Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өгөв.
Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 667 цэцэрлэгт 142,798 хүүхэд сурч, 4726 багш ажиллах бол ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцаж, 16,179 багш ажиллахаар байгаа юм.
Цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Нийт 142,798 хүүхдээс 104,694 хүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд бүртгэл 73.3 хувьтай байна.
Наймдугаар сарын 21-25-нд хүүхдүүдийг цэцэрлэгт нь хуваарилна. Нэгдүгээр ангид элсэхээр 37,727 хүүхэд хүсэлт гаргаад байна. 2023 он гарснаас хойш таван сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 14 цэцэрлэг ашиглалтад орсон.
Энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад нийт сургуулийн хүүхдийн 288 автобус үйлчилгээнд явна. I-V ангийн сурах бичгийг 100 хувь төрөөс үнэ төлбөргүй хангана. VI-XII ангид 27,820 багцын нийт 430,580 сурах бичиг нийлүүлэгдэх аж.