Сайн хулгайч нарт албан тушаал дээр нь нэмээд Алтан гадас өгдөгөө боль-
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын бичил уурхайчдийн олборлолт явуулж байсан газрыг “Шарын гол” ХК булааж авахаар газар шорооны ажил явуулж, түүний уршгаар тус сумын цэвэр усны шугам хоолой гэмтэх нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Цэцэгмаатай ярилцлаа.
Яг одоо нөхцөл байдал ямар байгаа вэ. “Шарын гол” ХК-ийн зүгээс ямар зорилгоор газар шорооны ажил хийсэн юм бол?
“Шарын гол” ХК-ийн сүйтгэсэн газарт манай бичил уурхайчид өнгөрсөн зунжингаа ажлаад дараа нь нөхөн сэргээлт хийсэн. Гэтэл эрх мэдэлтэй гадаадын нэг хүн ирээд дуртай газраа дугуйлж аваад, хувийн хэвшлийн газар гэж самбар хадаад монголын газар нутгийг өмчилж авч байгаа явдал газар авлаа.
Манай бичил уурхайчид анх энэ газар дээр үйл ажиллагаа явуулж эхлэхдээ “Шарын гол”-ыг цэвэр усаар хангадаг цэвэр усны шугам энд явж байгаа учраас ойр орчимд олборлолт явуулахгүй гэж “Дулаан Шарын гол” ТӨҮГ-аар “хамгаалалтын бүс” тогтоолгох хүсэлт гаргасан. Үүний дагуу “Дулаан Шарын гол” ТӨҮГ-аас ажлын хэсэг гарч хамгаалалтын бүс тогтоож өгсөн. Хуулиндаа хамгаалалтын бүсээс 5-6 метрийн дотор ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглодог юм билээ. Харин бид сумынхаа цэвэр усыг хамгаалах үүднээс удирдах зөвлөлийн дотоод журмаараа 20 метр дотор олборлолт хийх үйл ажиллагаа явуулахгүй гэж зохицуулсан. Нөгөөтэйгүүр бид энэ орон нутгийн хүмүүс болохоор цэвэр усны шугам хоолой явсан газраа хамгаалалтанд авсан. Гэтэл “Шарын гол” ХК-ийн захиалгаар хэсэг бүлэг хүмүүс ирээд цэвэр усны шугам хоолой явсан газрыг экскватороор ухаад явчихаж байгаа юм. Тиймээс үүнээс гарсан аливаа нэг эрсдлийг бичил уурхайчид хариуцахгүй гэсэн албан бичгийг “Дулаан Шарын гол” ТӨҮГ-т хүргүүлээд байна. Аливаа нэг байгууллага гадныхны эрх мэдэлд очоод, гадны хаяг наачихвал тэдэнд Монгол Улсын иргэн хүн биш, монголын газар шороо тэдний өмчид шилждэгт маш их харамсаж байна. “Шарын гол” ХК-ийн явуулсан үйл ажиллагаа сум, орон нутгийн аюулгүй байдалд халдсан нь олон хүнийг уурлуулж, бухимдуулсан маш их хор уршигтай зүйл болж байна гэж хэлмээр байна.
Энэ газар “Шарын гол” ХК-ийн эзэмшлийн газар юм уу?
Энэ газар “Шарын гол” ХК-ийн газар биш. Тэгээд ч энэ газарт юунд нь шунаад байгааг ойлгохгүй байна. Өнгөн хэсэгтээ жоохон алтны илэрцтэй энэ газарт бид ажлаад бараг дуусч байна. Ирэх хавар гэхэд бид энд нөхөн сэргээлт хийж, мод тариад аймаг, сумын удирдлагууддаа хүлээлгэж өгөх байсан. Гэтэл ийм байдал үүсчихлээ. Бичил уурхайчдын үйл ажиллагааг таслан зогсоох ажиллагаа явуулсантай холбогдуулан “Шарын гол” ХК-ийн удирдлага, шийдвэр гаргах түвшний хүмүүстэй уулзах гэсэн боловч харуул хамгаалалт болоод гадаад эзэн нь байхгүй байгаа гэсэн шалтгаанаар уулзаж чадсангүй. Монголчууд монголынхоо газар шороон дээр эзэн хүний ёсоор амьдрах нөхцөл бололцоо байхгүй байгаагийн нэгэн тод жишээ Шарын гол суманд гараад байна.
Сумын Засаг дарга болоод удирдлагууд энэ асуудлыг юу гэж байна вэ?
Өнөөдөр сумынхаа Засаг даргатай уулзаж энэ асуудлыг ярих гэсэн боловч манай сумын Засаг дарга Д.Амарсанаа зугатаагаад явчихсан. Иргэд нь асуудалд ороогдоод, гадны хэн нэгэн ирээд иргэдээр нь оролдож байхад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй төрийн түшээ байсны оронд зайлсан нь дээр. Зайлуулах ёстой байхгүй юу. 2012 онд сумын Засаг даргын ажлыг хийж чадна гээд багаараа ямар дуулиан шуугиан тарьж байж засаг дарга боллоо доо. Гэтэл Засаг дарга болоод нэг ч асуудлыг шийдэж чадаагүй. Хүчгүй, боловсролгүй, мэдлэггүй, мэдэлгүй, арчаагүй төрийн удирдлагууд бидэнд хэрэггүй. Тухайн үедээ хийж байсан улс төр нь одоо хүртэл дуусдаггүй, улстөржөөд л байгаад байдаг. Энэ мэтчилэн бусармаг үйл явдал болж байхад уурхайн дарга нь зугатаад явчихсан, Засаг дарга нь зугатаад явчихсан шийдвэр гаргах түвшний нэг ч хүн алга. Дээрээ сайхан юм яриад л байдаг доороо бохир заваан нь байсаар, эзэнгүй төр шиг юм болж байна.
Газар ухаж эхэлсэн тэр даруйд нь сум, орон нутгийнхаа засаг захиргаанд мэдэгдээгүй юм уу?
Тэр даруйд нь Засаг дарга Д.Амарсанаад би хэлсэн. “Ийм зүйл болоод байна мэдэж байгаа зүйл байна уу” гэхэд “надад мэдэх юм алга” гэсэн. Нэгэнт л сум, орон нутгийн толгойлогч санаатай юм бол, сум орон нутагтаа болж байгаа ямар ч юмыг мэдэхгүй байгаа бол энэ хүн одоо зайгаа тавиад өгсөн нь дээр. Хүн боловсролгүй байж болно, мэдлэггүй байж болно, чадваргүй байж болно гэхдээ сэтгэлтэй байх ёстой. Сэтгэл байхгүйгээс болж хэн дуртай нь ирээд ард түмнийг доромжилдог болсон байна.
Бид хэнээр эрхээ хамгаалуулах вэ? Нөгөө л нохойд барьдаг мод шиг хэдэн цагдаа нар уу. Төрийн үйлчилгээг дан ганц цагдаа үзүүлэх ёстой юм уу. Ингээд бодохоор эгдүү, зэвүү хүрмээр үйл явдал энд болж байна. Хувийн хэвшилд орохыг хориглоно гэсэн бичиг, хаяг хаа сайгүй нааж байна. Хэн хувьчлаад өгчихсөн юм. Монголын газрыг гадаадынхан хашааны газар шиг хувьчилж авч болдог юм уу? Иргэдийг шаардлага тавихаар машин дээрээ завилж суучихаад салаавч өгч байх жишээтэй. Бид ямар төрийн үйлчилгээг ямар нийгэмд эдлэх гээд байгаагаа ойлгохгүй байна. Миний эрх ашгийг хэн хамгаалах вэ гэж бодохоор арай л биш юм.
“Шарын гол” ХК сумын хичнээн иргэнийг ажлын байраар хангаж байгаа вэ?
“Шарын гол” ХК өмнө нь Шарын гол сумын олон зуун иргэдийг ажлын байраар хангаж байсан. Харин одоо гадаадынхан цөөн хэдэн хүн ажлуулаад, дээр нь нэмээд цомхотгох асуудал ярьдаг. Сумын иргэд гаднаа нүүрсгүй шахуу л амьдарч байна. Нэг тонн нүүрсийг 50 мянган төгрөгөөр ачуулдаг ч тэр нь нүүрс биш хог л байгаа шүү дээ. “Шарын гол” ХК сумын иргэдийн баялагийг ашиглаж байгаагийнхаа хувьд олсон ашгаасаа Шарын голын иргэдэд өгдөг баймаар байна. Бид өөрийн орон нутагтаа байж яагаад баялгаасаа хүртэх эрхгүй байгаа юм бэ. Бид үүнийг цаашид асуудал болгож тавина.
“Шарын гол” ХК гэх энэ том уурхай олон хүнийг ажлын байраар хангаж чадаж байна уу гэвэл үгүй. Чадахгүй байгаа учраас бид энэ компанийн удирдлагуудтай зайлшгүй уулзах шаардлагатай боловч бид бүгдийг хүлээж авсангүй. Энэ гадаадууд монгол оронд ирээд ажиллаж, амьдрах эрх нь нээлттэй боловч монголын ард түмнийг ялгаварлан гадуурхаж, эх орондоо боломжийн амьдрах боломжийг олгохгүй байгаа учраас гадаад эзэнтэй уурхайд болон “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ын дарга Н.Батмөнхөд удахгүй шаардлага хүргүүлнэ. Бид ч энэ мэт бусармаг үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсоох болно.
“Шарын гол” ХК болоод бичил уурхайчдын хоорондын зөрчил удаа дараа гарлаа. Гэтэл үүнд дорвитой арга хэмжээ авахгүй байсаар дараа дараагийн үл ойлголцол, зөрчил үүссээр байна шүү дээ?
Бохир заваан ажлаа дандаа үүр шөнийн заагаар явуулдаг. Хулгайч нар л ингэж ажиллагаа явуулдаг байх. Бичил уурхайчид бид хулгайч биш учраас хэзээ ч үүнд шантрахгүй. “Шарын гол” ХК-тай адил бохир үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хандаж хэлэхэд “та орон нутагтаа очиж тарвалздаа. Монголд арай биш юм аа” гэдгийг сануулмаар байна. Гадаад эзэнтэй компаниудын бусармаг үйл ажиллагаа хэрээс хэтэрлээ. Иргэдээсээ зугатаад явчихдаг сумын Засаг даргатай, эвгүйтэхээр бол нэг халаасанд ордог аймгийн Засаг даргатай манай Дархан-Уул аймаг, сум маань яаж хөгжих вэ. Ийм л үед төрийн түшээд ярих биш төрийн хүчийг харуулаач.
Эх сурвалж: www.aravt.mn