Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төв -Хоол боловсруулах эрхтэн судлалын ууган тасаг үүссэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон 50 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын ходоод, гэдэс, элэг судлалын хөгжил” сэдэвт Олон улсын симпозиумыг өнөөдөр /2023.09.16/ зохион байгуулж байна.
Хуралд Хоол боловсруулах эрхтэн судлалын 100 гаруй эмч, мэргэжилтнүүдээс гадна Орос, Швед, Япон, Солонгос, Хятад, Тайван улсын 7 эрдэмтэн, профессор оролцож эмчилгээ, оношилгооны чиглэлээр харилцан туршлагаа хуваалцаж байна.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Монгол Улсад Гастроэнтерологийн тасаг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн мэндийг эмнэлгийн хамт олон, багш, эрдэмтэн судлаач та бүхэндээ хүргэе.
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон анхдагч, манлайлагч гэдгээрээ их бахардаг. Манай эмнэлгийн 100 жилийн ой хоёр жилийн дараа тохионо. Бид бүхэн 100 жилийн түүхэндээ Монгол Улсынхаа анагаах ухааны салбарт маш том ололт, амжилтыг хийснээрээ бахархдаг” гэдгийг онцлон хэллээ.
Энэ үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн дарга, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор О.Баярмаа “Монгол Улсад хоол боловсруулах эрхтэн судлалын салбар үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. Бид 50 жилийн хугацаанд Монгол Улсад хоол боловсруулах эрхтэн судлалын салбар ямар ямар ололт амжилтуудыг олж авсан, цаашид юу хийхээ төлөвлөж байгаа талаараа хэлэлцэхээр олон улсын хурлыг зохион байгуулж байна.
Хоол боловсруулах эрхтэн судлал нь дотроо хэд хэдэн салбарыг агуулж байдаг.
Үүнд:
– Ходоод, гэдэсний эмгэг,
-Ходоод, гэдэсний эмгэгийг голчлон үүсгэдэг Хеликобактер судлал,
Цөс, нойр булчирхайн эмгэгийг оношилсон эмчилгээний үр дүн,
Элэг судлалын салбар, элэг шилжүүлэн суулгах зэрэг хоол боловсруулах эрхтэн судлалд хийсэн ололт амжилтын талаар дүгнэн хэлэлцэж байна.
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг 50 жилийн хугацаанд эмнэл зүйн удирдамж, заавруудыг боловсруулж, эмч мэргэжилтнийг бэлтгэх сургах, эрдэм шинжилгээний төсөлт ажлуудыг хэрэгжүүлэх, олон улсад илтгэх, эмчилгээ оношилгооны шинэ технологиудыг нэвтрүүлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлж байна.”хэмээн ярилаа.
Каролинска институтийн профессор Маттиас Лөрр “Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн 50 жилийн ойн хуралд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдөр тавигдаж буй лекцүүдээс харахад Монгол Улсад Гастроэнтерологийн салбарын хөгжил Европын улсуудын хөгжилтэй нэг түвшинд явж байгаа нь харагдаж байна. Ялангуяа өнөөдрийн хурал нь “Хоол боловсруулах эрхтний эрүүл мэнд” уриан дор явагдаж байгаа нь бидний уриатай адилхан байна. Бид энэ тал дээр их анхаарал тавьж ажилладаг. Монгол Улсад дурангийн мэс засал, элэг шилжүүлэн суулгах мэс заслууд ч гэсэн өндөр түвшинд хөгжиж байгааг харахад таатай байна.
Гастроэнтерологийн салбарын ирээдүйд хийх ёстой хамгийн том ажил нь урьдчилан сэргийлэлт. Монголын Гастроэнтерологийн салбар ходоодны хавдрын эрт оношилгоонд анхаарал хандуулж байгааг харахад таатай байна” гэдгийг онцоллоо.