Сүүлийн үед “Нийслэл Өргөө” компанитай холбоотой олон асуудал гарч хуулийнхны хараанд өртөх болсон билээ. Тиймээс тус компанийн захирал Б.Ганзоригийг АТГ-аас сэжигтнээр татан цагдан хориод байгаа.
Учир нь түүнийг улсаас зарласан тендер болгоныг авдаг хэрнээ тэдгээрийгээ бусдад дамжуулан худалдсан байж магадгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.
Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Баянхошуун дахь газрыг нь Б.Ганзоригоос авч чадаагүй хэсэг хүн түүнийг аавын хаалга татуулсан ч гэх.
Эл компанийн гарал үүслийг хөөгөөд үзвэл 1962 онд “Угсармал орон сууцны барилга трест” нэртэйгээр байгуулагдаж, 1998 онд хувьчлагдан “Нийслэл өргөө” ХК болсон аж.
Хамгийн гол нь улсаас зарласан олон тендерийг ямар зарчмаар, ямар сонгон шалгаруулалтаар авч байсныг хуулийнхан ихэд сонирхож, түүнийг шалгах болсон байна.
Улсаас авсан тэдний тендерээс нь цухас дурьдахад Багануур дүүргийн орон сууцны барилга, МУИС-ийн хичээлийн байрны өргөтгөл, Төрийн ордны өргөтгөл зэргийг барьж гүйцэтгэжээ.
Харин одоогоор Үндэсний архивын газрын барилга, Хөдөө аж ахуйн их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны баримтыг “Пума” констракшнтай 2012 оноос эхлэн хамтран гүйцэтгэж байгаа. Гэвч тус компанийн гүйцэтгэсэн барилгын ажлууд ихэнхдээ тендерт ялснаас хойш багагүй хугацаа өнгөрөөж, төсөвт өртгөө өсгөдөг байна.
Тухайлбал 2009 онд Үндэсний төв архивын барилгын тендерт ялж найман тэрбум 600 сая төгрөгийн өртөгтөйгөөр барилгын ажлаа эхэлж байжээ.
Гэтэл гүйцэтгэж буй ажил нь долоон тэрбум 722 сая, есөн тэрбум 798 сая гэх мэтээр жил дараалан өссөөр ирэх оны төсөвт 11 тэрбум 952 сая төгрөг болж орж ирж байжээ.
Мөн “Пума” констракшн компанитай хамтран гүйцэтгэж буй ХААИС-ийн хоёрдугаар байрны барилгын анхны төсөвт өртөг нь дөрвөн тэрбум 120 сая төгрөг байснаа өдгөө зургаан тэрбум 634.9 сая төгрөг болж нэмэгджээ.
Дээрхээс хамгийн их асуудал дагуулж байгаа нь IV төрөхийн барилга. Тус эмнэлгийн ажлыг “Нийслэл өргөө” ХК “Пума” констракшнтай хамтран гүйцэтгэж байгаа. Эндээс харахад тус компани ганц барилгын ажлыг олон жил дамнуулдаг учраас төсөвт өртгийг нь нэмэгдүүлдэг юм байна гэхээс аргагүйд хүрч байгаа юм.
Төрөх IV эмнэлгийн төсөвт өртөг анх 19 тэрбум төгрөгөөс эхэлж байсан. Гэтэл барилгын материалын үнэ өссөн хэмээн 14.2 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж шаардах болжээ. Товчхондоо тус эмнэлгийн төсөвт өртөг нийт 33 тэрбум 222.8 төгрөг болтлоо өссөн гэсэн үг.
Албаны хүмүүс өнгөрсөн сарын эхээр тус төрөх эмнэлгийн ажлын явцтай танилцахдаа дээрх мөнгөн дүнг шууд шийдэхэд учир дутагдалтай гэдгээ ч мэдэгдсэн. Харин үнэ чухам яагаад өссөн бэ гэдэг шалтгаанаа Б.Ганзориг захирал дараах байдлаар тайлбарлаж байсан юм. “Бид 2010 оны арванхоёрдугаар сарын сүүлээр гэрээ хийсэн. Уг нь өдийд ашиглалтад орох ёстой байсан. 2012 онд барилга угсралтын ажил дууссан. Тухайн үедээ бид ам.метрийг нь 560 мянган төгрөгөөр барихаар гэрээнд тусгасан. Одоо өрлөгийн ажил 90 хувьтай ч барилгын материалын үнэ огцом өсч, маш их зөрүү гарснаас зогсонги байдалд орчихоод байна.
Жишээ нь, барилгын ажил эхлэхэд нэг тонн цемент 49 мянган төгрөг байсан. Гэтэл дараа жил нь 169 мянга, арматур 800 гаруй мянга байсан бол одоо нэг сая төгрөг болсон.
Дээрээс нь дэд бүтцийн асуудал нь шийдэгдээгүй. Ялангуяа дулаан, бохирын шугам татах хөрөнгө төсөвт тусгагдаагүй” гэсэн юм.
Харин шалгалтаар явсан Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Г.Байгалмаа “Барилгын материалын үнэ хэдий өссөн ч 14.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх учиргүй. Тиймээс төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын ажлыг зогсоох арга хэмжээ авч нарийвчилсан шалгалт оруулна” гэж мэдэгдэж байжээ.
Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригийг 300 ортой IV төрөх эмнэлгийн барилгын ажлын тендерийг авахад Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Учир нь тус төрөх эмнэлгийн барилгын ажил 74 хувьтай явагдаж байхад нь санхүүжилтийг бүрэн гаргуулж авсан байна.
Энэ нь ч үнэний ортойг баталж Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн аравдугаар сард тус эмнэлгийн барилгын ажлын үйл явцтай танилцахдаа “Дэд бүтэц, цахилгааны асуудал нь ч шийдэгдээгүй байхад яагаад маш олон тэрбум төгрөгийн тендер зарлаж, хувийн компанид барилга барих эрх өгдөг юм бэ” хэмээн зэмлэж. Улмаар Ерөнхий сайд тухайн үеийн Эрүүл мэндийн яамны удирдлагуудыг шалгуулахаар АТГ-т өгөөд байгаа талаар эх сурвалж өгүүлэв.
Ямартай ч дөрвөн жил дуншсан IV төрөхийн төсөвт өртөг нэмэгдснээс болж Б.Ганзориг захирлын авсан бүх тендер ийнхүү шалгагдах болсон нь барилгын компаниудын захирлуудыг ч айлгаж байна.
Гэхдээ дэд бүтцийн асуудал нь шийдэгдээгүй IV төрөхийн тендер яагаад зарлагдав. Б.Ганзориг захирал улсаас зарлаж буй тендерүүдэд ямар зарчмаар оролцож ялалт байгуулж байсан нь хуулийн байгууллагынханы сонирхолыг татсан нь тодорхой.
Өөрөөр хэлбэл Б.Ганзориг захирал үнэхээр барилгын ченж үү, төсөвт өртөг хэтрүүлэгч “тендерийн акул” уу гэдгийг холбогдох газрууд нь шалгаж түүний гэм буруутай эсэхийг эцэслэн тогтооно.
Харин албаны хүмүүсийн хэлж буйгаар дээрхийн адил төсөвт өртөг нь нэмэгдсэн 110 гаруй барилгын дунд “Нийслэл өргөө” компанийн хэд хэдэн барилга байгаа тухай ам алдаад авна лээ.
Р.Саруул