УИХ-ын сонгуульд ялимгүй олонх болж аль нэг улстөрийн хүчинтэй хамтарсан Засаг байгуулах эрхтэй болсон АН-ынхан анхнаасаа буруу хөл дээрээ үсэрч буусныхаа горыг өнөөдөр амсч байна. Цагтаа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж үзсэн АН-ын толгой эдийн засагчдийн нэг Р.Амаржаргалыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд биш юм гэхэд яг одоо Н.Батбаярын бантагнуулаад яваа Эдийн засгийн хөгжлийн яамны сайд болгоогүй гэмээ АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдэлж дээшээ тэнгэр хол, доош газар хатуу болчихоод байгаа. Ерөнхий сайд болгоогүй нүглийг нь амсуулж Н.Алтанхуяг даргынхаа шүдний өвчин болчихоод байгаа Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс сайн дураараа татгалзсан ч асуудлыг нь шийдэхгүй байгаа нөхөддөө хандан “Тэгвэл би энэ намаас чинь зайлаад өгье” гэж айлгасаар хэд хонов. Уг нь арай өөр нэгэн, тэгээд өнөөдрийнхөөс ялимгүй олонх болсон үед ингэсэн бол “Зайл, зайл” гээд амбаардаад хөөчихөд АН-ын хувьд өрөөнийхөө хогийг шүүрдэх төдийхнөөр л хэмжигдэх ажил байлаа. Гэтэл өнөөдөр тэгдэг цаг нь ч биш, тийм ч хямдхан нэгэн биш гэдэг нь Р.Амаржаргалын айлгалт, АН-ын бажгадалт хоёроос тун ч тодорхой харагдаад байгаа юм. Р.Амаржаргалын аминаас үнэтэй шахуу болчихоод байгаа ганц суудлын хувьд тойрогт өрсөлдөж сонгогдсон тул хуулийн дагуу нөхөн сонгууль явуулах ёстой.
Энэ тухай Сонгуулийн хуулинд “Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна” гээд тодорхой заачихсан. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойрогт орон гарсан УИХ-ын гишүүнийг тодруулах санал хураалт дахин явагдах нь тодорхой болоод байна.
2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргоос АН-ын Л.Гантөмөр 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналаар ялсан бол МАН-аас нэр дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн санал авч байсан. Энэ дүнгээс харвал Р.Амаржаргалын оронд МАН-ын “талх” Ч.Ганхуягийг орж ирэх байх хэмээн урьдчилсан таамаглагчид олон байсан. Гэвч нөхөн сонгуульд намууд ямар хүнийг нэр дэвшүүлэхийг таамаглах цаг нь болоогүй байхад хэтэрхий эрт баярлагсдад жинхэнэ “шавар хаагч” нэгэн эрхмийн нэр сүүлийн хоёрхон хоногт хүчтэй яригдах болов. Тэр эрхэм нь хэн гээч.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж явсан С.Баяр. Гэхдээ эхлээд энэ хачирхалтай тохиролцоог ажил хэрэг болгохын тулд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их хурлын гишүүнээсээ татгалзсан Р.Амаржаргалын хүсэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэхэд санал хураалт явуулж асуудлыг нэгмөсөн эцэслэн шийдэх ёстой. Засгийн газраа байгуулахдаа “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр ичгүүр, сонжуураа баран байж МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй эвсэж нэг юм эвээ олсон АН-ын тухайд ийм санал хураалт болвол олонхи болох нь тун эргэлзээтэй. МАН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН гээд бусдад нь энэ суудал онгойх нь нөхөн сонгуульд өөрсдийн “барьцаа ахиулах” боломж шиг л харагдаж байгаа.
Иймд УИХ-аар уг асуудал хэлэлцэгдсэний дараагаар нөхөн сонгуулийн асуудал яригдах хэдий ч С.баярын нэр яригдаад эхэлсэн тул “Усан дотор ч гал асч мэднэ” гэх хүмүүс олширч байна. Тэгээд ч Монголын улстөрд, ялангуяа МАН-д үгүйлэгдэж байгаа С.Баярын орон зайг бүтэн болгохыг хүсэгчид АН-ынхны дунд ч олширч байгаа нь цаанаа учир шалтгаантай л байж таарна. Ялангуяа хүчтэй сөрөг хүчнийг үгүйлэгчдэд М.Энхболд биш С.Баяр илүү сонирхолтой байх нь ойлгомжтой. Түүнчлэн УИХ-д С.Баяр хүч түрэн ороод ирвэл МАН-ын одоогийн удирдлагын байр аажмаар солигдох нигууртай. Чухамдаа МАН-ынхан дотор зуураа хэмлэлдэх нь бүр нарийндаа АН-д ашигтай. Нөгөөтэйгүүр С.Баяр бол АН-ынхны хувьд улстөрийн соёлтой, олныг араасаа дагуулах бие хүний хүчирхэг чадвартай дайсан. Зарим үед яах гэж байгаа нь мэдэгдэхгүй үлбэгэр, хулчгар дайснаас зоригтой, шийдэмгий дайсныхаа юу хийх гэж байгааг урьдчилан тооцоолж, хариу үйлдэл хийж суух нь өрсөлдөгчдөд нь таалагдах үе ч байдаг. Магадгүй АН-ынхны хувьд ийм байдлаар С.Баярыг чимээгүйхэн дэмжих магадлалтай. Тэгвэл “талх” Ч.Ганхуяг, “найдлага” Ц.Цогзолмаа нарт ямар ч шаанс байхгүй гэсэн үг.
Нөгөөтэйгүүр “Канадад цагаачилж гэнэ. Монголын хууль хяналтынхнаас айгаад ирж чадахгүй байгаа юм байх” гэж хангалттай гоочлуулсан С.Баяр их улстөрд эргэн ирэх энэхүү боломжийг эцсийг нь тултал ашиглахыг хүссэн л бол түүнийг зогсоох хүч байхгүй. МАН-ын шинэ удирдлагууд түүнтэй муудалцахыг яагаад ч хүсэхгүйгээс гадна чадахгүй. С.Баярыг Сү.Батболд, У.Хүрэлсүх нар хоёр гараа өргөн дэмжих нь ойлгомжтой. Ингэхээр УИХ-д орж ирэх С.Баярын өмнө ногоон гэрэл анивчихгүй асч байгаа гэсэн үг. Одоо харин Р.Амаржаргалын хүсэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж МАН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хоёр төлөөлөл гараа өргөчихвөл бүх зүйл “оке” гэсэн үг. Ийнхүү С.Баяр эргэн ирэх өдөр ойртсоор байгаа бололтой.