Хүүхэд алга боллоо, бага насны хүүхэд орон сууцны цонхоор уналаа, зам тээврийн осолд өртөж эндлээ, хүүхэд хүчирхийлэлд өртөж хохирлоо, бяцхан хүү хойд эцэгтээ зодуулжээ… гэх зэрэг мэдээлэл сошиал орчинд бараг л өдөр тутмын мэдээ шиг гарч, иргэд олон нийт ч түүнийг байж болох хэвийн зүйл мэт ойлгох боллоо.
Монгол Улсад сонин юу байна гэж асуувал Сонин гойд юмгүй дээ, улс төрчид, эрх мэдэлтнүүд “улсаасаа” хулгайлцгааж л байна гэж хэлэх хэмжээнд хүртэл авлига, албан тушаалын гэмт хэрэг улс оронд нүүрлэж, улс төрд ойр, тэдний гар хөл бологсод хагартлаа баяжиж, түүнтэй нь тэмцэх төр засаг, хууль шүүх хүчин мөхөстөж, ард иргэд өдөр тутмын аж амьдралаа болгох гэж хуруу хумсаа хугалан зүтгэж байгаа дүр зураг л энэ улс оронд ажиглагдаж байна.
Энд дунд бид Монголын хөгжлийн ирээдүй болсон хүүхэд багачуудаа хөсөр хаячихсан гэхэд хилсдэхээргүй. Жил бүрийн 06 сарын 01-ны өдөр буюу Хүүхдийн баяр болохоор улс төрчдөөсөө эхлээд дээр дооргүй хөл хөөрцөг болж, хүүхэд багачуудыг баярлуулах нэрээр тортой чихэр бэлэглэж, хүүхдэд хайртайгаа илэрхийлсэн нялуун үгс хэлж, зураг хөргөө татуулахаас цаашгүй олон жилийн нүүрийг үзлээ.
Зүй нь бол зөвхөн Хүүхдийн баярын өдөр биш жилийн 365 хоногт бид хүүхдийн төлөө анхаарах ёстой.
Яагаад ингэх ёстой гэж үү…, яагаад гэвэл хүүхэд багачууд бол бидний ирээдүй, Монгол УЛСЫН ХӨГЖЛИЙН, БАС ОРШИХУЙН ИЛЭРХИЙЛЭЛ.
Тэдний хүмүүжил, боловсрол, соёлын төлөвшлөөс эх орны ирээдүй тодорхойлогдоно. Тэр утгаар нь томчууд бид үр хүүхдүүдийнхээ ирээдүйд БАЙЖ БОЛОХ БҮХИЙ Л БОЛОМЖООРОО ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ЁСТОЙ.
Япон, Солонгос улсын хөгжлийг бид гайхширдаг. Гэтэл эдгээр улс орны хөгжлийн нууц нь хүүхдээ зөв хүн болгож төлөвшүүлсэн, тэдний мэдлэг боловсрол, хөгжилд анхаарсан явдал байдаг.
Цэцэрлэг, сургуулийн сургалтын тогтолцоо, хичээл сургалтын агуулгаас эхлэн бид хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах, хөгжин дэвших боломжид анхаарах учиртай.
Харин бид ингэж чадаж байгаа бил үү. Ихэнх эцэг эхчүүд ажил хөдөлмөр хийхийн эрхээр цэцэрлэг сургуулийн багш нарт хүүхдээ “даалган” орхиж, тэдэнтэйгээ ойр дотно, халуун дулаан байх “цаг завгүйгээр” хорвоогийн өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Интернэт цахим хөгжлийн нөлөөгөөр хүүхдүүд “хар багаасаа” цахим орчны “бүтээгдэхүүн” болж өсөн төлөвших хандлага давамгайлах боллоо.
Улс төр, эдийн засаг, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хотын дарга, ногоон автобус, сонгуулийн тухай томчууд ярьж хэлж, мэтгэлцэж, улс төрийн нам бүлгүүдэд талцан хуваагдаж, эрх мэдэл, албан тушаалын хойноос улайран хөөцөлдөж байх хойгуур нийгмийн амьдрал ядууран доройтож, тэр хэрээр хүүхдийн эрх удаа дараа зөрчигдсөөр байна.
Нийгмийн ороо бусгаа байдалд сэтгэл нь гундуу, ходоод нь хоосон, авдаг цалин нь бага, амьдралд нь хүрэхгүйн улмаас зарим иргэд архидан согтуурч, уурлаж бухимдаж, тэдний гарт “хэнд ч гэм хийгээгүй, юунд буруугүй” хүүхэд хэмээх “бяцхан бурхад” өртөж, амь нас, эрүүл мэндээрээ удаа дараа хохирч байна.
2020 оны УИХ-ын сонгуулиар Монголын парламентын түүхэнд хамгийн олон эмэгтэй гишүүд буюу 76 гишүүнээс 13 эмэгтэй гишүүд сонгогдсон.
Хүүхдийн эрх зөрчигдсөн, хүчирхийллийн золиос хүүхэд болсон, гэртээ цоожлуулж үлдсэн хүүхэд орон сууцны цонхоор унасан, гурвын гурван хүүхэд эхийнхээ хамтаар шөнө угаартаж нас барсан, хүүхэд алга болоод олдохгүй байгаа зэрэг сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл гарсаар атал мөнөөх 13 эмэгтэй гишүүд бүр таг.
Төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эх хүн, эмэгтэй хүнийхээ хувьд тэд ядаж хүүхдийн эрхийг хамгаалах талаар нэгдэж чаддаггүй юмаа гэхэд нэг нэгээрээ болов дуугараасай.
Эрчүүд, эрэгтэй гишүүд тэр улс төрөө хөөцөлдөж, албан тушаалын төлөө “алалцдаг” юм байгаа биз, харин эмэгтэй гишүүд эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө ажилламаар, зүтгэмээр байна.
Өнөөдөр гэр хорооллын хүүхдүүд хичээл сургуульдаа явахын тулд өглөө, оройд хэдэн км хол нохой шувуунд хөөгдөж яваа талаар судалгаа байна уу эрхэм эмэгтэй гишүүдэд. Тэд үүнийг өөрчлөхийн төлөө бодлого гаргаж байх ёстой.
МАН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр амласан сайхан сайхан амлалтуудаа хэрэгжүүлээсэй. Ядаж үүнийг нь хэрэгжүүлэхийг эмэгтэй гишүүд шахаж шаардаасай.
“Ниргэсэн хойно нь хашгирдаг биш” ниргэх боломжгүй тэр эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаасай.
Хүүхэд хамгааллын төлөө нийгмээрээ, нийтээрээ нэгэн дуугаар дугарч, энэ чиглэлийн төрийн бодлогыг оновчтой, хүртээмжтэй, хүүхдэд бүрт ээлтэй, тэгш боломжтой болгохын төлөө өдөр бүр анхаарч ажиллацгаая.