С.Бямбацогт: Бүсийн нэмэгдэл юу болсон бэ, алслагдсан аймгуудад иргэд бүсийн нэмэгдэл олгох асуудлыг их сонирхож байна?
Н.Алтанхуяг: – Бүсийн нэмэгдлийн талаар ойлголтоо нэг мөр болгох хэрэгтэй байгаа юм. Бүтэн жил ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Бусад орнуудын нэлээд зайтай бүс нутагт ямар зохицуулалт байдаг юм бэ гэдгийг нь судалсан. Эдийн засгийн арга хэмжээ авч байгаа. Баруун гурван аймагт зах баригдаж байгаа. Нэг ам метр нь арван мянган төгрөг болно. Очоод түрээсийн төгрөгийг нь багасгаж байгааг бүсийн нэмэгдэл гэж ойлгож болно. Увс аймагт бензиний үнэ 80 төгрөгөөр хямдарч очиж байна. Баян-Өлгийд ч хямрахаар болж байна. Баруун аймгуудад гурил очихдоо тээврээс болж үнэ нь өсөөд байсан. Иймд баруун аймгуудад гурилын хангамжийг нэмэгдүүлэхийн тулд баруун аймагт тарьж буй улаан буудайн урамшууллыг 50 хувиар нэмэгдүүлнэ гэж шийдсэн. Тариалалтыг нь ингэж дэмжиж байна. Оношлогооны төвийг аймгуудад бий болгож байгаа. Ингэснээр аймгийн иргэд оношлогоонд орох гэж хот руу ирэхээ болино, зардал нь үгүй болно гэсэн үг. Баян-Өлгийд цементийн үйлдвэр баригдах ажил нь эхэлчихсэн байгаа. Хэрэв эндээс цементээ хангадаг болвол эдийн засгийн их ач холбогдолтой. Мөнгө өгч халамжлах тухай биш бэлэнчлэх сэтгэлгээг халах, ажил орлоготой болох, мөнгө олох боломжоор нь хангах л гэж байгаа.
Д.Оюунхорол: Баруун бүсийн хувьд хүмүүсийн амжиргаа нь муу байдаг. Баруун бүст ямар нэгэн байдлаар ажил хийхгүй юм байна. Мэргэшсэн төрийн албан хаагчид чинь баруун бүс рүүгээ явахгүй байна шүү дээ. Бэлэнчлэх сэтгэлгээнд сургах юм биш, хүмүүсийн амжиргаа дордсон байна. Үнэ тогтворжуулах 3 их наяд төгрөг чинь ямар ч нэмэр болоогүй юм байна. Ажил орлогогүй иргэд чинь 21 мянган төгрөгөөрөө амьдралаа авч явж байсан. Та бид хоёрын яриа зөрж байна. Энэ мөнгийг зорилтот бүлэгт нь өгөх хэрэгтэй. Ядуу зүдүү ангилалд багтаж буй 600 мянган иргэнд яагаад 21 мянган төгрөг өгч болохгүй байгаа юм бэ?
Н.Алтанхуяг: -Бэлэнчлэх сэтгэлгээг дэмжихгүй. Битгий уриалан дуудаад бай. Ядуу зүдүү байдал чинь олон жилийн урхаг шүү. Яаж энэ байдлаас гарах, ахуй амьдралыг нь дээшлүүлэх гэвэл бэлэнчлэх сэтгэлгээг халах ёстой. Хууль гаргаад нэмэгдэл өгөөд болчихдог юм байхгүй. Ийм буруу ойлголттойгоос баруун аймгуудын иргэдийн амжиргаанд 20 жил бодит өсөлт гарсангүй. Ирэх жилээс Баян-Өлгий автозамтайгаа холбогдчихно. Хатуу хучилттай зам ашиглалтанд орсноор ахуй амжиргаа сайжирна. Бид зорилттой ажил тавьж ажиллаж байна.
Д.Оюунхорол: -Ахмадын байгууллагыг хагалган бутаргасан тухайгаа тайлбар хийгээч?
Н.Алтанхуяг: – Ахмадын байгууллагыг бид хоёр хуваагаагүй. Ахмадын байгууллага дээр юу болсон юм гэвэл, Ахмадын чөлөөт холбоо нь ахмадыг төлөөлж ажиллах нь зүйтэй гэх бичиг илгээж тэр дагуу нь хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ахмадуудыг улс төржүүлж олон жил тоглосон. Танай намын Сүхбаатар, Баасандорж нар гар хөл барилцсан зураг хөрөгтэйгээ ирээд ахмадын хоёр байгууллага нь цаашид нэг байгууллага болж ажиллана гэдгээ хэлцгээсэн. Ахмадын байгууллагын хувьд Дархан, Сэлэнгэ аймагт үймүүлж байгаа зүйл бий.
Д.Оюунхорол: -Орон нутаг дахь засагдарга нарын томилгооны асуудлыг яагаад гацаагаад байгаа юм бэ?
Н.Алтанхуяг -Дорнод аймгийн засаг даргад нэр дэвшигчийг би томилохгүй гэсэн. Дараа нь Бадамсүрэнг засаг даргаар томилоогүй нь зөв гэсэн шүүхийн шийдвэр ирж миний зөвийг баталсан. Хөвсгөл аймгийн нэр дэвшигч Ганболдыг томилоогүй асуудалд нэгдүгээр сард шүүхээр заргалдсан. Шүүхийн шийдвэр сүүлд Ганболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гээд гарчихсан. Энэ хоёр аймагт та нар олонх юм чинь хуралдаад л хүнийхээ нэрийг гаргаад ир л дээ.
Ө.Энхтүвшин: -Бид асуулт асууж, Ерөнхий сайд маань маазарч, эсвэл бөөрөнхийлөөд жил гаруй болчихлоо. Энэ асуултын цагийг үр дүнтэй болгомоор байна. Ядаж нэг хоёр нь шийдэгддэг болох хэрэгтэй байна. Дөрвөн аймгийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм бэ. Өмнөх хүчингүй болсон хурал нь хуралдаж төсвөө баталсан сурагтай, тэгэхээр хуулийн алдаа болж байна. Дорнодын Засаг даргын хувьд шүүхдэж залхаад “эцэст нь надаас болж ажил цалгардаад яах вэ” гээд нэрээ татсан сурагтай. Дундговийн хүчингүй хурлын шийдвэрийг та хүлээж авсан юм байна, гэтэл өчигдөр тэнд хуралдаад өмнөх хурлын шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм билээ.
Н.Алтанхуяг: -ГовьАлтай аймагт Монгол Улсынн дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор “Сонгуулийн хороо МАХН-ыг сонгуульд оролцуулахаас үндэслэлгүйгээр татгалзаж, тус намын гишүүдийг үндэслэлгүйгээр оролцуулаагүй нь тогтоогджээ” гэсэн байна. Яагаад хуучин хурал нь болдог, яагаад шинэ хурал нь хуралддаг гэдгийг би мэдэхгүй, тэр дээд шүүхээсээ асуу. Энэ асуудал чинь засагт огтхон ч хамаагүй шүү дээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь аливаа асуудлаар шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй гэх бичиг ч миний өмнө байна. Дээд шүүхийнхээ тогтоолтой танилц, маргадаг хүнтэйгээ марга. Аймгийн хурлын асуудлыг битгийн засаг дээр ирж яриад байгаач.
-Үнэхээр таны хэлсэн шиг “иргэдэд маань цалин тэтгэвэр нэмэх гэсэн хүн алга” гэдэг үнэн үү?
-Н.Алтанхуяг: Ө.Энхтүвшин буруу ойлголттой байна. Та нүдэн дээр хүн гүжирдэх юм аа. 100 хувь халамжийн мөнгө хэрэггүй гэсэн хүн байхгүй гэж би хэлээгүй шүү дээ. Цалин тэтгэврийг нэмнэ шүү дээ.
-Улаанбаатарын утааг бууруулахын тулд яг ойрын хугацаанд юу юуг хийх вэ гэдгээ тодорхой хэлчих, гурван жилийн дараа үр дүн гарахгүй бол хариуцлага хүлээнэ гэх зүйл битгий ярь. Тэртэй тэргүй гурван жилийн дараа та яваад өгчихнө, ямар ч хариуцлага хүлээх боломжгүй.
-Н.Алтанхуяг: Хийх ажил олон байгаа. Дөрвөн жилийн хугацаанд хийх ажлаа хийсэн шиг хийнэ. Утаа ч бай, юу ч байсан хийсэн шиг хийнэ. Өнгөрсөн нэг жилд хийсэн шигээ дараагийн гурван жилдээ ажиллана. Бид мөнгө төгрөг идэж уух гэж ажиллаагүй. Хэчнээн гүжирдсэн ч бид хийдгээ хийнэ. Чардайтлаа зүтгэнэ. Бид эрүүл саруул шүүмжлэлийг минут секунд тутамд сонсоно. Шүүмжлэл гомдол бүрийг авна.
Чуулганы хуралдаан ийнхүү асуулт хариултаар үргэлжилж байна.