Нийслэлийн Засаг даргын Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай А/862 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НОК-ын орлогч, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням дүүргийн Онцгой комисс болон холбогдох алба, мэргэжлийн газрын удирдлагатай хамтарсан хурал зохион байгуулж, үүрэг чиглэл өглөө.
Уг захирамжаар 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн 8 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод болон баталгаат бус замуудад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эхлүүлэх юм.
Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Экологийн цагдаагийн алба ахалж хяналт шалгалтыг явуулах аж.
НОК-ын орлогч, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням тарваган тахал өвчнөөс учрах аюул болон урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх, нутаг дэвсгэртээ тарваганы мах худалдан борлуулах эрсдэлтэй газруудад хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулахыг холбогдох албадад үүрэг болголоо.