Г.Занданшатар:Өнөөдөр 117 вагон түлш, шатахуун хилээр орж ирнэ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Энэ үеэр танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, зарим зүйлийг тодруулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн “…амьд явах…” үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасан байдаг. Гэтэл түлш, шатахууны таслалдалаас үүдэн орон нутгийн иргэдийн эрүүл мэндээ хамгаалах, амьд явах эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна хэмээгээд иргэдийн амьд явах эрхийг хангах шаардлагын хүрээнд энэ чиглэлээр холбогдох талууд ямар ажил хийж, асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тодруулсан юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хариулахдаа “Түлш, шатахууны асуудал нь хүний эрхийн асуудал мөн үү гэвэл мөн. Ард иргэдээс түлшний хомсдол, хязгаарлалттай олгож байгаа асуудлаар гомдол хүсэлтүүд ирж байгаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлэл өгсөн. Түлш, шатахууны тээвэрлэлтийг зохицуулахаар ажиллаж байгаа гэдгээ С.Ганбаатар сайд хэлсэн. Намайг ОХУ-ын Төрийн Думтай холбогдож өгөөч хэмээн хүссэн. Энэ дагуу холбогдоод, өнөөдөр Засгийн газар хоорондын комиссын шинэ даргатай уулзлаа.

Өчигдөр орой “Төмөр замын нэвтрүүлэх нөхцөлөөс үүдэн тээвэрлэлт саатсан байж болзошгүй. Түүнээс ОХУ-ын зүгээс ямар нэгэн хориг, хязгаарлалт тавиагүй.

“Роснефть” компани бүрэн хэмжээгээр ханган нийлүүлэхэд бэлэн байгаа” гэдэг мэдээллийг надад өгсөн. Ингээд түлш, шатахууныг яаралтай ачуулахаар шаардлагатай зохицуулалтыг хийсэн байгаа. Өнөөдөр 117 вагон түлш, шатахуун хилээр орж ирнэ. Маргааш 54 вагон хилээр нэвтрүүлнэ гэх зэргээр нарийн графикыг танилцуулсан. Өнөөдрөөс 12-р сарын 02-ны өдрийн хооронд буюу ойрын дөрөв хоногийн хугацаанд нийт 350 вагон түлш, шатахууныг оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудал жигдэрнэ гэж үзэж байна.

Төмөр замын тээвэрлэлттэй холбоотой асуудлууд байсан учраас тус байгууллагаас хариуцах тусгай төлөөлөгч томилуулж, тодруулбал УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргад хариуцуулсан байна. Тус төлөөлөгч хаана саатаж байгааг тодруулж, хяналт тавьж ажиллах юм. Монголын талаас ч бас тусгайлан хариуцах албан тушаалтныг томилж түлш, шатахууныг тээвэрлэлтийн асуудлыг графикын дагуу явуулахаар тохирлоо. Ийм учраас ойрын хугацаанд түлш, шатахууны хангамжийн асуудал тогтворжино. “Роснефть” компани ямарваа нэгэн хориг, хязгаарлалтгүйгээр Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн” хэмээв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …