Ц.Гансүлд:Авлигын хэрэг олон хүний оролцоотой, илүү зохион байгуулалттай, олон улс орон дамжин үйлдэгдэх болсон

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлдтэй авлига, албан тушаалын гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар  ярилцлаа.

– Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс 2022” үзүүлэлтээр 180 орноос 116 дугаарт жагссан нь сүүлийн 5 жилийн хамгийн муу үзүүлэлт гэдгийг “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” ТББ-аас энэ оны эхэнд мэдээлсэн. Тэгэхээр манай улсад Авлига, албан тушаалын гэмт хэргийн хэргийн гаралт өссөн гэсэн үг үү?

– Авлигын гэмт хэрэг нь иргэдийн төрд итгэх итгэл, шударга ёсыг алдагдуулж, аливаа улсын хөгжил дэвшлийн үйл явцыг сааруулан, улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлж байдаг. Гэтэл манай улс авлигын индексээр бүсийн авлига өндөр орнуудын тоонд багтаж байгаа нь анхаарлаас гаргаж болохгүй том асуудал юм.

Прокурорын газраас хяналт тавьсан авлигын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тухайлбал, энэ оны 11 сарын байдлаар гэхэд 1000 орчим гомдол, мэдээлэлд хяналт тавьсан нь 2022 онтой харьцуулахад 30 хувиар өссөн дүнтэй байна.

Гэмт хэргийг ихэнх тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдол, мэдээллийн үндсэн дээр шалгадаг. Мөн мөрдөх байгууллагаас өөрсдөө илрүүлсэн, хяналт, шалгалтаар тогтоогдсон зэрэг үндэслэлээр бас шалгаж болно.

Гэхдээ бүртгэгдсэн гомдол, мэдээлэл бүгдээрээ гэмт хэрэг болдоггүй. Тухайн гомдол, мэдээллийг шалгахад гэмт хэргийн шинжгүй, эсхүл хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан зэрэг үндэслэл тогтоогдож, прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хаах зэрэг шийдвэрийг гаргах үндэслэл болдог.

Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирсан, төрийн байгууллагын ил тод нээлттэй байдал нэмэгдсэн, мөн иргэд шударга бус зүйлтэй эвлэрэхгүй гэсэн хандлагатай болсон зэрэгтэй холбоотойгоор гомдол, мэдээллийн тоо өсөх хандлагатай байна.

– Хэргийн шийдвэрлэлт, шийтгэл хүлээсэн хүний талаар дэлгэрүүлбэл?

– Нийслэлийн прокурорын газраас 2023 оны эхний 11 сарын байдлаар хэрэг бүртгэлтийн 906, мөрдөн байцаалтын 312 авлига, албан тушаалын хэрэгт хяналт тавьж, 122 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Одоо тус хэлтсээс 840 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж байна.

Авлигын хэрэгт зөвхөн хээл, хахууль авсан, өгсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүд хамаардаг гэж иргэд өрөөсгөл ойлголттой байдаг. Энэ гэмт хэрэг нь илүү өргөн цар хүрээтэй. Төсвийн ба төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах, цаашлаад мөнгө угаах зэрэг гэмт хэргүүд мөн багтдаг.

Энэ онд тус газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэгт нийт 296 хүн, 5 хуулийн этгээдийг шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан.  Үүнээс 150 нь төрийн албан хаагч байгаа.  Тодруулбал, улс төрийн 9, төрийн захиргааны 24, төрийн тусгай 29, үйлчилгээний 88 албан тушаалтан байна.

2020-2023 онд тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдэд гэмт хэрэг үйлдэх үедээ Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 8 хүнийг шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

– Тоон үзүүлэлтээс харахад мөрдөн байцаалт явуулсан хэргийн 40 орчим хувь нь шүүхэд шилжсэн байна. тийм үү?

– Энэ онд мөрдөн байцаалт явуулсан 312 хэрэгт хяналт тавьж, 40 орчим хувийг буюу 122 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Энэ нь  өмнөх онтой харьцуулахад 51 хувиар нэмэгдсэн.

Авлига, алба тушаалын гэмт хэргийг бусад хэрэгтэй харьцуулахад шалгахад цаг хугацаа их шаарддаг онцлогтой. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг учраас түүнийг шалгаж тогтоох, хууль бусаар олсон орлогыг олж илрүүлэхийн тулд олон нарийн ажиллагаанууд хийх шаардлагатай болдог.

Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх арга улам боловсронгуй болж, олон хүний оролцоотой, илүү зохион байгуулалтын хэлбэрт шилжиж, олон улс орон дамжин үйлдэгдэх болсон.

Хамгийн гол нь өндөр мэдлэг боловсролтой, эрх мэдэл бүхий хүмүүс энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг учраас ул мөрийг маш сайн далдалсан байдаг. Багадаа нэг жил, цаашлаад 10 жилийн өмнө үйлдэгдсэн хэргийг шалгадаг тул мөрдөн шалгах ажиллагаа өргөн цар хүрээг хамарч, цаг хугацаа, хөрөнгө, хүч их шаарддаг.  Зөвхөн дансны хуулга, утасны лавлагаа зэрэг баримт бичиг шалгаад л тогтоогдчихдоггүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулах, гадаад улсад эрх зүйн туслалцааны хүсэлт илгээж, хамтран ажиллах, олон хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, хөрөнгө битүүмжлэх, хохирол төлүүлэх гээд тоочвол удаан хугацаанд шалгагдахад нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг.

 “Монгол Улсын Хөгжлийн банкны” 80 иргэн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт гэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад 62 удаа тусгай мэдлэг бүхий хүмүүсийг шинжээчээр томилон, санхүүгийн шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээ тус бүрд 2-165 хоногийг буюу дунджаар 23 хоногийг зарцуулсан бөгөөд дээрх 62 удаагийн шинжилгээг хийхэд нийт 1429 хоногийг зарцуулсан.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шат шатны прокурорт 425 удаа гомдол, хүсэлт гаргаж, хянан шийдвэрлэгдсэн, яллагдагч нарын таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүхийн хэлэлцүүлэгт 198 удаа оролцсон, хөрөнгө хамгаалах чиглэлээр 47 аж ахуйн нэгж, 61 иргэний 664 үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарлаж, нийт 251 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 43 үл хөдлөх хөрөнгө, 18 тээврийн хэрэгсэл, 2 үйлдвэрийн тоног төхөөрөмжийг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Энэ бүх ажиллагааг богино цаг хугацаанд хийж гүйцэтгэх боломжгүй.

Ер нь энэ төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч, хяналт тавих прокуророос хууль эрх зүйн болоод эдийн засгийн өндөр мэдлэг, ур чадварыг шаарддаг.

– Авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгадаг хэдэн прокурор ажиллаж байгаа вэ, ажлын ачааллын хувьд ямар байна?

– Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтэс нь Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилладаг.

Авлигатай тэмцэх газрын 60 гаруй мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэгт тус хэлтсийн 15-16 прокурор хяналт тавьж ажиллаж байна.

Эдгээр прокуроруудын ажлын ачаалал маш их. Нэг прокурор жилд дунджаар 150 орчим гомдол, мэдээлэл, хэрэгт хяналт тавьдаг. Жишээ нь, авлига, албан тушаалын нэг хэргийн материал хамгийн багадаа 5, дээд тал нь 500 орчим хавтас болдог. Нэг хавтаст хэрэгт 250 хуудас баримт, материал үдэгдсэн байдаг. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн дүүргийн шүүхүүдэд очиж хуралдаанд оролцох, шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргах гээд цаг хугацаа их ордог. Тэгэхээр мөрдөгч тэр олон хавтаст хэргийн материалыг бүрдүүлж шалгах, прокурор 1 хэргийг уншиж, шийдвэр гаргахад ямар их хүч, хөдөлмөр гаргадаг нь харагдах байх.

-Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хохирол нөхөн төлөлтийн талаар мэдээлэл өгөөч?

– 2023 оны эхний 11 сарын байдлаар Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан авлигын гэмт хэргийн улмаас улсад 11 их наяд 322 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 10 их наяд 52 тэрбум буюу 89% нь нөхөн төлөгдсөн.

Энд албан тушаалтнуудын бусдаас хахуульд авсан мөнгийг хурааж улсын орлого болгосон мөнгөн дүн бас орсон.

Мөн авлигын  гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлогыг гадаад улсад гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө угаасан байвал олж илрүүлэх, хураан авах, битүүмжлэх зэрэг ажиллагаануудыг хийдэг.

Тухайлбал, энэ онд Монгол Улсын нийтийн албан тушаалтан албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогоороо АНУ-д худалдан авсан 11.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр хаус, Англид авсан 4.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц зэргийг буцаан авч чадсан.

– Энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд тулгарч буй хүндрэлүүд юу байна?

– Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүндрэлтэй асуудлууд бий. Үүнээс онцолж хэлбэл, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын зарим гэмт хэргийг хууль хэрэгжүүлэгч нар харилцан адилгүй ойлгож, хэрэглэх явдал түгээмэл байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах суурь шалтгаануудын нэг болж байна.

Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэргийн зарим зүйл, заалтыг Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод заасантай нийцүүлэн тодорхой тусгах шаардлага бодитоор үүсч байна.

Цаашид Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан улсын тоог нэмэгдүүлж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдэн орсон , авлигын эсрэг бүс нутгуудын холбоонуудтай хамтын ажиллагааг дээшлүүлснээр гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө орлогыг хураан авах ажиллагаанд ахиц дэвшил гарна гэж харж байна.  Авлигатай тэмцэхэд хууль хяналтын байгууллагаас гадна иргэдийн оролцоо ч маш чухал гэдгийг онцлон хэлмээр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин 2023.12.08 №232 (7352)

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …