“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 440 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дахь “М-Ти-Эс” группын “Сэлэнгэ тариа” ХХК-ийн тариалангийн талбайд ажиллав.

2023 онд улсын хэмжээнд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

Ингэснээр улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 17 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 18.3 хувиар, малын тэжээл 42.4 хувиар өсөх тооцоолол гарчээ.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд салбарын аж ахуйн нэгжүүдэд цаг үеэ олсон, бодит дэмжлэг үзүүлж, үр ашгийг нь хүртэж эхэлсэнд талархалтай байгаагаа “М-Ти-Эс” группын Ерөнхий захирал П.Бат-Эрдэнэ энэ үеэр хэлж байв.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурал 36 дугаар тогтоолыг баталж, ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хийхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу арилжааны 10 банк жилийн 3-5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт нэг их наяд төгрөг хүртэлх зээлийг үйлдвэр эрхлэгчдэд олгож байгаа юм.

Өнөөдрийг хүртэл нийт 1,700 гаруй аж ахуйн нэгж 440 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэх хөрөнгийн зээл аваад байна. Үүнд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 1,200 аж ахуйн нэгж багтаж буй бөгөөд нийт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн авчээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн юм.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …