Б.Жавхлан: Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх зардлыг ирэх оны төсөвт тусгасан

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өчигдөр /2023.11.08/ хуралдаж 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Ирэх оны төсвийн хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр “Төрийн албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү арга хэмжээнд 217.7 мянган төрийн албан хаагч, 499.2 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдах болно. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан малчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь тус тус төрөөс хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасан.

Боловсролын шинэчлэлийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах тэтгэлгийг ирэх оноос олгож эхэлнэ. 

Ирэх онд хүүхэд хамгааллын төсвийг  хүрэх үр дүн, гүйцэтгэлтэй нь уялдуулан 80 хувиар нэмэгдүүлж 14.3 тэрбум төгрөгт хүргэхээр  төлөвлөөд байна. Энэ нь хүүхдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангалттай бүрдүүлэхэд хүрэлцэхгүй хэдий ч салбар хоорондын уялдааг сайжруулах, орон нутгийн санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой хуваарилбал тодорхой үр дүн гарах боломжтой гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн дэмжиж хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк,  мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай арга хэмжээний төсөв болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаасанд зориулж  ирэх онд нийт 223.7 тэрбум төгрөг хуваарилна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн үр ашиг, ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлж, энэ хүрээнд төсвийн төсөлд нийтдээ 6.их наяд төгрөгийн хөрөнгийн зардлыг төлөвлөсөн нь ДНБ-ний 8.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зардлын 22.6 хувьтай тэнцэж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1050 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсэг төсөв өргөн мэдүүлэхийн өмнө бүх аймгуудад ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдэд иргэдийн саналыг авах, иргэдээр эрэмбэлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулсан билээ. Үүний дагуу хот, хөдөөгийн хөгжлийг хурдасгах, эрчим хүч, автозамын төслүүдэд  зориулж ирэх онд 1.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 154 төсөл, арга хэмжээний 593.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаад байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэх төдий бус харин хамгийн багадаа 1 жил, хамгийн ихдээ 3 жилд багтаан хэрэгжүүлж, ашиглалтад оруулах зорилт тавьж, үүний дагуу 2024 онд хамгийн багадаа 30 хувийн санхүүжилтийг тусгалаа.

Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, тэргүүлэх ач холбогдолтой бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээрээс томоохон төслүүдийг дурдвал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Чойбалсан Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төсөл, Улаанбаатар хотын ундны ус хангамжийг сайжруулах болон төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл болон арван аймагт дулааны станц барих төсөл зэрэг болно.”гэж байлаа.

Хуралдаан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтаар үргэлжлэв.

Тухайлбал, төсвийн тэнцэл сайжруулахтай холбоотой төсвийн орлогыг 590,761.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь  нь дэмжсэн.

Уг саналд “Олон жил хуримтлагдсан татвар нийгмийн даатгалын шимтгэлийн  төлбөрийн өрийг үе шаттай барагдуулж, төсвийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмж, төрийн үйлчилгээний зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2022 оноос өмнөх хуримтлагдсан өр төлбөрийг 20-иос доошгүй буюу 92,100.0 сая төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татварын хуримтлагдсан өр төлбөрийг 20-иос доошгүй хувь буюу 194,300.0 сая төгрөгөөр, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг 50-иас доошгүй буюу 256,361.3 сая төгрөгөөр тус тус барагдуулж, улсын төсвийн орлогыг 542,761.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх”, “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаас бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, цар тахлын үед төвлөрүүлээгүй ноогдол ашгийн үлдэгдлийг бүрэн дайчлах замаар улсын төсөвт 48,000.0 сая төгрөгийг нэмж төвлөрүүлэх”  хэмээн тусгасан байна.

Ажлын хэсгээс гаргасан төсвийн зардлыг 335,261.1 сая төгрөгөөр бууруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжив. Уг саналд “Нэгдсэн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төслийн нийт зарлагын Нийгмийн даатгалын сан, зээлийн хүүгийн төлбөр, үйл ажиллагааны орлогоос бүрэн санхүүждэг зардлаас бусад урсгал зардлыг 2.51 хувиар буюу 309,522.9 сая төгрөгөөр бууруулах”,“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасантай холбогдуулан Эрчим хүчний сайдын төсвийн багцын урсгал зардлыг 25,738.2 сая төгрөгөөр бууруулахаар тусгажээ.

Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврийн килограмм тутамд тооцон мөнгөн урамшуулал олгохоор төсвийн тооцоололд тусгагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн юм.

Ийнхүү ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …