Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улсын шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирснийг Ерөнхий сайд тэмдэглээд авлигын эсрэг тэмцлийн үр дүнд шинэ 30 жил бодитоор эхлээсэй хэмээн нийгмээрээ хүсэж байгаг онцолсон.
Мөн авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад буйг тодотгоод муу нуухаар сайн илчил гэдэг. Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна. Энэ байдлыг зөвхөн олон нийт ч биш, олон улсад ажиглаж, Монгол Улсын гадаад орчны зарим үнэлгээнд сөргөөр нөлөөлсөөр байна. Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болсон гэдгийг тодотгосон.
Засгийн газрын тэргүүн, Авлигын асуудал шүүхийн шатанд ийнхүү замхарсаар, асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал ард иргэдийн хилэн асаж, эрхзүйт төрд эрсдэл учрах нийгмийн бухимдал бодитоор хуралдан бий болсныг Улсын Их Хурлын индрээс хариуцлагатайгаар мэдэгдэж буйг тодотгоод шүүхийн зарим удирдлага Ерөнхий сайдыгаа огцруулах санал хураалт хийж, шүүхэд шүүмжлэлтэй хандсан бүхэнд бухимдан хилэгнэхийн оронд өөрөө өөрийгөө шинэчлэх цогц реформыг цаг алдалгүй эхлүүлж, олон улсын түвшинд ёсзүй, ур чадвар, хүний нөөцийн хувьд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.
Улс орон бүхэн өөр өөрийн тулгамдсан асуудлаар дагнасан шүүх байгуулдаг нь нийтлэг жишиг. Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхийн 27 улс Авлигын дагнасан шүүхтэй байна. Авлига бидний тулгамдсан асуудал мөн л бол нэрэлхэлгүй тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг байх учиртай. Энэ нь шүүхэд итгэж буй итгэл бөгөөд авлигын эсрэг мэргэшсэн бүтцийг өөрсдөө бүрдүүлэх боломж бөгөөд дээд шүүхэд өгч буй эрх мэдэл биш хариуцлага хэмээн хүлээж авна гэдэгт итгэж байна.
Мөн шүүх засаглалын цалин хангамжийн асуудлыг Улсын Их Хурлын аль нэг Байнгын хороо шийддэг байж болохгүй гэсэн байр суурьтай байна. Харин итгэлцүүрийн дагуу засаглалууд өөрсдөө шийдвэрлэдэг байх нь олон улсын жишиг юм. Шүүгчидтэй аль нэг улс төрч, бизнесийн нөлөө бүхий хүмүүс протоколгүй, албан бусаар уулзахыг хуульчлан зохицуулах ч шаардлагатай байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн.
Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцэх явцад шүүн таслах үйл ажиллагаа явуулах өрөө тасалгаа, цахимжилт, сургалт судалгаа, хүний нөөцийн асуудлыг олон улсын түвшинд хүргэх зэрэг цогц асуудлыг тогтоолд тусгах нь зүйтэй гэж үзэж байна гэж байлаа.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөл батлагдсанаар холбогдон гарах зардлын тооцоог нийт 345,627,250.0 төгрөг болох тооцоо гарснаас хүний нөөцийн зардал 47,418,750.0 тэрбум, материалын зардал 297,308,500.0 тэрбум бусад зардал 900,000.0 сая төгрөг байхаар хууль санаачлагчид үзсэн бөгөөд уг хуулийн төслийг www.d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдаад Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, хуулийн төслүүд болон Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа, Н.Алтанхуяг, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авснаар чуулганы нэгдсэн хуралдааны үдийн завсарлага болсон тул төслийн талаарх асуулт, хариултыг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо.