Одоо ч гадны жуулчид, зочдын хөл их хэвээр л байна. Ирсэн жуулчдаа нүд дүүрэн инээж , нүүр бардам хүндлэн угтахад манай салбар гол үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр манай үндэсний авиа компаниуд дэлхийн 40 улсын 105 цэгт нисэх боломжтой болсон.
Солонгос, Япон, Хятад, Герман, Турк руу хийх нислэг өмнөхөөс бүр хэд дахин нэмэгдлээ. Олон оронтой агаарын тээврийн хэлэлцээр шинээр байгуулж, өмнө байгуулсан гэрээгээ шинэчилсэний үр дүнд гадны авиа компаниуд ч наашаа олон нислэг үйлдэж байна. Тэр хэрээр Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, эдийн засагт маань аялал жуулчлал гэсэн нэгэн шинэ солонго татаж эхэллээ гэж харж баярлаж байгаа.
Улаанбаатарт ирсэн жуулчид маань Улаанбаатарын түгжрэлд байж байгаад буцвал онцгүй сэтгэгдэл үлдэнэ. Тэд тэр бүр дан ганц пургон, жийп хөлөглөөд хөдөө гадаа яваад байж чадахгүй. Тэгэхээр ирсэн жуулчдаа ч, орон нутгийн иргэдээ ч явгалахгүйн тулд орон нутгийн 9 чиглэлд нислэг сэргээсэн. Орон нутгийн нислэгийн үнийг 2-оос 2.5 дахин хямдруулж МИАТ компани энэ үүргийг нэр төртэй гүйцэтгэж байна.
Анх орон нутгийн нислэг сэргээнэ гэхэд итгэх хүн цөөхөн л байсан. Харин сэргээчихсэн хойно худлаа даа гэж өөлж шүүмжлэгсэд усанд хаясан чулуу шиг алга болчихдог юм билээ. Ер нь тэгээд хэн юу гэх бол гэж хулгаж цэрвээд байвал ямар ч ажил урагшлахгүй шүү дээ. “Саалиа хураахаар саваа бэлд” гэж монгол ардын сайхан үг бий.
Цаашид манайхыг зорих зочид гийчид, жуулчдын хөл улам л нэмэгдэнэ үү гэхээс татрахгүй янзтай. Тэгэхээр манай салбар үйлчилгээгээ улам чанаржуулах, өргөжүүлэх, онгоцныхоо, нислэгийнхээ, жуулчдад үйлчлэх автобусныхаа, галт тэрэгнийхээ тоог нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээг үзүүлэхийн төлөө зүтгэх хичээх ёстой болж байна.
Ганц манай салбар гэлтгүй сум суурин газрууд, тур операторууд, жуулчны баазууд, худалдаа үйлчилгээний салбарынхан маань дор бүрдээ хичээвэл бараг дан ганц уул уурхай шүтсэн эдийн засаг маань бас нэгэн тулах хүчтэй болох цаг ойрхон байна. Нэг удаа, гэнэтхэн бөөн ашиг олно гэсэн богино бодол харалган сэтгэлээр бус тогтвортой орлого, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэх нь МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ-ийн үнэ цэн юм уу даа.
-Монгол Улсын ихэнх нутгаар энэ жил хур бороо элбэг байна. Зарим зам даваа үерт эвдэгдсэн байна лээ. Цаашид үер усны хохиролыг хэрхэн зөв тооцож зам гүүрээ барих ёстой юм бэ. Нэг жилийн усан борооноор зам гүүр нурчихдаг байдлыг яаж зогсоох вэ?
-Хур бороо элбэгтэй сайхан зун болж байна. Байгаль эх биднээс сүүлийн хэдэн жилд аваагүй шалгалтаа авч үе үе аадар асгаж, үер усны гамшиг ч нүүрлэлээ. Үе үеийн зөвлөх компани, улсын комисс нэртэй нөхдийн ажилдаа хэр хандаж ирсэнд байгаль цаг уурын үзэгдэл нэг ёсондоо дүнгээ тавьж байна. Хэд хэдэн удаа авто болон төмөр зам үерийн усанд угаагдаж амаргүй сорилт бидэнд тулгарлаа. Одоо ч энэ эрсдэл буураагүй.
Салбарын хашир эрхмүүдийн хэлж буйгаар наймдугаар сар хамгийн эгзэгтэй үе, хамгийн их анхаарал сэрэмжтэй байх ёстой цаг аж. Ямар ч муу зүйлд бас сайн тал бий гэж ярьдаг. Энэ зуны үер ус авто болон төмөр замын аль хэсэг үерийн гамшгийн үед хамгийн их эрсдэлтэйг бэлээхэн харуулаад өглөө. Тэгэхээр нэг удаа аргалаад өнгөрөх бус цаашид үерийн ус нэвтрүүлэх суваг, гүүр даланг хаа хаана нэмж барьж байгуулах, хаана ус зүйн нарийвчилсан судалгааг хийх вэ гэдэгт анхаарах ёстой болж таарч байна.
Солонгосчууд бороо орохоор мөнгө орлоо гэцгээдэг гэсэн. Манай монголчууд ч хур бороог шар тос хэмээн бэлгэшээдэг. Тэгэхээр бид үер гэж нэрлээд байгаа энэ их усаа яаж эрсдэл биш эрдэнэ болгох вэ гэдгээ бодолцох цаг болж. Бүр салбар дундын бодлого гаргах хэрэгтэй болж. БОАЖЯ, БХБЯ, ЗТХЯ, төмөр замын болон авто замын компаниуд хамтраад үерийн ус ихээр орж ирдэг тэр газруудад хиймэл хөв цөөрөм байгуулах ажилд анхаарах талаар тодорхой бодлого гарган хэрэгжүүлэх нь ойрын тулгамдсан асуудал болоод байна. Мөн ганц зуны аадар даахгүй эвдэрч нурдаг чанаргүй зам гүүр барьж байгаа ААН-ээр гадны дотны гэж ялгалгүй өөрсдөөр нь хохирлыг нь төлүүлдэг хариуцлагын тогтолцоог хуулинд суулгаж өгөх шаардлага байгаа нь харагдлаа. Энэ бүхнийг ажил хэрэг болгохын төлөө явна даа.
-Эрдэнэбүрэнгийн УЦС төсөл бүтээн байгуулалт нь эхэлсэн үү.
– Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын нэг гол үр дүн бол энэ асуудал байсан. Айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрийг эцэслэж эрчим хүчний тусгаар тогтнол авчрах их бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тогтсон. Энэ дагуу одоо ажил нь эхлээд явж байгаа. Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ гэж би байнга ярьдаг хүн. Сая 7 дугаар сарын сүүлээр ОХУ-аас импортоор авдаг эрчим хүч гэнэт тасарсан. Хот хөдөөгүй сандарч тэвдсэн. Ёстой урин дулаан цаг байсан тулдаа л гайгүйхэн өнгөрөх шиг боллоо. Ер нь айлаас түлээ түлшээ авч байгаа айл хэзээ ч гал алдаж мэднэ. Тийм болохоор эрчим хүчний хувьд хүний царай харахгүй болох зөв эхлэл бол Эрдэнэбүрэнгийн УЦС. Монгол улс эрчим хүч импортлогчоос экспортлогч болох боломж бүрэн бий.
– Та наадмын өмнө БНХАУ руу Ерөнхий сайдтай хамт айлчлаад ирсэн. Энэхүү айлчлалын үр дүнгээр зам тээврийн салбар ямар төсөл бүтээн байгуулалт хэрэгжүүлэхээр болов.
-Сайхан асуулт байна. Монгол Хятадын авто тээврийн хэлэлцээр шинэчлэн байгуулагдсан. Ингэснээр Хятадаар дамжин Вьетнам, төв болон дундад Азийн орнууд руу экспорт импортын ачаа тээвэрлэх, мах, ноолуур гаргаж хямд үнэтэй жимс жимсгэнэ авах боломж бүрдэж байгаа юм.
Монгол тээвэрчид Хятад болон тус улсаар дамжин гуравдагч орон руу тээвэр хийх шинэ гарцыг бид нээж чадлаа. Монгол улс валютын нэг гол эх үүсвэр болсон ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх, эргүүлээд хямд үнэтэй жимс жимсгэнэ импортлох, тээврийн өртөг зардлыг бууруулах үндсэн нөхцөл бүрдэж байгаа юм.
Мөн түрүүн би хэлсэн Монгол Хятад Оросыг холбосон төмөр замын 2 дахь коридор болох Зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Хилийн боомтуудыг төмөр замаар холбох асуудлууд шийдвэрлэгдлээ. Мөн Хятадын хөрөнгө оруулагч нарт “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байхаа илэрхийлж зам тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдээ танилцууллаа. Дархан хотоос Алтанбулаг боомт хүртэлх 113 км авто зам, Улаанбаатар хотоос Замын-Үүд боомт хүртэлх 640 км авто замын төслүүд, Улаанбаатар хотын шинэ тойрог замын хэсэг болох 35 км Туулын авто зам болон 800 у/м гүүрийн төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч нарт санал болголоо.
Мөн Улаанбаатар-“Шинэ Хархорум” чиглэлийн 362 км авто замын төсөл, төмөр замын зүүн болон төв коридорыг холбох Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замын төсөл,
Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км хурдны төмөр замын төсөл. Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Чойбалсан, Ховд, Бичигт, Сайншанд гэсэн байршлуудад хуурай боомт, логистикийн төв байгуулах төслүүдийг танилцууллаа. БНХАУ-ын Тяньжин хотын Дунзьян боомт дахь 10 га газарт Монгол-Хятадын хамтарсан “Тээвэр логистикийн төв” байгуулах төсөл. монголд цахилгаан автомашин, түүний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхлэх, цахилгаан автомашинд зориулсан цэнэглэх станц байгуулах, зорчигч тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус нэвтрүүлэх, Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Дорнод аймгуудын нисэх буудлуудын хөөрөх зурвасыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулж олон улсын статустай болгох төслийг танилцуулсан. Энэ бүхний үр дүнд урд хөршийн хөрөнгө оруулагч нар зарим төсөл дээр манай улстай хамтрахаар түрүүчээсээ идэвхтэй хандаж эхлээд байна.
-Агаарын тээврийн үнэ хөлс хоёр дахин буурсан. Энэ хүрээнд иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэн үү. Эдийн засаг, аялал жуулчлалын хувьд ямар үр нөлөө гарч байна вэ?
– ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд агаарын тээврийн салбарт оны эхний хагас жилд 651.000 зорчигч тээвэрлээд байна. Энэ хэрээр эдийн засаг, аялал жуулчлалын салбарт эргэлт гарч байна. Энэ зун манай улсын гайгүй гэсэн бүх зочид буудлын захиалга дүүрч, өдөрт хүлээн авах нислэгийн тоо ч хэд дахин нэмэгдлээ шүү дээ. Чингис хаан нисэх буудлын ачаалал дээд цэгтээ хүрсэн ч зорчигчдыг аль болох чирэгдүүлэхгүй сэтгэл ханамжтай байхад анхаарч ажиллалаа.
Тухайлбал ачаа хүлээн авах туузан дамжуулагчийг уртасгаж, нисэх буудлын дотоод зохион байгуулалтыг үйлчлүүлэгчдэд илүү ойртуулж өөрчлөн зохион байгуулах үүрэг өгч ажил хэрэг болгосон. Буянт-Ухаа нисэх буудал ч нөөц буудлын үүргээ чамгүй сайн гүйцэтгэж байна. Агаарын тээврийн, тэр дундаа орон нутгийн нислэгийн үнэ 2 дахин хямдарсанд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байгаа. Аль ч нийгэмд юу ч сэтгэлд нь таардаггүй, таалагддаггүй хүмүүс байж л байдаг. Тийм хүмүүс бол хийж байгаа ажлыг элдэвээр гутааж харлуулах гэж өөрсдийгөө зовоож байгаа харагдах л юм. Тэр яахав дээ. Би тийм юмыг нэг их тоодоггүй. Би , манай салбарынхан бол ажил хэрэгт тустай эрүүл шүүмжлэл, зөв шаардлагыг хүлээж авч, алдаагаа дор нь засахыг хичээдэг.
Нээрээ би чамд , чамаар дамжуулж Өдрийн сонины уншигчиддаа нэг сайхан мэдээ дуулгая. Энэ 7 хоногт Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ айлчлалын үеэр хорин жил хүлээгдсэн Монгол Америкийн хооронд шууд нислэгтэй болох асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ. Өөрөөр хэлбэл Агаарын тээврийн тухай Монгол улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдана. Цар тахлын өмнөх агаарын тээврийн оргил үе болох 2019 онд Монгол улс АНУ хооронд 58 мянга шахам зорчигч зорчсон байдаг. Энэ нь БНСУ, БНХАУ, Япон улсын чиглэлийн дараа орох томоохон зорчигч урсгал тэнд буйг харуулж байгаа хэрэг л дээ. Өнөөдөр манай улсын 50 шахам мянган иргэн АНУ-ын 200 гаруй хотод ажиллаж, амьдарч, суралцаж байна. OPEN SKY хэлэлцээр байгуулагдсанаар манай дотоодын агаарын тээвэрлэгчид тус улс руу шууд нислэг гүйцэтгэх боломж бүрдэх юм.
Ингэснээр манай иргэд АНУ руу хямд зорчих, олон улс руу гарч буй 45 сая ам долларын мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн маань өрсөлдөх чадвар нэмэгдэх бололцоо бий болно гэсэн үг. Зөвхөн эдийн засгийн агуулгын хувьд төдийгүй улс төрийн ач холбогдлоороо ч өндөр түүхэн үйл явдал болно гэж харж байна. Гадаад ертөнцөд биднийг хоёр том хөршийн дунд оршин буй ардчиллын баянбүрд гэцгээдэг. Тэгэхээр ардчилал, хүний эрх, эрх чөлөөний арал болсон манай улс энэ байдлаа хадгалан, гуравдагч хөршүүдтэйгээ харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд агаарын тээврийн харилцааны энэ түүхэн дэвшил гүүр болох нь дамжиггүй.
-Ховд эко цементийн үйлдвэрийн үйл ажиллагаа ямар байгаа вэ. Зарим иргэдийн хувьд цементийн үнэ хотоос татсан цементийн үнэтэй ялгаагүй адилхан гэх юм. Угтаа баруун таван аймгийн хэрэглэгчид хямд үнээр авах ёстой биз дээ?
-Ховд эко цемент үйлдвэр бол ШИНЭ ХОВД-ын зүтгүүр төслүүдийн нэг. Цар тахал нүүрлэсэн, хил боомт хаалттай, тээвэр зогсонги амаргүй хүнд үе тохиосон ч нэг ч өдөр алгуурлалгүйгээр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орсон ганц үйлдвэр. Т
а сая хүмүүс Ховд эко цемент үйлдвэрийн цемент хотоос татсан цементийн үнэтэй ялгаагүй адилхан байна гэлээ. Яг үнэн. Гол зорилго нь ердөө л энэ шүү дээ. Урьд нь ямар байсан гээч. Ховдод, баруун бүсэд цемент хотоос 2 дахин их үнэтэй байдаг байсан. Яагаад гэвэл төвөөс алслагдсан байдал, тээврийн өртөг зардлаас үүдээд тийм байсан хэрэг.
Цемент хотоос үнэтэй учраас барилгын материал, барилга байшингийн өртөг ч дагаад хэт үнэтэй байсан нь үнэн. Харин одоо хотын үнээр цементээ авцгааж байна. Ховдынхон гэлтгүй Баян-Өлгийнхөн, Увс, Завхан, Говь-Алтайнхан Ховд эко цемент үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авах гэж цувдаг боллоо. Тэр утгаараа Ховд эко цемент төсөл баруун бүсийн бахархал, ШИНЭ ХОВД-ын тулгуур төсөл болсон байна.
Хөгжлийн банкны хууль, бодлого, зорилго, бүх шалгуурт нийцсэн, ам доллараар зээл авч ханшийн өсөлтөд дарлуулж байгаа ч авсан зээлээ хуваарийн дагуу төлж, орон нутагт 350 шинэ ажлын байр бий болгож, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ийн бодит жишиг болж буй энэ төслийн үр шимийг баруун бүс даяараа хүртэж мэдэрч байна. Намайг харлуулах гэхдээ үе үе энэ үйлдвэр лүү гүтгэлгийн чулуу шидэж өмхий шүлсээ үсчүүлдэг сошиал чөтгөрүүдийн ховонд итгэхн бус харин газар дээр нь иргэд ямаршуу яриа дүгнэлттэй суугааг очоод сонсвол үнэний барааг олж үзнэ шүү.
-УИХ-ын гишүүний хувьд танаас хэдэн зүйл тодруулъя. Ээлжит бус чуулган хуралдах уу. Хэлэлцэгдээгүй олон асуудал үлдсэн байх гэж бодож байна ?
-Одоогоор ээлжит бус чуулган хуралдах нь гэсэн сураг чимээ би одоогоор сонсоогүй байна. Мэдээж нийгмийн амьдралтай холбоотой шийдлээ хүлээсэн олон хууль бодлого хүлээгдэж буй нь үнэн. Гэхдээ тэр бүхнийг хийсч яарч биш хэд хэмжиж чамбай хууль гаргах нь хууль тогтоогчдын үүрэг шүү дээ.
-Ирэх намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал бол төсөв. Мэдээж сонгуулийн жилийн төсөв хэлэлцэх учраас олон нийт анхааралтай ажиглах байх. Таны хувьд ирэх оны төсвийг хэрхэн батлах ёстой гэж үзэж байна. Сонгуулийн жилийн төсөв гэхээр халамж хавтгайрах болов уу гэсэн эдийн засагчдын болгоомжлол байна л даа?
-Яг үнэн. Ирэх намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал бол ирэх оны улсын төсөв. Би хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэхэд сонгууль ойртохоор халамж хавтгайруулдаг өвчнөөс одоо бид салах цаг болсон. Иргэд маань ч халамж бус боломж ярьдаг болсон байна. Энэ маш сайн зөв хандлага.
Цар тахлын дараах нөхцөл байдал, эдийн засгийн боломж бололцооноос шалтгаалаад бид энэ 2023 онд олон шинэ хөрөнгө оруулалтыг хассан, танасан, царцаасан. Манай зам тээврийн салбар дахь хэдэн төслийг эс тооцвол улсын төсвийн хөрөнгөөр тун бага ажил хийгдсэн.
Бид ирэх оны төсвийг батлахдаа иргэдэд халамж бус боломж олгох зүйлд л хөрөнгө оруулах нь чухал. Нэг их олон соёлын төв, багийн төв, элдэв контор оффис барихынхаа оронд ирээдүйд хөгжил дагуулах, мөнгө дагуулах дэд бүтцийн төслүүд, цахилгаан станц, авто зам, инженерийн байгууламжид хөрөнгө оруулалт хийх нь зөв шийдэл болно. Иргэддээ бэлэн мөнгө төгрөг тараахаас илүүтэй өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, орчин нөхцөлөө сайжруулж сайхан амьдрах бололцоог нь нээх ёстой.
Нэг жишээ хэлье. Манай Ховдод “Хашаандаа сайхан амьдарцгаая” гээд нэг хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвийн ихэнх гэр хорооллын гудамжинд цэвэр бохирын шугам тавьсан. Олон айл хувийн байшингаа энэ шугамд холбож утаа гаргахгүй, хөрс бохирдуулахгүй, гаднаа ил жорлонгүй, хашаандаа хаус барьж ая тухтай амьдрах амьдралын шинэ хэв маягт суралцаж байна.
Аймаг сумын төв гэхээр л утаа суунаглаж, шороо боссон, гаднаа жорлонтой, зөөврийн устай навсайсан хэдэн амбаар хашаа байж таарахгүй. Тийм болохоор хөгжлийн олон төвүүдтэй, хүн амьдрах хүсэл сонирхлыг өдөөсөн таатай амьдралын таталцлын олон цэгүүдтэй болж байж ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ жинхэнэ утгаараа хэрэгжиж хотын зовлон бүрэн утгаараа шийдэгдэнэ гэж би боддог.
-Сүүлд асуухад зам тээврийн салбарт хийгдэх ёстой томоохон ямар асуудал шийдэл гарцаа хүлээж байна вэ?
-Би нэг үгийг хэлэх дуртай. Бас амьдралдаа баримталдаг зарчим маань гэх юм уу даа. Асуулт байгаа бол хариулт бий. Асуудал байгаа бол ард нь заавал шийдэл бий гэж. Манай зам тээврийн салбар гэдэг чинь их том айл. Иргэний нисэх, авто зам, авто тээвэр, төмөр зам, далайн захиргаа гээд.
Үүнээс иргэний нисэхийн салбар маань нэлээн цэгцэрч, агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж байна гэж би бодож байгаа. Одоо орон нутгийн хэдэн нисэх буудлынхаа буух зурвасыг өргөтгөж, том дунд оврын ямар ч онгоц хүлээгээд авдаг болгочихвол болох нь тэр. Дээр нь АНУ-ын дараа сүүлийн үед монгол иргэд маань олноор зорчиж, ажиллаж амьдрах болсон Австрали руу шууд нислэгтэй болгочих юмсан гэсэн бодол байна. Бодол ч юу байх вэ дээ төлөвлөөд явж байгаа ажил.
Мөн АНУ, Тайланд, БНСУ, Катар болон дотооддоо нисэгч, нисэхийн ажилтан бэлтгэх ажлыг эрчимжүүлж ажил хэрэг болгох. Нисэхийн сургалтын төвийг Буянт-Ухаа нисэх буудлыг түшиглэн байгуулахыг зорьж байна. Төмөр замын салбарын тухайд мэдээж хэрэг хил холболтын төмөр замуудаа хурдан дуусгаж экспортын гарцуудаа нэмэгдүүлэх, Монгол улс жилдээ 40 сая тн бус 80 сая тн нүүрс экспортлох төмөр замын дэд бүтцийг бий болгохыг чухалчилж байна.
Мөн зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг хурдан барьж байгуулахыг , бас ирээдүйд шинэ нийслэл цогцлох Хархорин руу хурдны авто болон төмөр зам барих ажил байна. УБТЗ-ыг хос төмөр замтай болгох, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчилж үйлчилгээг чанаржуулах, МТЗ, Тавантолгой төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлж эдийн засгийн үр ашгийг сайжруулах гээд чамгүй их ажил өмнө байна. Боомтын авто замуудын ажлыг эрчимжүүлж, олон улсын болон улсын чанартай гол авто замуудаа ойрын үед 2 урсгал 4 эгнээ болгож 1 дүгээр зэрэглэлийн зам болгох төлөвлөгөө ч бий. Эдийн засгийн боломж, улс төрийн шахаасаар дэвтрийн цаас шиг нимгэн тавигдсан авто замуудаа шинэчлэн их засвар хийх, байгаа замуудаа засал авахгүй болохоос нь өмнө засварлаж тордох ажилд дуслын сэтгэлгээгээр хандаж ирсэн хандлагыг өөрчлөх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чухал үр нөлөөтэй Туулын хурдны зам, Нисэхийн гүүрэн замыг барьж байгуулах гээд төлөвлөгөөнд орж, цаасан дээр зурагдаж, түрүүч нь хөрөнгө оруулалт нь шийдэгдэх шатандаа орсон ажил зөндөө байна. Энэ бүхнийг цаг алдалгүй, алгуурлалгүй хийхээс өөр аргагүй. Учир нь зам тээврийн сэргэлт эргээд эдийн засгийн эргэлтийн хурдасгуур болдог учраас манай салбарынхан бол хөгжлийн хүрдэн дээр суусан хүмүүс гэдэгт би итгэдэг.
Баярлалаа танд.
Өдрийн сонин
Э.МӨНХТҮВШИН