Монголчууд “цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна” гэж хэлдэг шиг хамтлаг дуучид “үе үе нэг баяжина, шинэ жилээр үргэлж баяжина” гэдэг үгтэй гэнэ. Улс орны эдийн засгийн байдал хүндхэн, төрийн болон төрийн бус байгууллагууд ажилтнууддаа цалингаа бүтэн тавьж чадахгүйд хүрч байгаа эдийн засгийн хямралтай үе урлагийн одууд, хамтлаг дуучдад огт хамааралгүй бололтой. Тэд удахгүй болох шинэ жилээр байгууллага хамт олны шинэ жилийн арга хэмжээнд дуулах үнэ ханшаа нэгэнт гаргажээ. Гавьяат цолтой нэг нь 2-3 дууг 800 мянгаас -5.0 сая төгрөгийн үнээр дуулж байгаа бол зарим нь ганц дууг 2.5 сая төгрөгөөр дуулж байх жишээтэй. Хамтлаг дуучдын хувьд үнэ ханш дор бүрнээ л зэрэг зиндаа, олны танил, дууны урын сан зэргээрээ ялгарч өөр өөр байгаа бол хамгийн өндөр үнэтэй нь саяхан 20 жилийн ойгоо хийж, UB паласт 2 хоног тоглолтоо зохион байгуулсан “Хурд” хамтлаг юм. Тэдний 30-40 минутын тоглолтын үнэ хөлс нь 10 сая төгрөг гэнэ. Энэ мэтээр хамтлаг дуучдын үнэ ханш тэнгэрт тулсан өндөр байгаа нь ядарсан монголчуудыг хамтлаг дуучид шинэ жилээр далимдуулан ”шулж” байгаа мэт санагдана. Мөн энгийн аж ахуйн нэгж 10 сая төгрөгөөс дээш орлого олсон тохиолдолд 10%-ийн НӨАТ төлдөг хуультай бол эдгээр хамтлаг дуучид олж байгаа орлоготойгоо дүйцэхүйц НӨАТ-ийн татварыг төрд төлөх ёстойг ч анхааран үзэж, ажил болгох цаг нь болсон мэт.
Хэдийгээр албан газар байгууллагууд жилд ганц болох шинэ жилийнхээ арга хэмжээг хамт олныхоо сэтгэлд хоногшихуйц сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийг хичээх нь зүйн хэрэг боловч ийм өндөр үнэ ханштай хамтлаг дуучдыг шинэ жилийн арга хэмжээндээ хөлслөн авах хэрэг байна уу. Түүний оронд энэ зардлаараа шилдэг ажилтнууддаа өндрөөр шагнах, байгууллагынхаа хамт олныхоо дунд хөгжөөнт болон урлагийн тэмцээн зарлаж, бие биенээ хөхүүлэн урамшуулбал ямар вэ?
Мөн төрийн байгууллагуудын зүгээс шинэ жилийн арга хэмжээнний хамтлаг дуучдын зардалд их хэмжээний хөрөнгө гаргаж урлагийн номер, хамтлаг дуучдыг хөлслөн авч оролцуулдагийг болиулах нь зүйтэй. Татвар төлөгчдийн мөнгийг энэ мэт үргүй хоосон зүйлд зарцуулж, “дуучин” нэртэй, нийгэмд баялаг үйлдвэрлэдэггүй хэдхэн хүмүүсийн халаасыг түнтийлгэж байгаа эл байдлыг таслан зогсоох цаг нь хэдийнээ болсон санагддаг. Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон нийслэл хотын дарга Э.Бат-Үүл нар энэ асуудалд анхаарлаа хандуулж хяналт тавин, төрийн байгууллагууд урлагийн оддод зориулан төсвийн хөрөнгийг зарцуулахгүй байх уриалга гарган ажиллавал иргэдийн сэтгэлд нийцсэн хэрэг болно бизээ.
Эс бөгөөс татвар төлөгчдийн хөрөнгө мөнгө шинэ жилийн арга хэмжээнд 2-3 дуу дуулах хэд хэдэн хамтлаг дуучдын хөлсөнд үр дүнгүй зарцуулагдаж мэдэхээр байгаа юм.
А.Галт